Замын ачааллыг буруулах журам иргэдэд хэрхэн нөлөөлсөн талаар судалгаа явуулав

Spoonmedia компаниас мониторингийн судалгаа хийжээ.

Улаанбаатар хотын 1.044.500 орчим гар утастай хүний дугаараас санамсаргүй байдлаар сонгон авч судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцогчдын 21.4 хувь нь тэтгэвэрийн болон оюутан сурагч, 78.6 хувьд ажил хийдэг хүмүүс байлаа. Эдгээр хүмүүсийн 59 хувь нь өөрийн машин болон таксигаар, үлдсэн буюу 41 хувь нь нийтийн тээврээр зорчдог хүмүүс байв. Судалгааг дөрвөн багц асуудлын хүрээнд явуулжээ.

Үүнд

1. Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих талаар

2. Тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялгаварлан замын хөдөлгөөнд оролцуулах талаар

3. Энэхүү ажлын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих сэдэл төрсөн эсэх талаар

4. Хөдөлгөөний аюулгүй байдал гэсэн цэнхэр хувцастай ажилчид иргэдэд тус болж байгаа талаар судалгааг багцлан хийсэн байна.

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх арга замын талаар бүрэн гүйцэт мэдээлэл авсан уу гэсэн асуултанд өөрийн болон таксийгаар хөдөлгөөнд оролцдог хүмүүсийн 91.1 хувьд тийм, 8.9 хувь нь үгүй гэж хариулсан бол нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцдог хүмүүсийн 88.9 хувь нь тийм, 11,1 хувь үгүй гэж хариулсан байна. Энд нэг сонирхолтой дүгнэлт гарсан нь мэдээлэл авсан хүмүүсийн дундаж нас нь 30, мэдээлэл муутай хүмүүсийн дундаж нас нь 22 байжээ.

Нэгдүгээр асуултад буюу Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих шийдвэр таалагдсан уу? гэсэн асуутанд нийт судалгаанд оролцогчдын 92 хувь нь тийм гэж хариулсан байна. Харин хоёрдугаар асуултанд 89.2 хувь нь улсын дугаараар ялгах нь таалагдсан байна. Тэгвэл гуравдугаар асуулт буюу Энэхүү ажлын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих сэдэл төрсөн эсэх талаар асуухад судалгаанд оролцогчдын 78 хувь нь нийтийн тээврээр зорчих нь ихэссэн гэж хариулсан аж. Дөрөвдүгээр асуултанд 75.1 хувь нь ХАБ цэнхэр хувцастай ажилчид тус болж байна, 6.6 хувь нь мэдэхгүй, 6.6 хувь нь нэмэр болдоггүй, 2.3 хувь нь буруу гэрлээр явуулаад байдаг, 0.6 хувь нь тухайн хүнээс шалтгаалаад янз янз байдаг, 0.6 хувь нь зөвхөн төв замаар бус бусад замаар байх хэрэгтэй гэж хариулжээ.

Тухайн судалгааг Spoonmedia компани ямар нэгэн захиалагчгүй хийсэн байна.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button