Чингэлтэй дүүрэгт МҮАН, ИЗНН АН-ыг дэмжиж орон нутгийн сонгуульд оролцохоор болжээ

Улс төрийн намууд эхнээсээ нэр дэвшигчдээ тодруулж олон нийтэд зарлаад байгаа. Тэгвэл энэхүү сонгуульд Чингэлтэй дүүргийн АН-ыг ИЗНН, МҮАН-ынхан дэмжиж хамтран орон нутгийн сонгуульд оролцохоор санамж бичгийг үзэглэсэн байна. Тэд энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд дуулгасан юм.

Санамж бичигт дурдсанаар 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс үндэслэн хамтарсан Засгийн газрын гэрээ, Чингэлтэй дүүргийн АН-ын зөвлөлдөх зөвлөл, МҮАН, ИЗНН-ын бага хурлын шийдвэрүүдийг үндэслэн орон нутгийн сонгуульд хамтран ажиллах нь зүйтэй. Учир нь дээр дурдсан намууд Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллаж байгааг харгалзан мөн орон нутагт хамтран ажиллаж төрийн бодлого нэгдмэл байх төр засгийн гаргасан шийдвэрийг иргэдэд үнэн зөв шуурхай хүргэх, монгол төрийн нэгдмэл байдлыг хадгалах, монгол түмний нийтлэг эрх ашиг хэмээн үзэж байна.

Мөн тус дүүргийн МҮАН, ИЗНН 2012 оны орон нутгийн сонгуульд өөрсдийн намын нэр дээр жагсаалт болон тойрогт нэр дэвшүүлэхгүйгээр АН-аас нэр дэвшигчийг нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдох, үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор АН-аас нийт нэр дэвшигчдийг дэмжиж хамтран ажиллах болно хэмээжээ.

Тус дүүрэгт АН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн зарим статистикаас харвал дундаж нас нь 35 бөгөөд хамгийн залуу нь 28, ахмад нь 54 настай аж. Эдгээрээс эмэгтэй нэр дэвшигч 14 буюу 40 хувийг эзэлж байна.

-Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар Сүүлийн 20 жил өөрчлөгдөөгүй засаг захиргааг өөрчлөх хэрэгтэй

-Хэдийгээр хуулийн хугацааны хувьд эвсэл байгуулах цаг хугацааны боломж өнгөрсөн ч гэлээ Чингэлтэй дүүргийн ИЗНН, МҮАН өөрсдийнхөө намын хороодын шийдвэрийг зохих журмын дагуу гаргаж, нам сонгуульд хэрхэн оролцох тухай чухал шийдвэр гаргалаа.

20 жилийн дотор өөрчлөгдөөгүй засаг захиргааг өөрчлөх, иргэдэд нээлттэй, шуурхай засаг төртэй байх тэр боломжийг бий болгоход АН-тай хамтран биднийг дэмжиж оролцож байгаа МҮАН, ИЗНН-ын хамт олон, улс төрийн чухал шийдвэр гаргасан хүмүүст талархлаа илэрхийлье. Ялангуяа нийслэлд анх удаа АН ялалт байгууллаа. Дүүргийн иргэдэд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд ардчиллын төлөө чиг баримжаатай намуудыг хамтраач ээ гэдэг хүсэлтийг бид тавьсан. Ер нь аливаа өөрчлөлт шинэчлэлийг цогцоор нь хийхийн тулд нэгдмэл байх ёстой.

УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МҮАН-ын дарга Г.Уянга Төрийн нэгдмэл байдлыг хадгалах нь зүйтэй юм

-МҮАН-ын хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд Шударга ёс эвсэлтэй хамтран орж байсан. Тэгвэл орон нутагт яагаад АН-ыг дэмжих болов оо?

