Хошигнолын үдшийн зочид инээж, ухаарч, унтаж, сэрж, нэг оройг өнгөрөөлөө
![](/wp-content/uploads/upload/oldolloo/guree.jpg)
урлах бүх талын авьяас түүнд бий. Уржигдар орой болсон Бодоход инээдтэй шүү элэглэх урлагийнхаа тоглолтын үеэр уянгалсангүй, дуулсангүй, шүлэглэсэнгүй, драмын жүжиг тавьсангүй. Харин ухаарлын шинжтэй элэглэл, шог хошин яриа, энэ нийгмийн өнгийг илэрхийлсэн хошин тоглолтоо үзэгч, сонсогч олондоо өргөн барилаа.
Бодоход инээдтэй шүү тоглолтыг МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Т.Чимгээ хөтөлж, хийлч Ч.Дэлгэрцэцэг уянгалаг аязаар тоглолтын хөшгийг нээв. Ш.Гүрбазар тайзан дээр гарч ирмэгцээ Би их сандарч байна. Олон тоглолт хөтөлж, зохион байгуулж байлаа. Гэвч ганцаараа энэ олон хүнийг хоёр цагийн турш уйдаахгүй инээлгэнэ гэж бодохоор л сандраад байна хэмээсэн нь түүний чин сэтгэлийн үг байлаа.
Тоглолт инээдэмтэй хоржоонтой яриа, амьдрал, бага насанд тохиолдсон сонин адал явдлаас эхэлж олон жил сэтгүүлчийн ажил хийж хөдөө гадаа явж байсан хөгтэй дурсамжаар өрнөж, завсраар нь саксфоны аяз, хийл, гитарын аялгуу эгшиглэсэн юм. Тэрбээр энэ нийгэм дэх эмзэглэмээр үйл явдлуудыг элэглэн ярьж, Задорновын хошин өгүүллүүдийг уншиж, элэглэгч хүний ярих дуртай нууц амрагийн асуудал, хайр сэтгэлийн хошин түүхүүдийг ярьж, хүүхнүүдийг суудлаас нь өндөлзүүлэв.
Гүрээ өмнө нь телевизээр болон сонин хэвлэлээр олонтаа ярьсан зүйлээ бага сага хачирлан, хоёр цагийн турш үзэгчдэд ярьсан болоод ч тэр үү, хүмүүс уйдаж, алга таших нь цөөрсөн. Ийнхүү үүрэглэх нь үүрэглэж, унтах нь унтаж, зарим нь танхимыг орхих агшинд хийлч Дээгий тайзнаа гарч ирсэн юм. Тэрбээр алдарт Хэнтийн өндөр ууланд аязыг тоглосноор үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлж, нойрноос нь сэрээсэн. Задорнов анхны тоглолтынхоо үеэр захиалгаар инээх хүмүүсийг танхимын тал суудалд суулгаж байсан гэдэг. Тэгвэл Ш.Гүрбазар өөрөөрөө л байхыг хүсчээ. Хэдийгээр ганц хүний жүжиг үзэж чадаагүй үзэгчид уйдаж, нойрмоглосон ч Гүрээ тэднийг хэрхэн хөгжөөхөө мэдэж байлаа. Тэрбээр тайзны хажууд байрлуулсан хоёр том дэлгэцэн дээр тамхи зуусан, гутранги царайтай Гүрээгийн дүрийг гаргаж ирэв. Үзэгчдийн алга ташилтад урамшсан хоёр Гүрээ сүүлдээ ёстой л цэнгэн хөгжилдөж, Ганнам стайл-ын бүжгийг бүжсэн нь үзэгчдэд таалагдана билээ. Ийнхүү Гүрээгийн хошигнолын үдшийн зочид инээж, ухаарч, унтаж, сэрж, нэг оройг өнгөрөөсөн юм.
Б.Хадбаатар