Хоёр дахь халз мэтгэлцээнд Обама ялалт байгууллаа

Тэд ажилгүйдэл, авто машины үйлдвэрлэл, эрчим хүчний бодлого, нийгмийн асуудлаар мэтгэлцсэн талаар Вести мэдээлэв.

Энэ үеэр Ромни өнөөгийн төрийн тэргүүнээ авто машин үйлдвэрлэгчдийг аврахын төлөө тэмцэхгүй байна. Тэднийг бусад томоохон компанийн адил дампууруулахыг хүсч байна хэмээн буруутгахад Обама Амбан захирагч Ромнийн хэлсэн үг бодит байдалд нийцэхгүй байна гэжээ. Түүнчлэн тэрбээр Ромнийг Женерал Моторс, Крайсер групп-т цаашид ажиллах боломж олгохгүй, дампууруулах үйл ажиллагаа явуулахыг хүсч байна гэсэн байна.

Үүнээс гадна Ромни Обамагийн засаг захиргааны үед нефть олборлолт багассан гэхэд Обама яриаг нь шууд тасалж, Амбан захирагч Ромни худлаа ярьж байна гэжээ. Ромни АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогыг дахиад л шүүмжилсэн байна. Тухайлбал, Ливийн Бенгази хот дахь АНУ-ын консулын газар хамгаалалт муу байсны улмаас 2012 оны есдүгээр сарын 11-нд Америкийн элчин, гурван ажилтан амиа алдсан. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч буруутай гэжээ. Харин Барак Обама энэ аллагын хариуцлагыг үүрэхэд бэлэн гэсэн байна.

Хятад улс бас тэдний маргааны нэг сэдэв болжээ. Ромни Хэрвээ би Ерөнхийлөгч болбол БНХАУ-ыг валютын ханшид арга мэх хэрэглэж, гадаад худалдаанд шударга бус оролцсоных нь төлөө шийтгэнэ гэжээ. Хариуд нь Обама Хятадын бодлогоо чангатгах хамгийн сүүлчийн хүн нь та байх болно хэмээн мэдэгдсэн байна. Ажилгүйдлийн асуудлыг хөндөхдөө нэр дэвшигч Ромни дөрвөн жилийн хугацаанд 12 сая ажлын байр бий болгоно хэмээн амлав. Барак Обама ч мөн ажлын байр шинээр бий болгоно гэсэн бөгөөд боловсруулах үйлдвэр түлхүү байгуулна гэжээ.

Нэр дэвшигчид татварын бодлогыг ч мартсангүй. Ромнигийн үзэж буйгаар томоохон үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст ногдуулах татварыг бууруулах ёстой гэсэн бол Обама үүнийг шүүмжилж, төсвийн алдагдалтайгаа тэмцэхэд баячуудад оноох татварыг бууруулахгүй байх ёстой хэмээжээ. Америкийн телевизээр дамжуулсан халз мэтгэлцээний дараа олон нийтийн санал асуулга явуулахад Обама дуэльд ялалт байгуулсан байна. Дараачийн халз мэтгэлцээн энэ сарын 22-нд болно.

Э.Мөнхзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button