Мод бүр эзэнтэй болно
Үүнээс харвал хоёр хүнд нэгхэн мод ноогдож байна гэсэн үг юм. Ийм байхад хот ногоон байна гэдэг хэцүү. Ногоон битгий хэл тоосонд дарагдсан үнсэн саарал хот болоод байгаа. Уг нь дүүргүүдэд хотоо тохижуул гэж жил бүр хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг. Гэтэл энэ мөнгөөр нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон талбай биш хэдэн усан оргилуур, баримал, хөшөө л барьж орхидог. Энэ нь дүүргийн Засаг дарга нарын хувьд ногоон тохижилт. Өнгөрсөн жил гэхэд 18 тэрбум төгрөгийг хотын тохижилтод төсөвлөсөн. Гэвч дүүргийн Засаг дарга нар энэ их мөнгийг ганц хөшөө босгоход зарцуулж байна. Ийм учраас нийслэлчүүд тоос шороон дунд, утаагаар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах зайлшгүй шаардлага гараад буй. Энэ ч үүднээс өчигдөр нийслэлийн Иргэний танхимын ээлжит хуралдаанаар хотын ногоон байгууламжийн тухай асуудлыг хөндлөө.
АНХНЫ МОДЫГ 1930 ОНД УЛСЫН БАНКНЫ УРД СУУЛГАЖ БАЙЖЭЭ
Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах асуудлыг 1924 оноос ярьж эхэлсэн байна. Ингээд 1930 онд анхны мод болох лавр навчит анхилуун улиасыг Улсын банкны урд суулгаж байжээ. Өдгөө энэ мод 80 гаруй настай. Гэтэл 80 гаруй жил өнгөрөөд байхад Улаанбаатарын нийт талбайн 30 хувь нь л тусгай зориулалтын буюу Туул, Сэлбэ голын орчмын ногоон байгууламж гэнэ. Түүнчлэн нийт талбайн 23 хувь нь л амралт зугаалгын чиглэлээр тохижуулсан ногоон байгууламж аж. Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгийг тохижуулахаар нэгэн компани худалдаж авчээ. Гэтэл авсныхаа дараа банкны зээлэнд хураалгаад алга болсон гэнэ. Ийм байхад хот хэрхэн хөгжих билээ. Ногоон байгууламжийг сэргээн сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлэг хийж буй нь зөв. Ирэх жилийнхээ ногоон байгууламжийг хаана байгуулах, хэчнээн мод тарих, хэн арчлах гэсэн асуудлыг ярьж буй нь сайшаалтайг нийслэлийн удирдлагууд хэлнэ билээ.
ГЭР ХОРООЛЛЫГ НОГООН БҮС БОЛГОНО
Ногоон байгууламж бидний эрүүл мэндтэй зайлшгүй холбоотой. Тоос шороогүй, утаагүй цэвэр агаараар амьсгалж байж бид эрүүл амьдарна. Энэ нь хүн бүрт хамаатай асуудал. Тиймээс нийслэлийн иргэд энэ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцжээ. Тэд өөрсдийн бухимдлаа илэрхийлэхийн сацуу, юу хийх хэрэгтэй байгааг ч сануулаад амжсан. Үнэтэй зөвлөгөө өгч байсан иргэн ч цөөнгүй байлаа. Иргэн Д.Пүрэвдорж Тарьсан модныхоо тоог харвал Улаанбаатар аль хэдийнэ ногоон болсон. Гэтэл тарьсан мод нь ургадаггүй. Тиймээс одоогийн байгаа ногоон байгууламжийн зургийг гаргаж, тооллого явуулмаар байна. Тэгээд мод сөөгийг индексжүүлэх нь зүйтэй. Тэгж байж мод хариуцдаг эзэнтэй, хамгаалдаг хүнтэй болно. Мод эзэнтэй болчихвол арчилгаа нь ч сайжирна, хэн дуртай эрхэм нь очоод тасдаж унагаагаад байхгүй шүү дээ. Мөн хувийн компаниудад хариуцуулаад өгчих гэсэн. Харин иргэн Санжмятав Ногоон бүс, хүрэн бүс гэдгийг ялгаж ойлгох ёстой.
Нийслэлийн ихэнх нь хүрэн бүс. Хүрэн бүс гэдэг нь шарилж, хогийн ургамалтайг хэлж буй юм. Замынхаа хажууд зүлэг тарьдаг хот манайхаас өөр байхгүй. Зүлэгнээс нарийн тоос ялгардаг. Хэрвээ машины утаатай нийлээд уушгинд орвол аюултай. Гандангийн дэнж гэж айхавтар тоосны бүс болсон. Тиймээс ногоон бүсээ гэр хороололдоо хийе хэмээн уриалсан. Түүний энэ урилга олон хүний дэмжлэгийг авч, хэлэлцүүлэгт оролцогчид алга ташин хүлээж авсан. Мөн иргэд Хотын ногоон байгууламж бизнес болсон. Хятадаас мод оруулж ирж байна. Ийм байж болохгүй гэж байсан. 12 жилийн дараа нийслэлийн усны хангамж байхгүй болно гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын усыг ховх сорьж байгаа архи, пивоны үйлдвэрүүдийг хотоос гаргаж, Хэрлэн голын хөвөөн дээр аваачвал яасан юм бэ гэсэн санааг ч дэвшүүлнэ билээ.
ЗӨВХӨН МОНГОЛДОО НУТАГШСАН МОДЫГ Л ТАРЬЯ
Энэхүү хэлэлцүүлгээс бүх хүн ногоон байгууламжийг төлөвлөлттэй сайжруулах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн. Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга Аюулгүй Улаанбаатарын бүрэлдэхүүн хэсэг нь яах ар тгагүй ногоон байгууламж. Бид нэг их ухаан зараад байх асуудал биш юм байна. Нэгдүгээрт хотынхоо ногоон байгууламжийн зургийг гаргая. Тооллогоо дахин хийе. Тэгээд модыг тодорхой эзэнтэй болгоё. Энэ жил мод тарьчихаад дараа жил нь зам барина гэж модоо огтлох төлөвлөлт биш. Тиймээс хаагуур зам тавих, мод тарихыг сайн төлөвлөх ёстой. Мөн зөвхөн Монголдоо нутагшсан модыг тарья. Хятадаас вагоноор мод авчруулаад зардаг л юм билээ. Хэзээ ч ургахааргүй мод харагдаж байсан. Гэтэл манай монголчуудад маш их суулгац байна. Үүнийгээ л таримаар байна. Хотын 60 хувь нь гэр хороолол. Тиймээс гэр хорооллыг ногоон болгоход анхаарах хэрэгтэй хэмээн иргэдэд урам өгөв.
Б.Азаа