Хөгжлийн гүүрний хөдөлгөөн нээгдлээ

холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Хасах хэмийн хүйтнийг үл ажран Нарны гүүрийг сонирхохоор олон иргэд цугласан байлаа. Тус гүүр 11-45 буюу монголчуудын сайн цаг хэмээн бэлэгшээдэг морин цагт албан ёсоор нээлтээ хийсэн юм.

Төмөр зам дээгүүр гүүрэн зам тавих төслийг 2009 оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Гэрээ ёсоор энэ сарын 30-нд хүлээлгэн өгөх байсан ч тэд шуурхайлан ажилласаны үр дүнд хугацаанаас өмнө ажлаа дуусгажээ. Орчин үеийн зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, стандарт, шаардлагыг бүрэн хангасан, инженерийн нарийн хийц бүхий 865 метр урт байгууламжийг Япон улсын JFE корпорэйшн барьж, зөвлөхөөр нь CTI компани ажилласан байна. Зам тээврийн яамны захиалгаар баригдсан хоёр урсгалтай, дөрвөн эгнээ, явган хүний зам, борооны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гүүрнээс буух шат бүхий иж бүрэн Нарны гүүр ашиглалтад орсноор Энхтайван болон Гурвалжингийн гүүрний ачаалал 30 хүртэл хувиар багасна гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагынхан гаргажээ.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ Япон улсын тусламжаар Монголын ард түмэнд зориулан барьж өгсөн Нарны гүүр нээгдлээ. Монголд анх удаа галт тэрэгний зам дээгүүр барьсан гүүр болж байна. Япон улсын Засгийн газарт талархаж байна. Япон улсаас манай улсад суугаа элчин сайд Шимизү 2005 онд Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа энэ гүүрийг барих санаачилгыг эхлүүлсэн. Монголчууд бид тэмээн дээрээс наран ойрхон гэж ярьдаг. Тэгвэл энэ гүүрэн дээрээс нар ойрхон байна. Нарны гүүр гэж нэрлэсэн нь үнэхээр оносон. Зөвхөн авто замын гүүр биш. Хөгжлийн гүүр сүндэрлэлээ. Монголчуудыг хөгжил дэвшил рүү хөтөлсөн Японы ард түмэн, япон, монгол ажилчдад талархаж байна. Нарны гүүрээр иргэд амгалан тайван зорчих болтугай гэв.

Харин Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү 2002 онд барьсан Нарны замд арван жилийн хугацаанд нэг ч засвар хийгээгүй. Улаанбаатарчууд Нарны замыг өндрөөр үнэлж байгааг сонсоод урам орж байна. Нарны гүүр мөн адил чанарын шаардлагыг дээд зэргээр хангах болно. Нарны гүүр нээлтээ хийснээр нийслэлийн замын ачааллыг багасгахын зэрэгцээ, хоёр орны найрамдалт харилцааг холбох гүүр болно хэмээн Монголын ард түмэнтэй монгол хэлээр мэндчиллээ. Үүний дараа хотын дарга Э.Бат-Үүл Нийслэлчүүд өнөөдөр, маргаашийн дотор Нарны гүүрээр заавал явж үзнэ гэдэг эргэлзэхгүй байна. Нийслэлийн хамгийн сайхан замыг Японы ард түмэн барьсан. Мөн хамгийн чухал гүүрийг Японы ард түмэн, Засгийн газрын дэмжлэгтэйгээр босгож байна. Тухайлбал, ЖАЙКА-гийн тусламжаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг хийж дууслаа. Энэ төлөвлөгөө Улаанбаатар хотын ирээдүйг харуулна гэсэн юм.

Нарны гүүрийг гүйцэтгэсэн компани тусгай тоног төхөөрөмжөө Япон улсаас авчирч замын ажлыг гүйцэтгэсэн байна. Харин манай талаас зөвхөн бетон зуурмаг, хайрга шороогоор хангасан бол бусад бүх тоног хэрэглэл, боолтыг Японоос авчирсан гэдгийг төслийн удирдагч хэлж байлаа. Тус гүүрээр хүнд даацын 100 тонн хүртэлх машин зорчих боломжтой гэнэ. Япон улсаас нийт 3.7 тэрбум иен буюу монгол мөнгөөр 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мэдээж ийм их хөрөнгөөр боссон гүүр Монголд байхгүй юм. Тиймээс хөрөнгөө дагаад чанар сайн байна гэдгийг албаны хүмүүс хэллээ. Нарны гүүрт 20 жилийн баталгаа өгч байгаа юм. Энэ хугацаанд ямар нэгэн их засвар хийх шаардлагагүй аж. Харин гэрээ ёсоор нэг жилийн баталгааг Японы гүйцэтгэгч компани бүрэн хариуцах юм байна. Нарны гүүрийн дараа шинэчлэлийн Засгийн газар олон бүтээн байгуулалтын ажил хийхээр тусгасны нэг нь Улаанбаатар Налайх дүүргийг холбосон хоёр урсгалтай хурдны зам барих ажил юм. Мөн Улаан­баатар хотын зургаан хэсэгт дахин гүүрэн байгууламж барих төлөвлөгөөтэй байгааг төслийн удирдагч Б.Мандат хэллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button