Буруу бүхэн барилгынх биш

салбар нь барилга гэхэд буруудахгүй.

Дээрээс нь мянга, мянган хүнийг хийх ажил, идэх хоолтой болгож буй учраас энэ салбарыг өмөөрмөөр байна. Учир нь засаг, төр солигдсон даруйд барилга бол ард түмнийг хохироогч, хүний амь хөнөөгч, бараг л ард түмний дайсан мэт үзэх боллоо.

Барилга хүний амь авлаа л гэх. Цементэн бетон, төмөр арматураар хэлхэгдэн босч буй энэ биет хүн ална гэхээр логикийн хувьд тун ч алдаатай дүгнэлт болж таарна. Яг үнэндээ монголчуудын хайнга, болгоомжгүй, нэг үгээр хэлэхэд аминдаа хайргүй зан үхэл, эндэгдлийн шалтгаан болдог. Хамгаалалтын малгай, бээлий өмсүүлэх шаардлага тавихаар Чадахгүй, сураагүй юм гэж хэлдэг жишээ цөөнгүй. Аливаа зүйлийг ном дүрмээр нь хийхийн оронд хялбарчилдаг нь ч бидний муу зан.

Барилга дээр гарч буй ослоор олон хүн үхэж байна гэж ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ авто зам, уул уурхайн салбарт хэчнээн монгол хүн амиа алдаж байгаа билээ. Тодруулбал, авто ослоор жилд 350-400 хүн амь насаа алддаг гэсэн судалгаа байдаг. Мөн архинаас болж өдөрт дөрвөн хүн нас бардаг гэх тоо гарсан байх юм. Тэглээ гээд архины үйлдвэрүүдийг хаана, барина гэснийг сонссонгүй. Өдгөө архины үйлдвэр шиг сонгодог утгаар хөгжиж, улам бүр төгөлдөржиж байгаа үйлдвэр алга. Эзэд нь гэж Монголын толгой луухгарууд. Улстөрд ч орсон байх шиг.

Уул уурхай ч ялгаагүй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд өнгөрсөн жил гэхэд Налайхын нүүрсний уурхайн цооногт 14 хүн амиа алдсан байдаг. Үйлдвэрлэлийн чанартай нийт ослын 60 хувь нь уул уурхайд гарч, амиа алдагсдын 51.7 хувь нь энэ салбарт ажиллаж байсан аж. Харин ард түмэн, төр засаг Уул уурхай минь, Мөнгө минь гэснээс эндхийн хөдөлмөр хамгааллыг дээшлүүлэх тал дээр ямар арга хэмжээ авсан бол.

Эдгээрийг нуршсанаараа үхлийг дугаарлах гэсэнгүй. Үүнийг арай өнцгөөс, зөвөөр хараасай гэсэндээ бичиж байгаа юм. Тэгээд ч барилгын салбарт амь насаа алдлаа гэсэн мэдээлэл өмнө нь барагтай бол гарч байгаагүй санагдах юм. Гэтэл одоо Муу л юм болбол зүүн хойд талын хар овоохой гэдэг шиг буруу бүхнийг барилгын салбарт нялзаадаг болох нь. Тэгээд бас хальтрахад нь түлхдэг зангаар хэдэн барилгаа зогсоочхоод Улаанбаатарыг утаанаас салгаж, иргэдээ тав тухтай амьдруулна гэж ярих нь нэг л авцалдахгүй юм.

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button