УИХ-аас нэрээ татсанаас нийтээрээ жагсахыг илүүд үзжээ

Хамгийн түрүүнд намын байрандаа Удирдах зөвлөлийн гишүүдээ дуудаж хуралдсан байна. Энэ үеэр Өвөрхангайн хоёр суудлыг алдахгүйн тулд хэрхэх талаар санал зөрөлджээ. Эцэст нь нийгэмд нэлээд хүчтэй нөлөө үзүүлэхгүй бол энэ хэвээрээ шийдэгдэх нь гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Нэгэнт асуудал хурдацтайгаар шийдвэрлэгдэж, АН-ын хоёр өнөө, маргаашгүй тангараг өргөх болчихсон болохоор парламентад байгаа МАН-ын гишүүдийн нэрийг татуулах санал дэвшүүлжээ.

Мэдээж энэ нь маш эрсдэлтэй алхам. Арайхийж авсан 25 суудлаа нэмэх байтугай бүр чөлөөтэй тавиад туучих ч магадлалтай. Тиймээс парламент дахь нөхөдтэйгөө хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Тиймдээ ч үдээс хойно Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр нэр татах асуудлыг олонд дэл- гэсэнгүй. Харин ч УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчтэй уулзаж, учир байдлыг тайлбарлаж, зөвшилцөнө гэх утгатай зүйлийг ярилаа.

Харин төд удалгүй Болохгүй бол ард түмэнтэйгээ цуглаж, жагсана. Шударга бус шийдвэрийн төлөө иргэдтэйгээ дуу хоолойгоо нэгтгэнэ гэх зэргээр мэдээлсэн нь удахгүй улстөрийн амьдрал буцалж эхлэхийн дохио боллоо. Төрийн ордонд сүүлийн үед үзэгдэж, харагдах нь ховор байсан МАН-д данстай парламентын гишүүд болон намынх нь удирдлагууд энэхүү хэвлэлийн хурлыг хамтдаа чих тавин чагнаж байв.

Магадгүй, хэн нэгнийх нь ам халаад намын байранд дэвшүүлж байсан саналаа хэвлэлийнхэнд хэлчих вий гэхээс хөлсөө чийхруулан байсныг ч үгүйсгэх аргагүй юм.

Юутай ч хэвлэлийн хурал дуусмагц Төрийн ордны Б танхимд МАН-ын бүлэг хуралдаж эхэлсэн. Харин энэ удаа дотооддоо учраа олохыг илүүд үзсэн ах намыхан мэдээлэл хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, ялихгүй зүйлээс ямааны гарз учирч болзошгүй гэж үзсэн биз. Нэлээд удсаны эцэст бүлгийн хурлаа дуусгаад УИХ-ын даргын зөвлөл буюу УИХ-ын дэд дарга, байнгын хороодын дарга нарыг уулзаж байхад МАН-ын төлөөллийн гишүүд дайрч оржээ. Ингэхдээ тэд Г.Батхүү, Д.Зоригт нараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхийг хойшлуулахыг шаардсан байна. Суудлаа тавьж өгснөөс арай өөр арга сонгосны нэг нь бас энэ ч байж болох л юм.

Гэхдээ УИХ-ын гишүүний тангараг өргөсөн МАН-ын 25 гишүүнээс ес нь намын жагсаалтаар орж ирсэн бол үлдсэн 16 нь орон нутгаас сонгогдсон. Тиймээс мань хүмүүс чамгүй өрсөлдөөнөөс гарч ирсэн гэдэг утгаараа зөөлөн суудлаа журмын хоёрхон нөхрийнхөө төлөө тийм ч амархан тавиад туучихгүй байх. Олонх нь орон нутагт ялалт байгуулсан учраас тухайн тойргийнхоо сонгогчдын нэрийг барин, гишүүний эрхээ мултлахгүйг хичээх шийдвэр гаргах биз.

Тэртэй, тэргүй монголын улстөрчдөд албан тушаалаас нэрээ татах иргэний зориг байтугай хүсэл ч байдаггүй юм хойно доо. Амар болоод хялбарыг нь бодож ард түмэнтэйгээ жагсаж эхлэх нь ээ. Одоогийн улстөрчдийн нүүр царай гэж.

Ж.Нарангэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button