Би Яруу найргийн гол-д төрсөн

Ж.Дашдондогийг Эх орны дусал булангийн зочноор урьсан юм.

-Таны төрсөн газрыг Шувуутын гол гэж нэрлэдэг гэл үү?

-Булган аймгийн Бүрэгхангай сумын Шувуутын гол гэдэг үнэхээр сайхан онгон дагшин, бурхны орон гэмээр газар байдаг. Би энэ голын хөвөөнд төрж өссөн. Анхны шүлгээ энэ голын хөвөөн дээр бичсэн. Өвс ургамал жигдэрсэн байгалийн сайхан хүрээлсэн нутаг даа. Нэгэн цагт энд Халхын Цогт хунтайж шүлгээ бичиж байсан гэхэд үгүй гэх газаргүй. Эндээс холгүйхэн Цогт тайжийн цагаан байшин байдаг юм. XҮIII зууны үед Монголын их яруу найрагч Эрдэнэ бандид хувилгаан Агваансамбуу гэдэг хүн ч энд шүлгээ бичиж байсан гэлцдэг. Тэрээр шүлэг бүрийнхээ дор Бүрэг шар шувуутай гэж бичдэг байж. Энэ нь манай Шувуутын голыг тэр үед Шувуутай гэж нэрлэж байсны баталгаа.

-Тэгвэл эртнээс яруу найргийн онгод хөглөсөн газар байх нь?

-Тийм ээ. Олон яруу найрагч, олон зохиолч энэ голын хөвөөн дээр шүлгээ бичиж байсан юм билээ. Тэднийг энэ голоос энерги авч байсан гэж би боддог. Шувуутын гол нь Бүрэгхангайн нутагт хамаардаг. Энэ гол нь Орхон сумын нутгийг дайран урсаад Орхон голд цутгадаг юм. Нэлээн доод хэсгээр нь яруу найрагч Жанчивын Шагдар шүлгээ бичиж байсан бөгөөд түүний эрэмгий сайхан шүлгүүдэд энэхүү голын нэр олонтаа гардаг. Мөн энэ голын хөвөөнд хүүхдийн нэртэй зохиолч Гэндэнгийн Сэсмээ шүлгээ бичиж байсныг манай ард түмэн сайн мэднэ дээ

Тэмээ том оо

Тийм ээ хө

Тэгнээ ачаа

Даана аа хө… гээд хүүхдэд зориулсан сайхан шүлгүүдтэй энэ хүн бол Шувуутын голын хөвөөн дээр төрж өссөн юм. Ингээд бодохоор манай Шувуутын голыг Яруу найргийн гол гэж хэлж болмоор ч юм шиг ийм л ариун дагшин сайхан газар.

-Нас ахих тусам нутаг бодогдож, багын дурсамж сэтгэлээс салахгүй болдог гэдэг. Танд мэдрэгдэж байна уу?

-Нутаг сэтгэлээс холдоно гэж байдаггүй. Өглөө болохоор уулын цаанаас нар гарч шувууд жиргээд зурам тарвага хошгирч, адуу малын дуу сонсогдож, Шувуутын голын өргөн зүлэг рүү үхэр цуваад л мөн ч сайхан даа. Хомоолтын өвөр гэх Шувуут голын арын уулыг давж адуу тургилж давхиад Шувуут уул өөд хонин сүрэг дэлхэж, тал тал тийш мал бэлчиж амгалан сайхан зуны өглөө эхэлж байснаа үд дундын алдад Бүрэгхангай гэж цэнхэр том уулын шувтрах сүүл өндрийн араар бороо шаагиад л. Бороон дуслууд хөгжмийн утас шиг.

Бас

Дунд ухаагийн араар

Дуутай бороо шаагина… гэдэг ардын дууны үг яг тэндээс төрсөн юм шиг надад санагддаг байсан. Дуутай бороо дорхноо өнгөрөхөд миний багад их алдаршиж байсан.

Дуутай ширүүн бороо

Цайран цайран дөхнө

Дурайсан урт замаар

Нэгэн хархүү давхина… хэмээн бичсэн Д.Тарваа гуайн шүлэгт гардаг тэр хархүү нь давхисаар Шувуутын араар гардаг замаар гарч байгаа юм шиг өдөр болгон тийм л дүр зураг харагдана даа. Тэгээд л маргааш өглөө нь өчигдрийн орсон борооны чийг хатаж амжаагүй байхад цэцэг жимс дэлгэрээд л нойтон өвсөн дээгүүр хөл нүцгэн гүйгээд л. Ийм сайхан нутагт төрсний ачаар сэтгэлээс минь шүлэг урсч байдаг биз.