-МҮАН-ын улстөрийн зөвлөлийн шийдвэрээр бид орон нутгийн сонгуульд хамтарч Засгийн газар байгуулсан тэр нам эвсэлтэй хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн, Тэгээд ч МАХН орон нутгийн сонгуульд дангаараа орно гэдэг шийдвэрээ цаг тулгаж гаргасан. Ер нь ардчилсан нийгэмд орсон 20 жилийг дүгнээд үзэхэд төр өөрөө нэгдмэл, нэг систем байх тэр бодлого дандаа алдагдаж ирсэн. УИХ-д нь Ардын нам ялбал нийслэлд өөр улстөрийн хүчин ялдаг ийм байдал бүхий л шатанд гарч байсан. Энэ өөрөө эргээд улстөржсөн асуудал болж хувирдаг. Тухайлбал Засгийн газрын хийж байгаа ажлыг нөгөө нам нь аль болох саармагжуулах хандлага өнгөрсөн хугацаанд ноёлж ирсэн. МҮАН бол энэ буруу жишгийг таслан зогсоох ёстой байр суурийг баримталж эрх барьж байгаа Засагт тодорхой шийдвэр гаргаж байгаа намыг саармагжуулах бус саналыг хувааж биш харин монгол орныг шинэчилье гээд бодлого хөтөлбөрөө гаргасан АН-ын бүхий л үйл ажиллагаа, үзэл санааг нь дэмжиж монгол төрийн нэгдмэл байдлыг хадгалах нь манай намын бодлого зарчим юм.

Энэ бол өөрөө үндэсний үзэл гэж үзсэн учраас 2012 оны орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүрэгт АН-ыг дэмжиж хамтран оролцохоор болсон. МҮАН бол бие дааж орон нутгийн сонгуульд орж байгаа газар бараг байхгүй. Тэгэхээр манай намаас гарсан шийдвэр бол засаг барьж байгаа төрийн бүтэц бүхий л түвшиндээ хадгалагдаж үлдэх ёстой гэсэн байр суурь юм.

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд АН төрийн эрх барих хийгээд нийслэлийн сонгуульд анх удаа олонхи болсон. Одоо дүүрэгт энэ бүтцийг хадгалах нь үнэхээр энэ шинэчлэлийн Засгийн газар монгол орныг өөрчилж чадах нь уу, үгүй юу гэдгийг бүх түвшиндээ харах бололцоог сонгогчид олгож байгаа юм. Тийм учраас энэ бололцоог олж харъя, бүх түвшиндээ АН-д итгэл үзүүлье. Дараагийн нэг зүйл бол орон нутгийн сонгуульд иргэд тийм ч идэвхтэй оролцдоггүй. Аймаг, дүүрэг, сумын иргэдийн хурлыг сонгох сонгуульд идэвхтэй байж өмнө байсан хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэж сонгогчиддоо уриалмаар байна.

Уг нь бол иргэн таны амьдралд УИХ-ын түвшинд гаргасан шийдвэр хэрхэн ач холбогдлоо өгөх вэ гэдэг дээр нутгийн өөрөө удирдах байгууллага болох дүүрэг хорооны дарга хэн байх вэ гэдэг нь хамгаас чухал юм.

Чингэлтэй дүүргийн ИЗНН-ын намын хорооны дэд дарга Ц.Батхуяг Дүүргийн намын хорооны шийдвэр бол манай намын шийдвэр гэж ойлгож болно

-Ер нь бол жилийн жилд намчирхсан байдлаар сонгууль өгдгийг өөрчилье гэж үзсэн. Энэ бол ардчиллын үнэ цэнийг алдсан байдал юм. Сүүлийн 20 жил төр барьсан намаас өнөөдөр бид татгалзах ёстой. Учир нь бидний амьдралд өөрчлөлт гэж огт алга. Аливаа юм гэдэг нэг цул байж гэмээнэ үр дүнгээ өгдөг. Тийм ч учраас Чингэлтэй дүүрэгт АН-ыг дэмжиж оролцохоор болсон. Энэ бол дүүргийн намын хорооны шийдвэр юм. Дүүргийг бүтэн цогцоор нь өөрчилж байж бидэнд хотын хөгжил гэр хороололд очно. Эрх барих болон нийслэлд манай намын төлөөлөл байгаа тэнд намын мөрийн хөтөлбөр тодорхой хэмжээгээр тусгагдсан байгаа.

П.Дөлгөөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button