Хуурамч наалт зарсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
![](/wp-content/uploads/upload/oldolloo/oyutnii_visa.jpg)
тойрсон асуудлаар Монголын оюутны холбооны Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас дараах хэдэн зүйлийг тодрууллаа.
-Энэ жил автобусанд үнэгүй зорчих оюутны тoo нэмэгдсэн ч наалт хүрэлцээгүй гэсэн оюутнуудын гомдол их байна?
-Өнгөрсөн жил 96 мянган оюутан үнэгүй зорчиж байсан. Боловсролын яам, Нийтийн тээврийн газар, Том оврын автобус эрхлэгчдийн холбоо, МОХ гэсэн дөрвөн байгууллага хэлэлцэж, тохиролцож байж энэ жил 113 мянган оюутан үнэгүй зорчихоор болсон. Одоо суралцаж байгаа оюутнуудад хангалттай тоо гэж үзэж байгаа. Нийслэлд 140 мянган оюутан суралцдаг. Эдгээрээс 15 мянган оюутан нь дотуур байранд амьдардаг нийтийн тээврээр зорчих шаардлагагүй, 113 мянга нь үнэгүй зорчино. Үлдсэн тодорхой тооны оюутнууд нь хувьдаа машинтай байгаа. Харин сургуулийн оюутны холбоод оюутнууддаа наалтаа зөв хувиарлах юм бол үнэхээр 113 мянган оюутанд хангалттай хүрэлцэнэ.
-Тэгвэл гадуур наалт дамлаж зарах явдал газар авч байна гэх юм. МОХ-оос үүнд ямар хяналт тавьж байгаа вэ?
-Наалт бүр дээр серийн код байгаа. Кодыг нь шүүгээд үзэхээр хэддүгээр курсын хэн гэдэг оюутанд очих ёстой наалт вэ гэдэг нь тодорхой харагдана. Дамлаж, хуурамчаар үйлдвэрлэж зарах асуудал гарч байгаа нь үнэт цаасыг хуурамчаар үйлдэж байна гэсэн үг. Ийм тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Манайх Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Twitter, Face book, TҮ Chat, сайтууд дээр байгаа наалт зарна гэсэн зарын бүх утас руу яриад, бүгдийг бариад хууль хүчний байгууллагад шилжүүлэн шалгаж байна. Оюутнууддаа хандаж хэлэхэд хэрвээ наалт авах гэж байгаа бол сургуулийн оюутны холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс авах хэрэгтэй. Өөр хүнээс авбал тэр нь хүчингүй гэсэн үг.
-Саяхан Монголын оюутнууд эрхийн өдрөөрөө жагсч нийслэлийн Засаг даргад албан шаардлага хүргүүлсэн. Та нарт тодорхой хариу ирсэн үү?
-Жагсаалын үр дүн гарсан. Засаг дарга Э.Бат-Үүл өмнөх Засаг даргын гаргасан алдаатай шийдвэрийг цуцлахаар болсон. Bluemon групп Монголын оюутны талбайг авто зогсоол хэлбэрээр ашиглаж байсан.Тэд өөрсдийн хөрөнгөөрөө тохижуулж өгөхөөр болсон. Мөн барилгын ажилтай Засаг даргын орлогч очиж танилцсан. Үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон. Ер нь оюутны гэх тодотголтой бүхнийг авч үлдэхийн тулд шат дараатай ажлуудыг өрнүүлнэ. Цаашдаа оюутнуудын нийгмийн асуудлыг шийдэх суурь боломжийг нь нээж өгөхөд анхаарна.
-Оюутнууд цагийн ажил хийх боломж хомс байдаг. Энэ тал дээр танайхаас хэрхэн тусалж, дэмждэг вэ?
-Оюутнууд цагийн ажил хийлээ гэхэд хууль эрхзүйн орчин нь бүрдээгүй байдаг. Нэг ёсондоо цагийн ажил хийлгэлээ гэхэд ажил олгогч, ажилтан хоёрын хооронд маргаан үүсэхэд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах боломж байдаггүй. Тиймээс энэ асуудлыг Хууль зүйн яамтай ярилцаж, тодорхой болгоно.
-МОХ-оос улсын томоохон сургуулиудыг авилга авдаг хэмээн олон нийтэд зарласан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Улсын томоохон хэдэн сургуулиудыг авилга авдаг, хандивын ангийн талаар сөхсөн. Сүүлийн арван жилд энэ явдал цэцэглэн хөгжжээ. Их сургуулиуд хандивын ангийн данс нээлгээд, мөнгө хуримтлуулаад, журам гаргаад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ асуудлыг Авилгатай тэмцэх газарт шалгуулсан. АТГ-аас бидэнд МУИС бол хууль бус үйл ажиллагаа явуулсан. Нэг ёсондоо авилга авсан нь тодорхой болсон гэдэг хариуг ирүүлсэн. Тэгэхээр хандивын анги гэдэг зүйл байхгүй болно. Цаашдаа ЭМШУИС, Дотоод хэргийн их сургууль гээд томоохон сургуулиудыг АТГ-тай хамтарч шалгалт хийнэ.
-МОХ-ыг шинэчлэх хэрэгтэй мэдээлэл хийсэн. Энд ямар байр суурьтай байгаа вэ?
-МОХ-ын дүрмэнд хоёр жилд нэг удаа чуулган хуралдуулна гэсэн байдаг. Өнгөрсөн чуулган 2010 онд хуралдаж байсан. Харин дүрмэндээ яг хуралдах cap өдрийг бол заагаагүй байдаг. Энэ жилдээ чуулган хуралддагаараа хуралдана. Зарим хүмүүс улс төр хийж байна. Тэр түр зөвлөлд хяналтын зөвлөлийн нэг гишүүн байдаг. Бусад нь сургуулиа төгсчихсөн залуучууд байгаа. Тэд оюутны төлөө, тэдний арга хэмжээнд нэг ч удаа оролцож байгаагүй мөртлөө албан тушаалын төлөө хэвлэлийн бага хурал хийгээд явж байна.
-Одоо оюутнуудад хандсан ямар ажлуудыг зохион байгуулах гэж байна?
-Бид оюутнуудынхаа нийгмийн асуудлыг шийднэ. Хөдөлмөр эрхлэлтийн хуулийг тодорхой болгоно. Мөн номын санг нь нэмэгдүүлж барина. Энэ жил 1000 оюутны байр ашиглалтад орж байгаа. Дотуур байрны стандартыг гаргасан. Мэдээж урлаг спортын наадам, бүтээлийн үзэсгэлэн гарна.
Ж.ГАНЦЭЦЭГ