Ирэх оны төсвийг тогтвортой байдлын хуультай уях юмсан…

оруулах замаар ирэх онд нийт 445.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон тухайгаа холбогдох албаныхан мэдэгдсэн.

Ямар ч байсан Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2012 оны төсвийн тодотголоос 1,558.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7,088.3 тэрбум төгрөгт хүргэхээр тооцсон гэсэн үг. Гэхдээ 100 хувь төгс төгөлдөр гэж байдаггүй болохоор гишүүд ч гэсэн ирэх оны төсвийн талаар өөр өөрсдийн байр сууриа дор бүрнээ илэрхийлсээр байгаа.

Р.АМАРЖАРГАЛ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ АВЦАЛДААГҮЙ

Банкны цөөхөн хадгаламж эзэмшигч хадгаламжийн мөнгөний 95 хувийг гартаа барьж байгаа, хэдхэн том компани эдийн засгийг хөдөлгөж буй гэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ Монголбанк эрэлт талаа зохицуулаад явна, нийлүүлэлт дээр хөдөлж чадахгүй байна гэсэн. Бид мэдсээр байж юу ч хийхгүй байна. 2013 оны төсвийг хар. Тэнд улс орны эдийн засгийн амин чухал асуудлууд тусгагдаагүй байна. Тухайлбал эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэрийн асуудал тусгагдаагүй. Гэтэл одоо цахилгааны хязгаарлалт хийгээд эхэлчихсэн байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг хар. Эрэлт, нийлүүлэлт авцалдахгүй байна.

Я.СОДБААТАР 2013 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ ҮНЭХЭЭР НУУЦЛАГ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оруулж ирсэн 2013 оны төсвийн төсөл нь тодорхойгүй. Монгол Улсын өнөөгийн чадамжийг давсан, ирээдүйд их өрийн дарамт учруулж мэдэх эрсдэлтэй төсөв. Төсвийн тодорхойгүй байгаа шалтгааныг Ерөнхий сайд тайлбарлахдаа Цаг хугацаа давчуу байсан учир бид хийх зүйлсээ тодорхой болгож чадаагүй гээд байгаа. 2004-2008, 2008-2012 оны Засгийн газар энэ удаагийн Засгийн газраас цаг хугацааны хувьд нэлээд хожуу байгуулагдаж байсан атлаа төсвийн тухай хуулийг заасан цаг хугацаанд нь хийх зүйлсээ тодорхой болгочихоод УИХ-д оруулж хэлэлцүүлж байсан шүү дээ. Харин энэ жил Улсын их баяр наадмаас өмнө УИХ-ын гишүүд тангаргаа өргөөд УИХ-ын чуулганы хуралдааныг хийсэн. Засгийн газар наймдугаар сард байгуулагдлаа.

Өөрөөр хэлбэл, хангалттай цаг хугацаа байсаар атал бүх зүйл нь тодорхойгүй төсөв оруулж ирчихээд Бидэнд цаг байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь байж болохгүй асуудал. Тэгээд ч энэ удаагийн төсвийн төсөл нь Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн хуулийн төсөл болсон. Тухайлбал, Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгосон тойрогт маш их мөнгө хуваарилсан атлаа Ардын намын нэр дэвшигчдийг сонгосон тойрогт бараг хөрөнгө хуваарилаагүй байх жишээтэй. Ингэж ард түмэндээ ялгавартай хандаж болох уу.

Д.ОЮУНХОРОЛ ХЯНАЛТГҮЙ ШУДАРГА БУС ТӨСӨВ БОЛЖ, 2013 ОНЫХ…

Төсвийн орлого 70 тэрбумаар тасарсан. Татварын болон түрээсийн орлого буурч байна. Бид татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг нягтална. Хөдөө аж ахуй, газар тариаланд үзүүлдэг байсан хөнгөлөлтийг байхгүй болгосон. Мөн аймгийн хөрөнгө оруулалтыг ялгавартай байдлаар хийсэн. Боловсролын салбарт нэг удаад өгөх урамшууллыг болиулах талаар яригдаж байгаа нь багш нарыг ажил хаяхад ч хүргэж байна. Энэ мэтээр төсөвт хяналтгүй, шударга бус байдлаар хандсан.

Н.ЭНХБОЛД ХҮН РҮҮ БУС БАРИЛГА БАЙГУУЛАМЖ РУУ Л ЧИГЛЭЖЭЭ

Өмнө нь нийгмээрээ хэлэлцэж авч явсан олон зүйл байсан. Үүнийг байхгүй болгох зүйл харагдаад байна. 2013 оны төсвийг харж байхад хүн рүү чиглэсэн нь бага, барилга, байгууллага руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд их байна. Мөн юу хийх гэж байгаа нь мэдэгдэхгүй их хэмжээний тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтуудын цаана мөнгө идэх гэсэн зүйч явж байна гэж харж байна. Өөрчлөлт шинэчлэлт хийх гэж байхад хууль ямар хамаатай юм бэ гэсэн яриа газар авч байна. Бид аливаа шинэчлэл, өөрчлөлтийг дэмжинэ. Гэхдээ хуулийн дагуу хийх ёстой.

