СӨХ-ны эрх мэдэл дутаж байна

Гаднаа машины зогсоол битгий хэл хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэггүй барилгаас болж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Энэ талаар өчигдөр Баянзүрх дүүргийн Натур худалдааны төвийн өмнөх талбай дахь O&BN компанийн барьж ашиглалтад оруулсан барилгын талаар сурвалжлав. Хотын А зэрэглэлийн энэ бүст битүү тоос шороо бужигнасан орчин угтсан юм. Энэ байрны чанар стандартын талаар тус байрыг хариуцсан Шовх сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Батсүхтэй уулзаж ярилцлаа.

-Энэ шинээр баригдсан байрнууд нийтийн эзэмш­лийн талбайгүй тул иргэд бухимдалтай байдаг юм байна. Энэ талаар танай байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл хүнд байгаа нь үнэн. 87, 89 дүгээр байрыг О&BN компани барьж, гурван жилийн өмнө ашиглалтад өгсөн. Энэ барилгыг барьж байх үед нийтийн эзэмшлийн талбай, орчны асуудлаар шаардлага тавихад Танай байр ямар ч нийтийн эзэмшлийн талбай гаргах боломжгүй худалдаж авсан газар дээрээ л барьсан гэж ярьдаг. Сууц өмчлөгчдийн холбооны хууль 2008 онд батлагдаж эрх зүйн орчин бүрдсэн. Бид хуулийнхаа хүрээнд ажиллаж байна. Хуулинд заагдсанаар СӨХ нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшдэг. Энэ дотроо цэвэрлэгээ, үйлчилгээ, лифт, мөн хогны асуудлыг хариуцдаг байгууллага. Барилгын орчин тойрны асуудлаар холбогдох газруудад мэдэгдэж байсан. Мөн НИТХ-ын дарга Д.Баттулгад албан бичиг өгсөн. НМХГ, НОБГ гээд холбогдох газруудад удаа дараа мэдэгдэж байсан боловч тусыг олоогүй.

-Иргэдээс газрыг нь худалдаж авчихаад барилгаа барьчихсан хэрнээ газрын маргаан үүсээд байдаг нь ямар учиртай юм бэ?

-Барилга баригдсан энэ хавьд газрын асуудал хүнд байгаа. Хуучин гэр хорооллын газрыг худалдаж аваад газар дээр нь компаниуд барилга бариад эхэлсэн. Тухайн үед ямар ч зохион байгуулалтгүй байсан. Одоо 87 дугаар байрны зүүн талд бас дөрвөн айлын газар дээр барилга баригдана гээд байгаа. Цаад талд нь Оорцог уул гэдэг компани 80 айлын барилга барьж байгаа. Тэр барилгын ажлын дуу чимээ, хүнд даацын машинууд өдөр шөнөгүй яваад ойр орчны зам эвдрээд байна. Ер нь хүнд даацын машин явах орчин нөхцөлийг тодорхойлсон хууль байдаг. Энэ мэт асуудал дээр СӨХ-ны эрх мэдэл хүрдэггүй. Үг хэлэхээр Та яахаараа ном журмын дагуу явж байхад ингэдэг юм бэ гэдэг. Өнгөрсөн долдугаар сард бохирын шугамыг хүнд даацын машин мөргөж хагалаад бөөн бохир халиад явах ч газаргүй болсон. Тэр бүгдийг СӨХ цэвэрлэдэг. Холбогдох газруудад шаардлага тавихад Асуудлыг шийдэж өгнө гээд л нялзаагаад алга болдог. Гэтэл Та наадахаа мэргэжлийн хяналтад өг гэдэг.

-Эдгээр барилга хэдэн онд ашиглалтад орсон бэ?

-Энэ хавийн айлууд аюулгүй амьдрах орчин нөхцөл үгүй болчихоод байна. Хуулийнхаа хүрээнд гурван жилийн хугацаанд барилгатай холбоотой ямар нэг асуудал гарсан тохиолдолд барьсан компани хариуцна гэсэн заалт бий. Хуулийн заалтын дагуу бид 87, 89 дүгээр байрны талаар гурван асуудлаар НМХГ-т хандсан. Дээврээс нь ус гоождог, гарааш, хогийн пункерийн асуудлаар барьсан компанид нь хандсан. Гангар орд, О&BN компани СӨХ хамтраад Энэ 87 дугаар байрыг хүлээж авъя одоо гурван жил болчихлоо гэсэн санал хүргүүлсэн. Хариу ирээгүй. Манай байрнууд ямар ч талбай байхгүй хашаа барьчихсан. Энэ асуудлыг бэхжүүлж өгөх шаардлагыг Засаг дарга Э.Бат-Үүлд тавиад байгаа. Одоо бид 87 дугаар байрны зүүн талын газрыг төр худалдан аваад дээр нь сургууль, цэцэрлэг барьдаг ч юм уу эсвэл нийтийн эзэмшлийн талбай гаргаж өг гэдэг санал тавьж байгаа. Мөн сая 92 дугаар байрыг манайх хүлээж авсан. Энэ байран дээр бас асуудал байгаа. Хоёр метр хүрэхгүй замтай, түүгээр машин яваад байхаар нь хаачихсан чинь Цагдаагийн 81 айлын сууц ашиглалтад орно. Зам нээхгүй бол болохгүй гээд араар нь оруулах гэхээр Цаст констракшн гаалийн 70 айлын сууцыг барьж байна гээд хаасан байгаа. Бодит байдал ийм л байна. Ер нь хамгийн гол асуудал газар олголттой холбоотой. Монгол Улсын хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө байдаг биз дээ. Төр гэж байдаг юм бол энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Энэ хэсэгт төр засгийн бодлого үнэхээр дутагдаж байна.