Аранзал зээрд морины

Хатан дэлхийд дөрвөн туурай

Дөрвөн туурайгаараа бөмбөрдөн… гэсэн энэ сайхан шүлгийн минь мөрүүд Шувуутын голын араар давхиж яваа тэр морьдын төвөргөөнөөс гарсан ч байж магадгүй юм.

-Та энэ сайхан нутгаасаа уран бүтээлээ эхэлсэн үү?

-Шувуутын ард аав ээжтэйгээ үлгэрт гардаг шиг сайхан амьдарч байлаа. Би бага байхдаа уурлаж, хүн зодолдож байхыг хараагүй. Харин манайд ирсэн хүмүүс намайг өвөр дээрээ суулган өхөөрддөг байсныг мэднэ. Бага байхдаа би Шувуутын голын шавраар элдэв амьтны дүрс хийдэг байлаа. Гэтэл нэг өдөр манайд нутгийн өвгөд яагаад ч юм цугласан байв. Тэгэхэд ээж миний шавраар хийсэн зүйлсийг сонирхуулан үзүүлж, өвгөд. Энэ Дондог хүү чинь уран хүн болох нь хэмээн магтацгааж билээ. Одоо бодоход миний хийж байсан зүйлс маань шавраар хийсэн шүлэг ч байсан байж магадгүй юм. Мөн цасан дээр саваагаар морь, үхэр их зурдаг байсныг ээж, аав минь үзээд хүүдээ юм зурах цаас олж өгөх юмсан гэдэг байлаа. Тэр үед цаас их ховор. Одоо бодоход анхны шүлгээ дүрсээр тэрлэж байсан нь тэр юм болов уу.

-Эрдмийн гараагаа эхэлсэн цаг үеэсээ дурсахгүй юу?

-Тэр үед сургуульд хөөх гэж нэг юм болдог байсан хүүхэд дутсан байна л даа тэгээд би долоон настайдаа сургуульд орсноор миний амьдрал их өөр болсон. Шувуутын голоосоо мордоод Бүрэгхангай сумын төв дээр очиж сургуульд суудаг байлаа. Эмэг эх сургуульд оруулахгүй гэж өвөр ардаа нуух дөхдөг байсан гэдэг дээ. Би эмэг эх дээрээ өссөн болохоор намайг холдуулахгүй гэж боддог байсан нь тэр л байх л даа. Багадаа морь их унадаг байсан маань надад нөлөөлж Аранзал зээрд зэрэг олон сайхан шүлгийн зохиолууд бичигдсэн байх. Эмээ Данзанравжаагийн шүлгүүдээр ярьдаг хүн байсан. Нисч явдаг хүний тухай сонин зүйл ярьж байсан. Тэр нь бодит хүн байсан юм билээ. Хонх, дамар дуугарахаар Аан Давхарга гайхал явж байна гэдэг байж. Тэр сонин түүхийг эмэг ээжийнхээ Д.Бүтэд гэдэг нэрээр Нисдэг гайхал ном болгож бичсэн. Эмээ яг зохиож байгаа юм шиг ярьдаг хүн байсан. Ээж аав хоёр маань надад Бид чамайг хүмүүжүүлээгүй. Бид харанхуй бүдүүлэг хүмүүс шүү дээ. Чи өөрөө өөрийгөө л хөгжүүлж, хүмүүжсэн гэж хэлдэг байлаа. Зүр уулын өвөрт манай ээж төрсөн. Ээжийг Батын Сүх, аавыг Даржаагийн Жамба гэнэ. Аав маань сурчин байсан. Сураа 60 жил харвасан. Аавын нэрэмжит сурын тэмцээнийг жил бүрийн зургаан сарын 1-нд Хүүхдийн баяр-аар хийдэг, 15 дахь жилдээ хийж байна. Энэ тэмцээнд хот хөдөөгийн хүүхдүүд оролцдог.

-Та номын амтанд хэзээнээс шимтэж эхлэв ээ?

-Сургуульд орсон хойно манай ангийн багш Лувсанчүлтэм Дашинчилэн ороод ирэхдээ Нугасны муухай дэгдээхэй гэдэг ном авчирч өгсөн. Тэр номыг уншиж өгөхөд нь сонсчихоод энэ ер нь миний амьдралыг бичсэн юм биш байгаа, дандаа ад шоо үзэгдэж явдаг намайг бичсэн юм байна гэсэн бодол төрж байлаа. Сумын төвд очоод хүүхдэд их зодуулдаг байлаа. Учир нь хүүхдэд хоч их өгдгөөсөө болж зодуулна. Шар хүн шартай, шарсан мах амттай гээд зугтахаар Шар Цэдэндамбаа гүйцэж ирээд л хүзүү рүү цас хийчихнэ. Багш нөгөө номыг Дашинчилэнгээс авч ирсэн болохоор Дашинчилэнд суугаа Андерсонд гээд захиа бичээд явуулж байлаа. Уран зохиолын ертөнцөд Андерсоны шүлгээр дамжиж орсон юм.

