Хот төлөвлөлтийг зад дайрсан их нүүдлийн уршиг

Тэр үед Улаанбаатарт цагт тав, өдөрт 40 өрх нүүж ирж байсан гэдэг. 650 мянгаас илүү хүн суурьшуулахгүй гэсэн хот төлөвлөлтийг зад дайрсан энэ их нүүдэл өнөөгийн замбараагүй хотыг бий болгосон. Үнэндээ манайх шиг нийт хүн амын гуравны нэг нь нийслэлдээ амьдардаг улс хаана ч байхгүй. Уг нь энэ их уудам зайд багталцахгүй гэхийн зовлон монголчуудад байхгүй. Гагцхүү хүрээ бараадвал амьдрал сайжирна, их, дээд сургуульд л сурчихвал хүнээс дутахгүй гэсэн ойрмог бодол тэднийг нааш нь татсан хэрэг.

Үндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн амьдрах газраа чөлөөтэй сонгох эрхтэй гээд заачихсан учраас хөдөөнийхнийг хотод шилжин ирэхэд квот тогтоох боломжгүй юм. Хуучин Шар хад, Маахуур, Цагаан даваа, Цагаан хуаран, Баянхошуу, Толгойт гээд хэдхэн гэр хороолол байлаа. Тэр үед хүн амын ихэнх нь байшин хороололд амьдардаг байсан. Гэтэл одоо Улиастай, Хужирбулан гээд хүн ам суурьшаагүй газар алга. Хүн амын 60-аас дээш хувь нь гэр хороололд амьдарч байгаа болохоор байгаль экологи, эрчим хүчний хангамж гээд бүх чиглэлээр даац хэтэрч байна. Үүнийг дагаад утаа, бохир орчин үүсч үндсэн хуулинд заасанчлан хүн амын эрүүл амьдрах нөхцлийг хангах асуудал ч алдагдав. Үнэндээ бид өвөлдөө утаа, зун болохоор шороон ордонд л амьдарч байна.

470 га газарт сая гаруй хүн амьдрахад газар нутаг хангалттай ч шилжилт хөдөлгөөнийг дагаад маш олон асуудал урган гарч ирлээ. Нийслэлд замбараагүй байдал, гэмт хэрэг, зөрчил ихсэж, төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургуулийн ачаа нь даацаасаа хэтрэв. Захын хорооллын сургуулийн нэг ангид л гэхэд 40-50 хүүхэд сурах болсон. Нэг ширээнд гурав, дөрвөөрөө чихцэлдэн сууж буй хүүхдүүд юу сурах вэ гээд асуудал ундрах нь тэр.

Цаашлаад энэ их нүүдлийн уршгаар ажилгүйчүүд, ядуусын тоо нэмэгдэв. Хөдөөнөөс шилжин ирэгсдийн ихэнх нь боловсролын түвшин доогуур, учраас ажил олдохгүй, олдсон ч бага цалинтай байгаа нь нууц биш юм. Зөвхөн нэг хороон дээр хийсэн судалгаагаар 96 хувь нь хөдөөнөөс шилжин ирэгсэд байна.

Тус хорооны ядуу хүмүүсийн 88 хувь, гэр оронгүй хүний 55 хувь, сургууль завсардсан таван хүүхдийн гурав нь хөдөөнийхөн аж. Түүнчлэн цэргийн бүртгэлд хамрагддаггүй, сонгуульд санал өгдөггүй иргэдийн дийлэнх нь хөдөөнийхөн хэмээн хорооныхон хэлж байсан. Засаг захиргааны хаягжилт хийлгээгүй, шилжилт хөдөлгөөний хууль, журам зөрчсөн хүний 98 хувь нь хөдөөнөөс шилжин ирэгсэд аж.

Эндээс үзэхэд амьдрал хөөн нийслэл рүү ирсэн тэдний хувь заяа үнэхээр бүрхэг байна. Ажилгүйдэл, ядуусын эгнээг тэлж буй эдгээр хүмүүс болох бүтэхгүй зүйлд холбогдсоор байгааг хууль хяналтынхан ч хэлж байна. Тухайлбал ноцтой гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь хөдөөнийхөн аж. Энэ мэт хөдөөнөөс шилжин ирсэн хүмүүс их хотын амьдралд хөл алдан борог амьдралын нугачаанд хэрхэх ээ мэдэхгүй явна. Уг нь тэд хөдөөг орхин хөгжил дагаж их хүрээг зорин ирсэн ч Сахил аваад шал дордов гэгчээр хотын амьдрал тэс өөрөөр угтав.

Б.Ариунзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button