-Танай СӨХ байгуулагдаад удаж байна уу?

-Манайх гурван жил болж байна. Манай СӨХ дээд зөвлөлийн албан ёсны бүртгэлтэй, тамга тэмдгээ аваад хууль ёсоороо ажиллаж байна. Хүний төлөө оршин суугчдынхаа төлөө ажиллах гэхээр СӨХ-ны эрх мэдэл дутаж байна

TAB ТУХТАЙ ОРЧНЫ ТУХАЙ ЯРИАД Ч НЭМЭРГҮЙ

Баянзүрх дүүргийн XXҮ хорооны иргэн, 87 дугаар байрны оршин суугч П.Баяржаргал

-Энэ хавьд тохижилт зохион байгуулалт гэж aлга. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Манай энэ байрны чанар, орчин тойрны хувьд ярих юм алга. Улаанбаатар хотын A зэрэглэлийн бүст зам, гэрэл, нийтийн эзэмшлийн талбай байхгүй битүү шороон дунд л амьдарч байна. Энд амьдрах тав тух гэж алга. Бороо орвол энэ хавиар явах газар олддоггүй. Бидэнд ганцхан барилгаас өөр юу ч байхгүй байна.

-Нууц биш бол та байраа хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Тухайн үед 68 сая төгрөгөөр хоёр өрөө байр авсан. Анх энэ байрыг авах гээд гэрээ байгуулж байхад Тансаг, тав тухтай орчин энэ тэр гээд л магтаад байсан. Одоо харахад ямар ч тав тухтай орчин алга. Хүүхэд тоглох ч талбайгүй байгаа биз дээ. Манай байрны цахилгаан, сантехник, дулааны шугам сүлжээ маш муу. Өнгөрсөн амралтын өдөр манай байрны доогуур нь хөндийлж ухсан. Шугам сүлжээ янзлах гэж тэгсэн. Иргэдийн өмчид дураараа ханддаг болжээ.

БАРЬЖ БАЙВАЛ БОЛОО ГЭСЭН ШИГ ИРГЭДИЙН TAB ТУХЫГ БОДООГҮЙ

92 дугаар байрны жижүүр Д.Амаржаргал

-Энэ жил ашиглалтад орсон байрны тохижилт ямар байна вэ?

-120 айлын энэ сууц ашиглалтад ороод гурван cap болж байна. Байрны дундуур машин явах зам байхгүй. Энэ асуудлаар иргэд их гомдол гаргадаг. Одоогоор хэнд ч хэлээд нэмэр алга бололтой.

-Байрны сантехник, цахилгаан, дулаан доголдолтой байгаа гэж сонслоо?

-Барилгын чанар маш муу. Ялангуяа сантехник дулааны тал дээр асуудалтай байна. Энэ хойд талын амины сууцнууд манай барилгаас халаалт авсан юм билээ. Тэр нь нөлөөлөөд халаалт муу байгаа. Найман давхраас дээшээ халаалтгүй. Халаалтын насос нь зориулалтын стандартад нийцэж байгаа юм уу, мэдэхгүй Амины сууцанд зориулагдсан насос шиг л жижигхэн юм байдаг. Оршин суугчид халаалтгүй даараад хэцүү л байна. Өвөл яахыг мэдэхгүй байна. Энэ асуудал дээр СӨХ-ны мэдэл дутаж байна.

-Орой үдэш явахад их хүндрэлтэй байдал харагдаж байна. Зам дагуу гэрэлтүүлэг хийх гэнэ үү?

-Зам талбай тохижилт ерөөсөө хийгдээгүй, ямар ч тооцоо байхгүй. Газар дээрээ барилга барьж л байвал болоо гэсэн шиг иргэд оршин суугчдын тав тухыг ерөөсөө бодоогүй. Энэ зам, гэрэлтүүлэг, иргэдийн амрах тав тухтай орчинг бүрдүүлэх л ёстой биз дээ. Одоо манай байрыг тойроод орон сууц баригдаж байгаа.

М.Эрдэнэболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button