Д.Бат-Эрдэнэ Улаанбаатар хот илүү иргэнлэг болж байгаа

-Нийслэлийн Засаг дарга хийгээд Иргэдийн хурлын зүгээс олон чухал шийдвэрүүдийг гаргаж, цаашилбал тодорхой шийдвэрүүд үр дүнгээ өгч байна гэж олон нийт ам сайтай байгаа. Хугацаатай ажлуудын үр дүнг тооцох тов ойртож байна?

-2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам анх удаа Нийслэлийн удирдлагын эрхлэх боломжтой болсон. Энэ утгаараа нийслэлийн Засаг даргын зүгээс болон НИТХ-аар хоёр том тогтоол батлагдаж гарсан. Үүний эхнийх нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг сааруулж, ялангуяа нийслэлийн иргэдийг нийтийн тээврээр зорчуулах зорилго бүхий нэгдүгээр эгнээгээр зөвхөн том оврын автобуснуудыг явуулах, дараагийнх нь газрын харилцаа, хот төлөвлөлтийн асуудлын тухай шийдвэр юм. Өнөөдөр бидний гаргасан шийдвэр үр дүнгээ өгч байна гэдэг нь замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан, замбараагүй олгосон газар хийгээд зөвшөөрөлгүй барилгууд цэгцэрч байгаагаас харж болно.

Энэхүү үр дүнг дан ганц бид өөрсдөө дүгнэх бус иргэд хүртэл ам сайтай байгаа. Ер нь бол нийслэлийн удирдлагын зүгээс түүхэндээ анх удаа иргэдийн төлөө санаачилга гаргаж нэгдүгээр эгнээгээр том оврын автобуснууд зорчдог болсон асуудал юм. Яагаад түүхэн гээд байна вэ гэхээр өмнө нь машинтай хүн болгон л хүссэн зорьсон газраа хурдан хүрэхийн тулд бүгд л эгнээ хамаарахгүй түгжрэн явдаг байлаа. Тэгээд ч нийтийн тээврээр зорчдог хүн тун цөөхөн болсон байсан. Засаг дарга болоод НИТХ-аас гарсан шийдвэрийн дагуу нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн том оврын автобус явдаг болсноор олон давуу тал судалгаагаар ажиглагдлаа. Үүний нэг илрэл бол нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдэж, тэдэнд үйлчилж байгаа автобус компаниудыг орлого нэмэгдсэн явдал. Энэ сарын 22 нд бидний хоёр сарын хугацаатай гаргасан шийдвэр маань дуусах гэж байна.

Тэгэхээр замын бөглөрлийг сааруулахаар гаргасан энэ шийдвэрийг цаашид сунгах эс сунгах тухай асуудлыг НИТХ-ын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. Мөн үүнээс гадна нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг ард түмнээсээ асууя гэсэн бодлого барьж ажиллаж байна. Үүний нэг илрэл нь удахгүй үйл ажиллагаагаа эхлэх Call center нэртэй байгууллага юм. Энэ нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдээсээ асуудаг байх, тэдний санал бодлыг хийж хэрэгжүүлж байгаа ажилдаа тусгадаг байх зорилготой. Ер нь Улаанбаатар хот түүний удирдлагын үйл ажиллагаа маш иргэнлэг болсон гэдгийг онцолмоор байна.

-Бас нэг том ажил газрын асуудал, хот төлөвлөлттэй холбоотой шийдвэр байсан. Энэ асуудал ямар үр дүнтэй байна?

-Бидний хэрэгжүүлж буй нэг томоохон ажил бол газрын харилцаа, хот төлөвлөлтийн тухай. Өнөөдөр бид ямар замбараагүй, төлөвлөлтгүй хотод амьдарч үүнийг дагасан сөрөг үр дагаварууд олон гарсныг иргэд мэдэж байгаа. Манай улсын тэн хагас нь нийслэлдээ суурьшчихсан хэрнээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл тийм ч хангалттай бус байна. Энэ бүхнийг цэгцлэх зорилго бүхий хотын төвийн 1300 га газрыг дахин барилгажуулах ажлыг зогсоосон асуудал. Ер нь бол цаашдаа хот төлөвлөлтийн асуудлыг эргэж харах нь өнөөдрийн бидний амьдрал дундаас зайлшгүй гарч ирсэн. Гэр хорооллыг цаашид хэрхэн хөгжүүлэх юм бэ, замбараагүй баригдсан барилгуудын хэрхэх гээд тулгамдсан олон асуудал байна. Эдгээрийг зохицуулах хууль эрхзүйн орчинг өөрчлөх, шинэчлэхээс өөр арга алга.

Үүнтэй холбоотой арав гаруй төрлийн хуулийн төслийг санаачлан боловсруулах ажил ид өрнөж байна. Тухайлбал, гэр хорооллын хэсэг иргэд ярьж тохиролцоод орчноо сайжруулах санаачлага гаргаад хэдэн айл нийлээд хашааныхаа газрыг дахин төлөвлөж болно. Тэгвэл энэ газрыг хувь нийлүүлсэн газар гэе л дээ. Гэтэл өнөөдөр манай мөрдөгдөж байгаа хуулинд хувь нийлүүлсэн газар-ын тухай ойлголт алга. Энэ мэтчилэн өнөөдрийн бидний амьдрал дундаас урган гарч ирж байгаа

олон асуудал бий. Бас нэг зүйл бол олон жил яригдсан нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль байна.

