Хүн болгон их дээд сургууль төгсөх албагүй

нийтийн тээврээр үнэгүй явах наалт хүрэлцсэнгүй, оюутнууд эрхээ эдэлж чадахгүй байна гээд л тэд гомдоллоод эхэлдэг. Монголын оюутны холбоо гэх байгууллага тэдний эрх ашгийг хамгаалж байгаа нэрээр асуудлыг улстөржүүлэн, юу юугүй жагсаал цуглаан хийнэ гэж холбогдох яам, газруудыг сүрдүүлэх нь ч нэмэгддэг.

Өдгөө улсын болон хувийн 140 гаруй их дээд сургуульд 180.0 гаруй мянган оюутан сурч байгаа гэнэ. Үндсэндээ ахлах анги төгсөгчид бараг л тэр чигээрээ их, дээд сургуульд оюутан болон элсэн орж байна гэж ойлгож болохоор. Хувийн дээд сургуульд ч хамаагүй оюутан болж, элсэхгүй бол ангийнхан, найз нөхдийнхөө өмнө онигоо болно гэж ахлах ангийн хүүхдүүд ярьж байх юм. Дээр нь тэд нэгэнт оюутан болчихвол хичээлдээ муу, сайн байхаас үл хамааран cap бүр 70.0 мянган төгрөг авна, болсон болоогүй багшаар хичээл заалгана, сурсан мэдсэн юмгүй сургуулиа төгсөнө, ямар ч хамаагүй үнээр дипломдоо өндөр үнэлгээ тавиулахыг хичээнэ. Цаашлаад оюутнууд сургуулиа, багш нараа, боловсролын болон улс төрийн тогтолцоог муулна. Тэдний ихэнх нь суралцсан дөрвөн жилдээ уншиж судлан, сайн боловсролтой мэргэжилтэн болохоосоо илүү бусдыг шүүмжилж, аливааг аргалж, өөрийгөө хуурч сурна.

Оюутнууд 500 мянган төгрөгөөр Iphone авч бусдадаа чамирхах, нэг- нийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт өдрөөр 50, 100 мянгаар нь мөнгийг үрэх хэрнээ, бүтэн жилийн сургалтын төлбөр нь 500 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг сонсоод боож үхэхээс наагуур юм болно.

МОХ гэх байгууллага нь тэдэнд таалагдахын тулд Төлбөрөө бууруул гэх шаардлагыг их дээд сургуулийн удирдлагуудад илгээнэ. Зүй нь бол оюутны сургалтын төлбөр өндөр байх ёстой. Учир нь оюутны дөрвөн жилд нь тэдний ирээдүйн 40 жилийн өнгө-ийг тодорхойлно. Та хэдий чинээ оюутан байхдаа хичээнэ, төдий чинээ ажил амьдралдаа амжилт гаргана. Тиймээс танд, таны суралцаж байгаа салбарын шилдэг багш нар хичээл заах ёстой, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг сургалтад ашиглах ёстой, онол практикийн салбарт амжилт гаргасан хүмүүс танд туслах ёстой. Харин энэ бүхнийг өндөр төлбөрийн цаана л бий болох боломжтой.

Шинжлэх ухааны судалгааны тодорхой салбарт амжилт гаргасан, дэлхийд биш юмаа гэхэд Ази, Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн сард 1000 ам.доллар хүрэхгүй цалингийн төлөө их сургуульд багшаар ажиллана гэж үү.

Уг нь үүнийг ойлгож ядаад байх юмгүй. Сургалтын төлбөр яг л, та дэлгүүрээс талх худалдан авдагтай адилхан. Хэрвээ та мөнгөтэй бол хамгийн чанартай талхыг олон хачиртай авч чадна, мөнгөгүй бол хамгийн хямд талхыг сайндаа л маслоор хачирлахаар авна. Товчхондоо авч чадахынхаа хэрээр төлөх зах зээлийн эрүүл зарчим энд үйлчилж байгаа хэрэг.

