Орон сууцны үнийн өсөлт цементийн үнээс шууд хамааралтай
захад ч биш, аятайхан байрлалтай газар гурван өрөө байртай болох боломжтой юм байна гэж ойлгогдохоор байв. Харин өчигдөр дахиад байрны үнэ ханш судлахад өмнө асууж байсантай минь бараг адил гурван өрөө байр дунджаар 100 саяд хүрчихэж. Гэтэл Модны хоёр, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойр орчимд гурван өрөө байр 83-86 сая төгрөг байх юм. Харин XIII хороололд 120 саяас илүү үнэтэй байх жишээтэй.
Байрны үнэ цаг хугацаа өнгөрөх тутамд нэмэгдэж байгаа шалтгааныг барилгын материалын ханштай холбон тайлбарладаг. Орон сууцны үнийн өсөлтийн дийлэнх нь цементийн үнээс шууд хамааралтай байдаг гэнэ. Импортоор барилгын материал оруулж ирэх хилийн боомтын тоог нэмэгдүүлж, төрөлжүүлбэл өргөн хэрэглээний үнэ тогтвортой болно. Барилгын материал хямд байвал орон сууцны үнэ буурна гэж эдийн засагчид тайлбарладаг.
Хэдийгээр манай улсад хэд хэдэн цементийн үйлдвэр байдаг ч барилгын компаниуд ихэвчлэн импортоор орж ирж буйг худалдан авдаг байна. Дотоодын хэрэгцээний 30 хувийг хангадаг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн технологи нь нарийн учраас бүтээгдэхүүн нь чанартай тэр хэрээр үнэ илүү, олдоц багатай байдаг аж. Тиймээс ихэвчлэн хятад цементийг сонгоход хүрдэг байна.
Барилгын материалын нэгдсэн цэг болох Зуун айлд нэг уут буюу 50 кг хятад цемент өчигдөр 10500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин Гурвалжингийн гүүрний барилгын материалын захад зөвхөн хятад цемент л худалдаалж буй бөгөөд шуудайгаараа 9000, нэг тонн нь 180 мянган төгрөг байна. Хүйтний улирал эхэлж буй учраас барилгын материалын үнэ ханш буурсан эсэхийг сонирхоход бараг буураагүй гэдгийг худалдаачид хэлсэн юм. Хоёр гурван жилийн өмнө манай зарим нэг эдийн засагч байрны үнэ навс унана гэж чихэнд чимэгтэй таамаг дуулгаж байв. Гэтэл тэр цагаас хойш навс унах нь битгий хэл нэмэгдсээр, байртай болох гэсэн хүмүүсийн хүсэл улам замхарсаар байна. Чухам ямар бодлого хэрэгжүүлбэл байрны үнэ буурах вэ гэдэгт анхаарч, үр дүнг нь үзэж буй жишээ бий.
Дорноговь аймагт орон сууцны ам.метрийн үнэ 770 мянган төгрөг. Аймгийн удирдлагууд бага дунд орлоготой иргэдээ хэрхэн орон сууцтай болгох талаар судалгаа явуулаад, бодит үр дүнг нь үзэж буй гэсэн. Орон сууцны үнийг бүрдүүлдэг газар, дэд бүтцийг нь төр захиргааны байгууллагаас шийдэн, барилга баригдах газрыг үнэгүй олгож, дулаан бохирын шугамыг тавих ажлыг төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэдэг нь үнэ ханшид шууд нөлөөлсөн байна. Тиймээс энэхүү бодлогоо Улаанбаатарт хэрэгжүүлэх талаар аймгийн удирдлагууд ярилцаж байгаа юм билээ. Энэ мэтчилэн бодлого, арга замуудыг тодорхойлж, аль болох боломжийн үнээр орон сууц худалдан авах нөхцөл бүрдвэл тохилог орчинд сайхан амьдрах гэж өдөр шөнөгүй зүтгэж буй хүмүүст хэрэгтэй юм. Тийм ч учраас иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгөх бодлого шаардлагатай байна.
Нэр төрөл | Үнэ /төг/ | Хэмжих нэгж |
Цемент /хятад/ | 10.500 | 1 шуудай |
Цемент /хятад/ | 180.000 | 1 тонн |
Элс | 60.000 | 1 портер |
Хайрга | 100.000 | 1 портер |
Өнгөлгөөний блок | 1.300 | 1 ширхэг |
Тоосго | 240-300 | 1 ширхэг |
Г.Цэцэг