Монголчууд хүнс тэжээлийн дутагдлаасаа болж жилд 203.3 сая ам.доллар алддаг
нь нэн чухал асуудал болдог билээ. Тиймээс УИХ-аар Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан Хүнсний шим тэжээллэг чанар, био аюулгүй байдал хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын Байнгын хороод болон БОНХЯ, ҮХААЯ, НҮБ-ын ХХААБ, Био аюулгүй байдлын үндэсний хороо хамтран зохион байгуулсан.
Манай улс өнгөрсөн хугацаанд хүнсний аюулгүй байдлыг хангахдаа хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулахад илүү анхаарч ирсэн. Гэвч хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдахад хүнсний шим тэжээллэг чанар мөн адил чухал юм. Хоол хүнсээр дамжуулан хангалттай шим тэжээл авч чадахгүй байгаа нь хүн амын дунд аминдэм, эрдсийн дутагдал, түүнээс шалтгаалсан эмгэгийн тохиолдол нэлээд байгаатай холбоотой. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдийн 28.5, төрөх насны эмэгтэйчүүдийн 14.4, жирэмсэн эмэгтэйчүүдийн 26.5 төмрийн дутлаас үүдэлтэй цус багадалттай байдаг аж. Эдгээр өвчтөнүүд амархан ядарч сульддаг, халдвар амархан авдаг, ажлын үр бүтээмж багатай, хүүхдийн өсөлт хоцролттой байх сөрөг үр дагавартай. Мөн тав хүртэлх насны хүүхдийн 32.4 хувь нь А аминдэмийн дуталтай, 21.8 нь Д аминдэмийн дуталтай байдаг гэнэ. Энэ нь ийм тооны хүүхдүүд дархлаа султай, хараа муутай, майга хөлтэй, данхар толгойтой зэрэг гажигтай болох эрсдэлтэй гэсэн үг аж.
Ойролцоогоор дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь буюу хоёр тэрбум орчим хүн нэг болон түүнээс дээш бичил тэжээлийн дутагдалтай байдаг гэсэн судалгаа гарчээ. Ингэснээр бичил тэжээлийн дутагдал нь өлсгөлөнгөөс илүү том асуудал болж байгаа аж. Өвчин эмгэг тусах, амь насаа алдах, хөдөлмөрийн чадавх буурах, улмаар амьдралын түвшин муудах, нийгмийн эрүүлийг хамгаалах зардлыг өсгөх зэргээр нийгэмд томоохон хохирол учруулж байна. Иймээс амин дэм, эрдэс бодисын дутагдлыг нуугдмал өлсгөлөн гэж томьёолдог байна. Монгол Улс жил бүр эхийн эндэгдлээс 17.7 сая, цус багадалттай насанд хүрсэн хүн амын хөдөлмөрийн чадвар бууралтын улмаас 103.9 сая гээд нийт 203.3 сая долларыг алдаж байгааг эрүүл мэндийн эдийн засгийн тооцоо баталсан байдаг байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас уриалж буй хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисоор баяжуулах зэргээр хүний бие махбодийн амин дэм, эрдэс бодисын хэрэгцээг хүнсээр нь дамжуулан хангах нь хамгийн үр дүнтэй, өртөг багатай арга хэмээн дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг.
Иймд төр засгаас төмс, улаан буудайнаас бусад төрөл бүрийн хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүнсний нэр төрлийг олшруулах шаардлагатай байгаа гэнэ. Мөн үндсэн хүнс болох гурил, сүү зэргийг төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисоор баяжуулах арга хэмжээг төрийн бодлого болон хөрөнгө оруулалтаар дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй байгаа аж. Мөн үүнд ЭМЯ-наас хоол хүнснээс хамаарсан эмгэгийн талаар судалгаа хийж, судалгааны материалаа хүнсний үйлдвэрлэл хариуцсан ҮХААЯ-тай хуваалцан хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулахад нягт хамтран ажиллах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Б.Азаа