Сүүлийн гурван жилд инфляци 15, сургалтын төлбөр 30 гаруй хувь нэмэгдсэн. Инфляцийг давсан байдлаар сургалтын төлбөр нэмэгдэх ёсгүй. Бид хэвлэлийн бага хурал хийж байж их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэх асуудлыг намжаасан гэж Оюутны холбооны хариуцлагатай ажилтан ярьж байна билээ. Үнэндээ боловсролдоо хөрөнгө оруулна гэдэг мах талхны үнэ нэмэгддэгээс арай өөр ойлголт. Түүнийг үүнтэй харьцуулах нь утгагүй. Магадгүй МОХ-ныхон энэ үйлдлээ сайн үйл гэж ойлгож болох ч монголын дээд боловсролын ирээдүйг сүйрүүлж байгаагаа одоо ч ухаарахгүй байна.

Өнөөдөр гайгүйхэн шиг хувийн дунд сургуулийн жилийн сургалтын төлбөр 1.5-6.5 сая төгрөг байна. Эдгээр сургууль улсын хэмжээний уралдаан тэмцээн, олимпиадад амжилттай оролцсон багш нарыг өндөр цалин, хангамжаар татан ажиллуулж, тэдгээр багш нар хичээл бүрийн олимпиадад тэргүүлдэг топ сурагчдыг төрүүлэн гаргаж байна.

Энэ бол зах зээлийн зарчим, хэн боломжтой нь хүүхдээ ахлах сургуульд өгч болно. Тэнд улсын сургууль шиг нэг ангид 40 сурагч, нэг ширээнд гурваараа зэрэгцэн суухгүй, 2-3 ээлжээр хичээллэхгүй, хичээлдээ ядарч, олон хүүхэдтэй харилцсаар залхсан, ууртай багш хичээл заахгүй. Бодит байдал ийм атал дээд боловсрол чанаргүй тухай бид их ярьдаг. Тэгвэл, хэзээ бид боловсролынхоо төлөө төлж чаддаг болох вэ. Тэр цагт сургууль нь сүүлийн үеийн техник технологиор хангагдаж, шилдэг багш нараар хичээл заалгаж, дэлхийтэй хөл нийлэн алхах мэргэжилтэн болох болно.

Хүсэхгүй, бас чадахгүй бол хүн болгон заавал их дээд сургууль төгсөх албагүй, төрийн оролцоо энэ тохиолдолд зөвхөн сурч чадах ч, төлж чадахгүй байгаа нийгмийн тодорхой хэсгийг л дэмжих ёстой. Миний мэдэх олон хүн их, дээд сургууль төгсчихөөд хүсч мөрөөдөж байсан ажлаа хийж чадалгүй тэс өөр ажил хийж амьдарч байгаа тохиолдол олон бий. Улс орон маань хөгжиж, бүтээн байгуулалт ид өрнөж, тэр хэрээр бидэнд мэргэжилтэй ажилчид ус агаар мэт хэрэгтэй болж байна. Гэтэл их дээд сургууль төгссөн олон залуус цамаан зан, цагаан гарнаасаа болж хар ажил хийхгүй гээд хоосон хонох дээрээ ч тулж байгаа нь ч байх.

Харин ажилд авах зарын сонин дээр Эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн хүнийг худалдагчаар авна гэсэн зар байсаар байгаа нь дээд боловсролын үнэ цэнийг унагаж байгаа хэрэг. Угтаа энэ зарыг бичсэн ажил олгогч биш, эдийн засгийн чиглэлээр дөрвөн жил сурч төгссөн ч худалдагчаас өөр ажил хийж чадахгүй байгаа залууст энэ зар хамаатай. Хэний ч төлж чадах төлбөртэй сургуульд элсэж, хэн бүхний мэддэг зүйлийг л мэдээд, хэзээ ч хэрэглэхгүй мэдлэг эзэмшсэний шан нь энэ.

Ц.Мөнхбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button