Боловсролыг хөгжүүлж, шинжлэх ухааныг чиглүүлэх гурав

тус намынхан эвслийн Засгийн газарт ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийг урьсан болохоор дуртай, дургүй ч бялуугаа гурван хэсэг хувааж буй. Зүсмийнх нь хувьд том, жижгийн ялгаа бий л дээ. Хамтрагч талуудын төлөөллийг хангахын тулд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж яамдын тоог 16 болгон, тэр хэмжээгээрээ сайдын суудал ч дагаад өссөн. Төрийн яамд, томоохон газрууд, улсын үйлдвэрүүдийн удирдлагад тал талын төлөөллөө харилцан тохиролцсоны үндсэн дээр тавьж буй шинэчлэлийн Засгийн газрын яамд дотроос Боловсрол, шинжлэх ухааны яаманд Ардчилсан нам дангаараа эзэн суусан гэхэд болно.

Тодруулж хэлбэл Ардчилсан нам дотроо Нэг ардчилал фракцынхан. Сайдаар нь УИХ-ын гишүүн Л.Гантөмөр томилогдсон. Нам доторх залуучуудын гэгддэг Нэг ардчилал фракцын толгойлогч. Ардчилсан намын амбийцтай, аргатай, бас чадалтай залуучуудын нэг. Ард түмэнд таалагдах имижийг сайн бүрдүүлж, үе үе өөрийн нэрийн пиарыг хийж чаДдаг. Анхныхаа парламентад сууж байхдаа дарга нарын тарган жийпийг хурааж, төсвийн мөнгийг хэмнэх санаачилга гаргаж, өөрөө гудманд гар өргөж зогсоо зургаа хүртэл татуулж байлаа. Гэхдээ халаасанд нь явдаг хэлхээтэй олон түлхүүрийн дунд жийп машиных байдаг л юм хэмээн ойрынх нь эх сурвалж ам алдаж байсан удаатай. Харин өмнөх УИХ-д дэвшүүлсэн гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх санаа нь овоо газар авч, амжилттай акци болон өрнөсөн. Харин энэ удаа бодлого тодорхойлж салбар толгойлох үүрэг хүлээсний хувьд өмнөх шигээ улс төрийн шоу тоглож амжихгүй болов уу.

Боловсролын салбарын бодлогыг Л.Гантөмөртэй хамт Б.Ургамалцэцэг тодорхойлолцож буй. Ардчилсан намын нарийн бичгийн даргаас дэд сайдын суудалд дэвшсэн түүнийг зүс таних ч намтар түүхийг нь хүмүүс төдий л сайн мэдэхгүй. Намын дарга Н.Алтанхуягийн фракц Алтангадас-ын гишүүн тэрбээр анхнаасаа Ардчилсан намын арын албанд зүтгэдэг байсан гэдэг. Харин өнөөдөр Ардчилсан намын хоёрдугаар ээлжийнхэнтэй хамт хоолонд орж байна. Тэрбээр Багшийн их сургуулийг сурган, сэтгэл судлалын мэргэжлээр төгссөн. Хожим АНУ-ын Бридж портын их сургуульд боловсролын мастер хамгаалсан. Тус нам дотор дэд сайдын төлөөх ширүүн өрсөлдөөн Б.Ургамалцэцэгээс холуур өнгөрсөн. Түүнд наагуур цаагуур гүйгээд байх шаардлага байсангүй, намын даргын нөмөр нөөлгө энэ хатагтайд сайдын суудал шууд бэлэглэсэн.

Сүхбаатар дүүрэг буюу УИХ- ын сонгуулийн 23 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ гэгч залуу ажилласан. Харин өнөөдөр БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч. Төрийн сонгуулийг намдаа ашигтайгаар зохион байгуулсныхаа шанд улс төрийн томилгоо өвөртөлсөн. Сүхбаатар дүүрэгт өдгөө Боловсрол, шинжлэх ухааны сайд болчхоод буй Л .Гантөмөр нэр дэвшиж, ялалт байгуулсан юм. Ш.Булга-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн даргаараа томилуулсан нь сонгуульд ялалт байгуулахад гүйцэтгэсэн үүргийг нь үнэлсэн хэрэг байж мэднэ. Ш.Булга-Эрдэнийн хувьд ИНЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд, Л.Гантөмөрийн Нэг ардчилал клубийн гишүүн. Өмнө нь ЗТАЖЯ- ны ТЗУГ-ын орлогч дарга, ИНЕГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Нисэх буудлын үйлчилгээ хариуцсан дэд дарга зэрэг албыг хашиж байжээ. Ийм л гурван хүн Монголын боловсролыг хөгжүүлж, шинжлэх ухааныг чиглүүлэхээр болж байна.

Б.Энхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button