Спортын сэтгүүлч шог зургийн үзэсгэлэнгээ дэлгэн тавилаа
Үүнийг уран бүтээлийнх нь анд нөхөд, шог зураг сонирхдог жирийн үзэгч олноор үзэж байна. Л.Мөнхбатын уран бүтээлийн сэдэв өргөн болохоор энэ удаа спортын сэтгүүлчийнх нь хувьд дэлгэн тавьсан зарим бүтээлийг нь сонирхуулъя.
Тэрбээр спортын хорхойтон, тэр дундаа чөлөөт бөхийг гойд сонирхдог. Чөлөөт бөхийн тухай ярихаар нүд нь сэргэж олимп, дэлхийн аваргууд, медальтнууд, Монголын бөхчүүдийн тухай эрт эдүгээ, өнөө цагийн явдлыг дуусахгүй хүүрнэдэг. Нэрт дасгалжуулагч А.Басхүү, С.Магсар, Х.Намшир, алдарт бөх Л.Сэргэлэнбаатар, О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр нартай дотно харилцаатай байдаг тэрбээр чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний бөхийн улсын начин, гавьяат тамирчин Лу.Энхбаяртай үерхэж байсан. Гавьяат дасгалжуулагч А.Басхүү МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах байх өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үед түүнийг Холбооныхоо орон тооны бус хэвлэлийн ажилтнаар ажиллуулж байлаа.
Л.Мөнхбат 1993 онд Улаанбаатарт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн, жил бүр болдог байсан Монгол говь, насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийнхний УАШТ, нэрэмжит тэмцээнийг сурвалжилж, Улаанбаатарын мэдээ, Үг, Өдрийн сонин-д тогтмол нийтлүүлдэг байсныг нь чөлөөт бөх сонирхогчид мартаагүй ээ. Таван цагираг сонинтой өрсөлдхүйц, долоо хоног тутмын Спорт ньюс сониныг эрхлэн дөрвөн жил гаргаж үзсэн. Улсын гарьд Б.Гантогтохыг 1994 оны наадамд сумын заанаас шууд улсын заан болж, од болон гялалзах үеийн гэрэл зургийг тэргүүн нүүртээ нийтлүүлсэн дугаар нь дорхноо борлогдож байсан удаатай.
Л.Мөнхбат Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн нэг ангийн төгсөгч, Оюуны-Ундраа компанийн захирал С.Отгонбаяртай хамтран 1995 онд бөхийн спортын гавьяат дасгалжуулагч нарын алдрыг тэмдэглэх өдөрлөгийг Хүүхдийн паркийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байв. Гавьяат дасгалжуулагч А.Басхүү, Д.Баатаржав, Б.Гэлэг, С.Магсар, Ч.Машбат, Х.Намшир, Ч.Насантогтох, Г.Пүрэв- Очир, О.Цэрэндагва нарыг урьж оролцуулж байсан юм.
Л.Мөнхбатад зууны манлай дасгалжуулагч С.Магсарын 1968 онд Мексикийн Мехико хотод болсон зуны олимпийн наадмын үед хөтөлж байсан есөн хуудас тэмдэглэл байдаг. Тэрбээр манай улсын спортын түүхийн нэгэн сонирхолтой баримт болох энэхүү тэмдэглэлийг Монголын олимпийн музейд өгөх бодолтой яваа. Түүнчлэн дархан аварга Д.Дамдины бичиж өгсөн Хөвсгөл аймгийн бөхчүүдийн тухай танилцуулга, дархан аварга Ж.Мөнхбатын 30-аад жилийн өмнө бичиж өгсөн дурсамж ч гэсэн түүнд хадгалаастай.
Түүнийг 1988 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуульд хүүхдийн номын график-дизайны ангид суралцаж байхад охинтой болсон тухай мэдээ иржээ. Баярт мэдээ дуулсан Л.Мөнхбат дүн өвлийн арванхоёрдугаар сард Буянт-Ухаа-д онгоцноос дан пиджактай бууж байснаас хойш олон жил өнгөрсөн байна. Өдгөө өвөө болж, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, хүнд үзүүлэх уран бүтээлтэй болсон. Цаашид ч их зүйл бүтээх зориг тэмүүллээр дүүрэн явна.
Д.Есүхэй