-Үг сургаалаа харамгүй хайрлаж байсан нутгийн буурал өвгөдөө дурсвал ямар вэ?

-Нутгийн өвөгчүүл бол ямагт сэтгэл зүрхэнд байдаг. Манай суманд Пэрэнлэй гэдэг номтой лам хүн байсан. Чамд өгөх гээд хадгалж байсан юм. Манай нутгаас чи л авах ёстой гээд тэр судраа надад өгсөн. Мөн мөнгөн эдлэл цуглуулдаг Дондог өвгөн надад мөнгөн эдлэл бэлэглэсэн. Ингэж л манай нутгийнхан юу л олдоно түүнийгээ Дондогтоо өгнө гээд хадгалчихдаг байсан. Би дөрөвдүгээр ангиа төгсөөд Булган руу явлаа. Манайх аймгийн төв бараадаж, аав нэг баазын манаач хийдэг болсон. Би гэрээсээ сургууль руу явахдаа бүтэн цаг явж хүрдэг байсан. Замд номын мухлаг таарна. Нэг удаа дэлгүүрт ороод зогсож байтал хөдөөнөөс Галсанжамц ах ирсэнтэй тааралдлаа. Ах аравтын дэвсгэрт гаргаж ирээд чихэр авчирч чадсангүй ном аваарай гээд өгөхөд хагартлаа баярлаж билээ. Хамгийн анх Долоон дэлбээ цэцэг үлгэрийн ном авч уншаад ангийнхандаа яриад, уншсан номоо тэдэнд зарсаар байгаад тэр мухлагийн номыг дуусгасан. Магадгүй тэр номууд намайг хөгжүүлсэн байх.

-Та энэ сайхан байгалиас билиг ухаан цэгцэрсэн хүн. Тиймээс уул усныхаа сонин домгоос ярьж өгөхгүй юу?

-Баянхангай уулын Зүрх гээд газар манай өвөлжөө байдаг. Энэ уулын өвөрт Эрдэнэ-Бандид хувилгаан Агваансамбуу яруу найргийн бурхан Янжинлхамтай уулзаад яруу найрагч болсон гэж нутгийн ардууд ярьдаг. Дараа нь тэр ууланд манай нутгийн нэг хүн яруу найрагч болно гэж гараад чадаагүй ирсэн гэдэг. Ганцхан Агваансамбуу л тэнд Янжинлхам бурхантай уулзсан гэлцдэг. Манай нутгийнхан надад уран бүтээлийн байшин барьж өгсөн, мөн тэр миний байр байгаа газарт Эрдэнэ-Бандид хувилгаан Агваансамбуу яруу найрагчийн бүтээлийн ордон ч бас бий. Хамгийн их алдартай бүтээл болох Өнчин янзаганы үг зохиолоо тэнд бичсэн гэдэг дээ Манай нутагт Хүннүгийн хотын хэрэм бий. Бүрэгхангайн ууланд ногоон морь бий. Өвс нь морь болоод ургачихсан. Ногоон морьт гэдэг энэ газрыг гадаадынхан их сонирхдог юм. Би Ногоон морь үлгэр бичсэн.

-Уран бүтээлээ биеэрээ жүжиглэж, бас дуулж хүүхдийг хөгжөөдгийг тань мэднэ. Та өөртөө тохиолдсон явдлаасаа хүүрнэвэл сонин байх даа?

-1997 онд юм даа. Аяыг нь Г.Алтанхуяг хийсэн Шувуут голын жараахай гээд дуу бий Шувуут голын жараахай нь шумбаж үсчээд байна уу даа… гээд энэ дуу маань Булганы тухай дууны уралдаанд гуравдугаар байрт орж байлаа. Дууг минь Д.Сосорбарам дуулах ёстой байтал өөр тоглолттой нь давхцаад ирж өгдөггүй. Тайзан дээр дуулна гээд зарлачихсан байдаг тэгээд Морин хуурын чуулга хөгжимдөөд л байдаг. Намайг дуудаад Дуучин чинь хаачив, энэ дууны хөгжмийг гурван удаа тоглочихоод байна гэхэд тэсэхээ байгаад би өөрөө дуугаа дуулж байтал том гар мөрөн дээр цохиод, харсан чинь Д.Сосорбарам ирээд, би сандарсандаа болоод зугтах гэтэл Хоёулаа дуулъя гээд дуулсан даа.

Г.Ганболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button