Авлигатай тэмцэх газар алба хаагчдыг айлган сүрдүүлдэг чиг үүрэгтэй байгууллага юм уу
Гэтэл саяхнаас тус байгууллага хэлд, хөлд орсон юм шиг л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлтсийн дарга нар нь ч ярилцлага өгч өөрсдийгөө рекламддаг боллоо. Ийнхүү АТГ хөдөлгөөнд орж авлигын хэргээр шалгагдаж байгаа эрхэм дээдсүүдийн мэдээллийг өгч их ажил хийж байгаагаа гайхуулж байна. Шинэ дарга нар ажлаа аваад хийсэн том гавьяа нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярын идэж уусан 70 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шалгаж, илрүүлж эцэс сүүлдээ улс төрийн зорилго агуулсан захиалгатайгаар шүүхийн хаалга татуулж ял үүрүүлж дөнгөсөн. Аймгийн засаг ноёдын авлигын хэргийг шалгаад удаж байгаа ч шийдэгдсэн хэрэг тун цөөхөн. Хэд нь гэм буруутай, хэн нь ял авсан зэргийг хэлэх ч үгүй. Тэгсэн мөртлөө цаг үеийн байдлаар болон шалгагдаж байгаа эрүүгийн хэргээр мэдээлэл хийнэ гээд л сүржин нэртэй хэвлэлийн хурал cap бүр зарладаг болсон.
Гэтэл хэрэг дээрээ Мөрдөн байцаах албаны дарга, ахлах байцаагч Э.Амарбат гэж нөхөр сүрхий мэдээлэл өгдөг хүн болж ямар хариултаар сэтгүүлчдийн амыг таглахаа гарамгай мэддэг. Нэр бүхий гишүүдийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэсэн хариултаар хуурна. АТГ-аар шалгуулаагүй аймгийн дарга бараг үлдээгүй байх шүү. Энэ газрын ажлын чиг үүрэг нь юу юм бэ. Төрийн алба хаагчдыг айлгаж сүрдүүлж, идэж уусныг нь илрүүлэх үүрэгтэй юм уу, улс төрийн зорилготой захиалгаар ажилладаг байгууллага уу. Эсвэл авлигачдын идэж уусан хэргийг илрүүлж, авлигагүй Монгол Улс байхын төлөө зүрх сэтгэл дуу хоолойгоо нэгтгэсэн иргэдийн эрх ашгийг хамгаалсан байгууллага байх ёстой юм уу. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг олон нийтэд, сурталчлах, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг танилцуулдаг баймаар, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, бусад мэдүүлэг, мэдэгдлийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгөх, иргэдийн сонирхсон асуултад хариулах, өргөдөл, гомдол, мэдээлэл, санал хүсэлт хүлээн авах зорилгоо умартсан байгууллага болж хувирав.
Улс төрийн зорилгоор мөрдөх, мөлжих ажлаа хийхийн оронд улс орныг бусниулж харийнханд эцэг өвгөдөөс минь үлдээсэн эх орны газар шороо, баялгийг худалдаж, авлигадаж байгаа нөхдүүдтэй тэмцвэл зүгээр юмсан. Иргэддээ нээлттэй нэрийн дор арьсаа хамгаалж явдаг байгууллага нээлттэй болсны учир нь төр лүндэн буулгаж олигтойхон ажлаа хийхийг сануулсан гэнэ. Хоёр хоногийн өмнө АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайханы өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагыг харахад АТГ нэгэн хачирхалтай тушаал гаргажээ. Тухайлбал, албан тушаалтан өөрт ногдсон сахилгын шийтгэлээ олон нийтэд өөрийн зардлаар мэдээлэх ёстой гэсэн тушаал гаргасан ч хэрэгжилтийг дүгнэж эхлээгүй гэнэ. Авлига авсан, Авлигын эсрэг хуулийн зүйл заалтыг зөрчсөн алба хаагч өөрийгөө Би ингэж шийтгүүллээ. Дахиж алдаа гаргахгүй ээ гэж зарлаж чадах уу. Шинэ дарга Н.Ганболд, Б.Хурц дарга болсноор Монголд томчууд, эрх мэдэлтнүүдийн бугшсан авлигын идээ бээрийг шахах ажлыг Н.Энхбаяраар эхлүүлсэн гэдэг. Авлигатай тэмцэх газар юу хийж байгааг хүмүүс тод томруунаар харж байгаа. Мөрдөн шалгах, хэрэг илрүүлэх том нэгж ажиллаж байна.
Анх Хүн хэлмэгдүүлэхгүй, хуулийн дагуу шударга ажиллана гээд төрийн нэрийн өмнөөс ам тангаргаа өгөөд дэд даргын сэнтийд заларсан Б.Хурц ажлаа авангуутаа бүтцийн өөрчлөлт нэрээр мөрдөн байцаагчдыг ажлаас нь халж гудамжинд нь гаргасан. Ажлаасаа халагдсан Мөрдөн шалгах хэлтсийн дарга Н.Батзогсох, ахлах мөрдөн байцаагч Х.Одхүү, мөрдөн байцаагч А.Цэдэн-Иш, Ж.Халиун, Г.Батбаатар нар даргынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, дарга нартайгаа заргалдахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Харин энэ хэргийг одоогоор шүүгч Э.Лхагвасүрэн түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Учир нь АТГ- ын гаргасан хууль бус шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгосонд эсэргүүцэж, шүүхэд хандсан ч шүүх хэргийг шүүн хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн талд шийдвэр гаргасан. Ингээд бууж өгөх ёсгүй АТГ дараа дараагийн шүүх буюу давж заалдах шатны шүүхэд хандаад ялагдсан. Одоо хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхэд хандсан бөгөөд энэ сарын 15-нд шүүхэд хэрэг нь очсон байна. Хуулийнхаа дагуу сарын дараа болох шүүх хурлаар мөрдөн байцаагчдын дарга нартайгаа дайтсан асуудлыг хэлэлцэх ажээ. Ийнхүү урт хугацаа байгаа ч АТГ-ын дарга нар авлигачидтай тэмцэх их ажлынхаа хажуугаар шүүхийн байгууллагатай тэмцэх нөр их ажилтай болсон.
Шүүх хуралд нэхэмжлэгч тал болох АТГ-ын хуулийн зөвлөх Г.Аз гэж хүн яваад байгаа. Ажлаасаа халагдсан мөрдөн байцаагчдын хувьд бүгд бүх зүйл хууль дүрмийн дагуу хийгдээгүй гэдгийг ч нотолсон. Үнэндээ бол Б.Хурцыг гурван жилийн өмнө мөрдөж, байцааж байсан ахлах мөрдөн байцаагчдыг өс хонзонгийн сэдэлтээр ажлаас нь халж, оронд нь өөрийнхөө гэх хүмүүсийг олж авчраад суудал бөглүүлсэн. Тэд нь ажлаа хаанаас нь яаж эхлэхээ мөн хэний тушаалаар яаж ажиллахаа мэдэхгүй нэг хэсэг манарч явсан нь нууц биш.
С.Баярмаа