Л.Алтансүх Чадварлаг хүний нөөцийн менежер 20 сая төгрөгний цалин авдаг
хөдөлмөрийн яармаг болж өндөрлөлөө. Энэ үеэр Хөдөлмөрийн яамны Хүний нөөцийн сургалт хөгжлийн албаны дарга Л.Алтансүх нараас цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар доорх тодруулгыг авлаа.
-Хөдөлмөрийн Яамны харъяанд Хөдөлмөрийн судалгааны институт гэж байгуулагдсан. Энэ ямар үүрэгтэй байгууллага вэ?
-Энэ бол цэвэр судалгаа сургалтын байгууллага. Судалгаа гэхээр тоо хөөцөлдөж ирсэн хуучин жишгээр ойлгож болохгүй. Үүнийг бид халж чанарын судалгаа хийх болно. Гол нь хөдөлмөртэй холбоотой судалгаа тандалтыг хийж бодлого боловсруулна. Иргэн ажил олгогч эздийг нэгтгэн холбож ажиллана.
-Өнөөдрийн монголчуудын хурц асуудал болоод байгаа ажилгүйдлийн шалтгаан юу гэж үзэж байна?
-Судалгаа хийж үзсэн л дээ. MSC компанийг хүн бүхэн мэднэ. Энэ компани үйл ажиллагаагаараа Монгол улсад төдийгүй азийн хэмжээнд өрсөлдөж байна. Уг компани 240 хүний нөөцийн менежертэй. Үүнийг нь бид судлаад хүний нөөцийн менежерүүдээ маш өндөр түвшинд бэлтгэдэг юм байна гэж үзсэн. Гэтэл манай төрийн болоод хувийн хэвшлүүд хүний нөөцийн менежерүүдээ энэ хэмжээнд бэлтгэж чадахгүй байна.
-Цалин хөлс бага, нас хүйсээр нь ялгадаг, хэт өндөр шаардлага тавьдаг гээд иргэдэд эх орондоо ажилгүйдэх шалгаан багагүй байна шүү дээ?
– Наадах чинь ярих ёстой асуудал яах аргагүй мөн. Гэхдээ бид өнөөдрийн ажилгүйдлийн шалтгааныг хүний нөөцийн менежерүүдэд байна гэж үзэж байгаа. Хүний нөөцийн менежер гэхээр манайхан боловсон хүчин гэдэг хуучин утгаар нь ойлгоод байдаг. Энэ тийм биш. Асар өргөн хүрээтэй үйл ажиллагаа юм. Учир нь өнөөдөр монгол улсад мэргэшсэн хүний нөөцийн менежер бэлтгэх тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг өнөөдрийн нөхцөл байдал шаардаж байна. Шаталсан кредиттэй сургалтын тогтолцоог ч бий болгож болох юм.
-Монголд өндөр түвшинд бэлтгэгдсэн хүний нөөцийн менежер хэдэн төгрөгний цалинтай байна вэ?
-Өнөөдөр дандаа муу менежерүүд ажиллаж байна гэж бас хэлж болохгүй. Сайн үйл ажиллагаа явуулж байгаа хүний нөөцийн менежерүүд олон байгаа. Зарим нь 20 сая төгрөгийн цалин авдаг жишээ бий.
-Ийм хэмжээнд хүрэхийн тулд яах ёстой вэ?
-Юуны өмнө бид өнөөгийн нийгмийнхээ сэтгэлзүй, иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх эрмэлзлэлийг авч үзэх хэрэгтэй. Үнэндээ өнөөдөр залуучуудад маань ажил хөдөлмөр хийе, их дээд сургууль төгссөн залуучууд дахин суралцая ур чадвараа нэмэгдүүлье, сайн сайхан амьдрая гэсэн хүсэл алга. Өөрийгөө дайчилбал хүн бүрт боломж бий гэдэг нь дээрх жишээнээс харагдах байх.