Шигшээ багаа өргөтгөв
Олимпийн цикль эхлээд буй энэ мөчид гаргасан уг шийдвэрийг нүдээ олсон хэмээн багш дасгалжуулагч, мэргэжлийнхэн үнэлж байгаа юм.
Тус холбоо өмнө нь эрэгтэй 21, эмэгтэй 12 нийт 33 тамирчин, дөрвөн дасгалжуулагчаас шигшээ багийг бүрдүүлдэг байсан бол энэ удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр 28 тамирчин, долоон дасгалжуулагчтай байхаар болжээ. Энэ нь гадаад орнуудын нийтлэг жишиг бөгөөд жүдо бөхөд олон залуу чадварлаг тамирчин хүч түрэн орж ирж байгааг харгалзан үзэж ийнхүү шийдсэн байна. Шигшээ багт тамирчид, дасгалжуулагчдыг шалгаруулж авахдаа 2013 оны улсын аваргын болон олон улсын чанартай тэмцээнд үзүүлсэн амжилтыг нь харгалзан үзэж, Спорт бэлтгэлийн төвийн дэргэдэх Үндэсний шигшээ багт санал хүргүүлснээр шигшээ багийн тамирчин гэгдэх ажээ.
Мөн жүдо бөхийн холбоо нь дэд ерөнхийлөгчдийнхээ тоог нэмсэн нь залуучуудын болон, өсвөр үеийн шигшээ баг байгуулж буйтай нь холбоотой гэнэ.