-Өнөөдрийн Улаанбаатар хотын үйл ажиллагаатай холбоотой хийж буй ажлын талаар?

-Мөн Засаг даргаас санаачлан хийхээр төлөвлөсөн нэг ажил бол нийслэлийн алслагдсан дүүргийн хороод тэр дундаа гэр хороололд төрийн үйлчилгээг ойртуулж Засаг даргын ажлын албыг бий болгохоор зорьж байна. Тухайлбал, Биокомбинат, Гачуурт тосгон, Партизаны иргэд нийслэлийн Засаг даргатай нягт уялдаатай ажиллахыг хүсч байгаа. Зарим тохиолдолд манай иргэд нэг асуудал шийдүүлэх гэж хотын төвийг зорьж цаг алдах асуудал гардаг. Харин Засаг даргын ажлын алба танай хороонд яваад очиж юм бол төрийн үйлчилгээ жинхэнэ эзэддээ хүрнэ гэсэн үг. Дүүргээс сонгогдсон төлөөлөгчид дүүрэг дээр танай хороон дээр очоод Засаг даргын бие төлөөлөгчөөр ажиллана гэсэн үг. Хүний өдөр тутмын амьдралд шийдэгдэх боломж бүхий зарим шийдвэрийг нөгөө бие төлөөлөгч гаргах жишээтэй. Энэ асуудал удахгүй шийдэгдэнэ.

-Нийслэлийн иргэд үгээ хэлж, санал бодлоо илэрхийлэх боломж бүхий дээр дурдсан Call center-ийн талаар тодруулаач?

-Ер нь Засаг даргын зүгээс хотын хөгжлийн асуудал иргэдийн санал санаачлага дээр тулгуурлах ёстой гэсэн бодлого барьж байгаа. Тэр утгаараа өнөөдөр таны амьдралд болж байгаагаас болохгүй хүртэлх бүхий асуудлаа иргэн та манай энэ төвд хандаж нийслэлийн удирдлагуудад хаяглаж ирүүлээч ээ. Бид танай илгээсэн саналуудыг судлаад хотынхоо хөгжилд хийх ажилдаа тусгая гэсэн санаа юм. Ер нь хот өөрөө бараг биеэ даасан статустай болох ёстой. Хүн амын талаас илүү нь нийслэлд ажиллаж, амьдарч байна шүү дээ. Иргэд харилцаа холбооны бүхий л хэрэгслээр дамжуулаад санал шүүмжлэлээ илгээх боломжтой.

-Нэгэнт цаг үеийн асуудлаар ярилцаж байгаа болохоор орон нутгийн сонгуулийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Таны хувьд НИТХ-д АН-ын бүлгийн даргаар ажилладаг?

-Энэ жилийн орон нутгийн сонгуулийн нэг онцлог бол шинэ хуулиар явагдана. Ер нь орон нутгийн сонгууль бол магадгүй УИХ-ын сонгуулиас илүү чухал ач холбогдолтой. Яагаад гэхээр иргэн таны өдөр тутмын ажил амьдралын асуудлыг хамгийн түрүүнд шийдэх хорооны засаг дарга хэн байх вэ, иргэдийн нийтийн хурлын даргаар хэнийг сонгох вэ гээд иргэн таны өдөр бүр тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлүүлэх хүний тухай юм.

Хамгийн түрүүнд иргэдийг сонгуульдаа маш идэвхтэй оролцоосой гэж хүсмээр байна. Үүнээс гадна АН түүхэндээ анх удаа төр барих хийгээд нийслэлд олонхи боллоо. Энэ утгаараа ард түмнийхээ өмнө сүүлийн 20 гаруй жил ярьсан зүйлээ хэрэгжүүлэх том боломж гарч ирсэн. Ард түмнээс олгосон тэр боломжийг ажил хэрэг болгохын тулд бид бүхий түвшиндээ хичээж ажиллаж байна. Ер нь аливаа улс төрийн хүчин өөрийн дэвшүүлсэн бодлогоо бүхий л түвшинд хэрэгжүүлэхийн тулд аль ч шатны сонгуульд ялалт байгуулах.

Тийм ч учраас орон нутгийн сонгуульд иргэд АН-д итгэл хүлээлгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Итгэлийн ард маш том хариуцлага байдаг. Бид ч бас итгэлийг нь зүтгэлээр хариулах болно. Миний хувийн бодлоор бол эрх мэдлээр давуу байгаа хүн бүхэн нам байгуулаад л тэдэнд таалагдахгүй бол намаа тараадаг явдал тийм ч зохимжтой санагддаггүй. Энэ бол ард түмнээрээ тоглоод байгаа хэлбэр. Ер нь аливаа улсын хөгжлийг улстөрийн намаар дамжуулж хийх нь гарцаагүй зүйл. Харин үүний оронд нөлөө бүхий 2-3 нам л байх хэрэгтэй. Магадгүй тун удахгүй улс төрийн том реформ хийгдэх цаг нь ойртсон болов уу гэж хардаг.

О.ЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button