Гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хуультай болно
Аливаа томоохон гамшиг нь улс орныг хямралт байдалд оруулах нөхцөл, шалтгааны нэг бөгөөд улмаар үндэсний аюулгүй байдал, улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд муугаар нөлөөлдөг.
Томоохон гамшгийн тоо 1950-аад оноос хойш тасралтгүй өсч иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учруулсан хохирол, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд зарцуулсан зардал, байгаль экологид учирсан /сүүлийн 15 жилийн байдлаар/ нийт хохирлын 45 хувь нь Ази тив, 33 хувь нь Хойд Америк, 12 хувь нь Европ тивд тус тус оногдож, гамшгийн улмаас хүлээсэн хохирлын хэмжээ хөгжингүй орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 3 гаруй хувийг эзэлсэн бол хөгжиж буй орнуудад 6 хувиас давжээ.
Онцгой байдлын ерөнхий газраас 2011 онд Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан бөгөөд гамшгийн эрсдэлийг хуваалцах даатгалын системийг бий болгох талаар тус бодлого хөтөлбөрт тусгагдсан билээ.
Бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг даатгалын компаниудын удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Миг даатгал, Монгол даатгал, Номин , Соёмбо зэрэг 10 гаруй даатгалын компанийн төлөөлөл оролцов.
Монгол Улсад гамшгийн эрсдэлийг хариуцсан даатгалын систем байхгүй бөгөөд сүүлийн жилүүдэд байгалийн гамшгийн тоо давтамж ихэсч, түүнээс учрах хохирол улам өсч байгаа энэ үед гамшгийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, улмаар гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хууль боловсруулан түүнийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа, Онцгой байдлын ерөнхий газар болон даатгалын компаниудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж гамшгийн эрсдэлийн даатгалыг хөгжүүлэх ажлыг яаравчлан эхлүүлэх хэрэгтэй байгааг уулзалтын үеэр онцоллоо.
Эхний 10 сарын байдлаар Монгол Улсад тохиолдсон аюулт үзэгдэл, ослын улмаас 12 тэрбум төгрөгийн хохирол учирч, он гарсаар газар хөдлөлтийн 300 гаруй удаагийн чичирхийлэлт мэдрэгдсэн нь гамшгийн эрсдэлийн даатгалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг илтгэж байгаа юм.
Төрийн өмчит болон хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг даатгалд хамруулах, төрийн ачааллыг багасгах, даатгалын ашиг тусыг олон нийтэд таниулан сурталчлах ажилд хамтран ажиллахад бэлэн байгаагаа даатгалын компанийн төлөөллүүд энэ үеэр мэдэгдлээ.