С.БЯМБАЦОГТ УЛАМЖЛАЛТ ТӨСВӨӨС ЯЛГААГҮЙ ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛЖ

Төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулах ёстой. Гэтэл урсгал зардлыг бууруулаагүй. Тодорхой хуваарь нэмэгдүүлж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээгээр хэрэглээг нэмэгдүүлнэ гэсэн үг. Инфляцийг өдөөх хүчин зүйл болно. Уг нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, урсгал зардлыг бууруулах учиртай. Нөгөө талдаа мөнгөний бодлогоор зээлийн хүүг бууруулах бодлого барьж нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн бол зөв бодлого байх байсан. Харамсалтай нь нийлүүлэлтийг бус эрэлтийг дэмжсэн бодлого хэвээрээ орж ирсэн. Урд өмнөх уламжлалт төсвөөс ялгаагүй төсвийн төсөл болсон байна. Энэ нь шинэчлэлийн Засгийн газрын шинэ төсөв биш. Уламжлалт төсөвтэй яг адилхан төсөл болсон нь сул тат болж байна. Хямралыг хохирол багатай яаж давах вэ гэдэг төлөвлөгөө байх ёстой. Төлөвлөгөө алга. Хямралын эсрэг бодлого төсвийн төсөл дээр орж ирсэнгүй.

Нэг иймэрхүү байр суурь давамгайлсан ирэх оны төсвийн төсөлтэй зэрэгцэн өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2013 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэх эсэх ээрэг асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн СЕХ-ны хөрөнгө оруулалтын зардалд 116 саяыг нэмж тусгах саналыг УИХ-ын гишүүн Р.Бурмаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан ч дэмжигдээгүй. Төсөв багцлах үед хэлээгүй байж, өнгөрсөн хойно нь энэ саналыг оруулж ирж байгаа нь буруу гэж үзсэн. Түүнчлэн УИХ-ын тухай хууль Төсвийн хуультай зөрчилдөж байгаа талаар хэлэлцсэн нь 100 хувийн саналаар зөвшөөрөгдөж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу УИХ-ын дахин сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулах, дээрх хоёр сонгуулийн санал хураах цагийг нэг болгох гэсэн Р.Бурмаа гишүүний саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх болсон билээ. Төсөв ид хэлэлцэгдэж буй энэ үед эрдэмтэн судлаачид ч байр сууриа илэрхийлээд амжсан. Тэд татвараар бүрдүүлэх орлогыг үндэслэл муутай төсөөлсөн байна гэж салбарын яамыг шүүмжилсэн. Мөн Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжих төсөл арга хэмжээгээ объект тус бүрээр нь ярьж, 76 гишүүнийхээ шүүлтээр оруулж, хөрөнгө оруулалтынхаа нэгдсэн бодлоготой уялдуулах зайлшгүй шаардлагатай гэсэн. Ингэхгүй бол авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг гээд олон зүйлийн үүд хаалга нээгдэнэ хэмээж байсан юм.

Дашрамд сонирхуулахад Монгол Улсын нийт бүтээгдэхүүн, орлогын 93 хувь нь манай аж ахуйн нэгжийн зургаахан хувьд ноогддог бөгөөд бүтээгдэхүүн, орлогын үлдсэн долоохон хувь нь 94 хувийг бүрдүүлж буй олон аж ахуйн нэгжид хамаардаг. Мэдээж үүнийг зохицуулах хамгийн оновчтой зүйл бол татвар. Гэтэл татварын ямар ч шинэчлэл хийгдэхгүй нь бололтой… Уг нь уул уурхайн баялгаа амжилттай ашиглаж буй Норвеги мэт орнуудад нийт салбарын хувьд 10, 20 хувийн орлогын албан татвар ноогдуулахын зэрэгцээ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 50,20 хувиар нэмж авдаг билээ.

Манай улс яагаад ингэж болохгүй гэж. Яахаараа уул уурхайн баялгийг маань зөөгөөд гарч байгаа компаниуд бусадтай адил татвар төлөх ёстой юм бэ гээд хэлж ярих шийдэж залруулах ажил их л байгаа санагдсан. Тэгээд ч эцсийн эцэст төсвөө Тогтвортой байдлын хуультайгаа уяатай нохой мэт уяж байж л ахиц дэвшилд хүрдэг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Гэхдээ уях сонирхол байхгүй л байх шиг харагдаад байх юм. Яая даа… Уг нь уячихвал…

З.Урансүх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button