Уранаар яах вэ, устайгаа л үлдье…
![](/wp-content/uploads/upload/oldolloo/uran140.jpg)
Эргээд харах нь ээ, ихээ хялбаршуулсан гаргалгаа байсан байгаа юм. Улс төрийн хүрээнд утга алдсан гэж тодотгож болохуйц хардлага газар авч, эдгэшгүй өвчин болон хувирчихаад байгаа юм биш байгаа гэх бодол эцэс төгсгөлгүй мэт төрөөд байх боллоо, сүүлийн үед. Гэхдээ энэ удаа онцолж, Монгол Улсын Ерөнхий сайдыг хардлагын хар мананд умбахад хүргэсэн Хайрхан ордын талаар сонирхлоо.
Мэдээж, мэргэжилтнүүдийн түвшинд мэргэжлийн нарийвчилсан байдлаар хардлага үүсэх болсон шалтаг шалтгааныг тайлбарлаж чадахгүй ч бусдын хийсэн судалгаанд дулдуйдан Хайрхан болон Хараатын ордын талаар сонирхуулахаар шийдлээ.
ХАЙРХАНЫ ОРД
Тус орд газар нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших бөгөөд найман мянган тонн орчим нөөцтэй ба Хараатын орд газар нь мөн аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутагт орших бөгөөд долоон мянган тонн ураны нөөцтэй юм байна. Эдгээр орд газрыг нээхэд Гурвансайхан ХХК-ийн хөрөнгө оруулагч Денисон майнс корпорациас 245 мянган уртааш метр өрөмдлөг болон геологи, гидрогеологи, геофизикийн иж бүрэн судалгааны ажлыг явуулж гурван удаа технологийн туршилтыг орд газрууд дээр нь хийж 26 орчим сая ам.долларын санхүүжилт зарцуулжээ. Түүнчлэн Хайрхан, Хараатын ордууд дээр хийгдсэн технологийн туршилт нь газрын дор уусгах арга (ГДУА)-аар энэ ордууд дээр уран олборлох боломжийг тогтоосон бөгөөд орд газруудыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг ч боловсруулчихсан гэх. Түүнчлэн Гурвансайхан компани нь дээрх ордуудаас гадна Дундговь аймагт Гурвансайханы, Сүхбаатар аймагт Өлзийтийн талбайнуудад ураны орд газруудыг нээхээр геологи хайгуулын ажлыг эрчимтэй явуулдаг гэж дуулдсан. Эх сурвалжийн өгүүлснээр тус компанийн Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийтийн талбайд явуулсан ураны эрэл хайгуулын ажлаар нийтдээ 20 гаруй мян.тонн ураны нөөц илрүүлэн тогтоох боломж бүрдсэн бөгөөд тодруулбал, жилд 500-1000 тонн уран олборлох үйлдвэрийг байгуулах эрдсийн түүхий эдийн баазыг бүрдүүлсэнтэй адил гэж ойлгоход болно.
ХАРААТЫН ОРД
Дорноговь аймгийн нутагт Чойрын хотгорт орших Хараатын ураны ордыг 1994-1997, 2007 онд гүйцэтгэсэн эрэл, үнэлгээ, нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгээр тогтоосон гэдэг. Хараатын ураны ислийн нөөц 7,2 мянган тонноор хэмжигддэг. Хараат Хайрханы ордууд нь элсэн чулуунд агуулагдсан инфильтрацийн гаралтай тунамал ордууд бөгөөд ер нь манай орны хэмжээнд ураны нэлээд хэдэн төрлийн хүдэржилт тогтоогдсон байдгаас үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий хуримтлал үүсэх боломжтой төрлүүд нь зургаахан байдаг юм байна. Эдгээрээс хамгийн өндөр ач холбогдолтой төрөл нь тунамал гаралтай элсэн чулуун дахь ураны хүдэржилт аж.
Эргэн сануулахад өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр Хараат, Хайрханы ордуудын ураны нөөцийг хэлэлцэн нөөцийг улсын нөөцийн санд бүртгэхээр тогтсон бөгөөд ураны орд эзэмшиж байгаа Кожеговь ХХК, Гурвансайхан ХХК, Эмээлт майнз ХХК-иуд ойрын гурав дөрвөн жилийн . дотор Гурванбулаг, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан Уул, ураны ордуудын олборлолт, боловсруулалтыг эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээллээр энэ ажлын эхлэлийг Гурвансайхан ХХК нь 2015 оны сүүлээс газрын доор уусган баяжуулах аргачлалаар олборлолт, боловсруулах бололтой юм билээ. Өөрөөр хэлбэл, Гурвансайхан ХХК нь боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг жилд 1000 тн уран үйлдвэрлэхээр тооцсон. Тодруулбал, Хайрхан ордын жилийн хүчин чадлын хэмжээг урьдчилсан ТЭЗҮ-д тусгагдсан байдлаар, Хараат ордын жилийн олборлолтын хүчин чадлын хэмжээг Хайрханы ордын олборлолтын жишиг үзүүлэлтээр авсан гэж албаны хүн хэлсэн.
За ямартай ч шинэчилсэн засгийн тэргүүн яг юунд зарцуулах нь тодорхойгүй 50 тэрбум төгрөгийг сейф-ндээ үлдээхээр зүтгэж буйг дээр дурдсан орд буюу ураны олборлолттой холбоотой гэж үзэгсэд цөөнгүй байгаа нь маргашгүй үнэн. Тэгээд ч Дорнод Гурванбулаг, Хараат, Хайрхан, Дулаан-Уул, Гурвансайхан, Өлзийтийн ураны орд газруудын нарийвчилсан хайгуулын ажлын үр, зарим ордын технологийн туршилтын явцын байдлыг үндэслэн эдгээр ордуудыг түшиглэн боловсруулах үйлдвэрийг 2012 оноос үе шаттайгаар барьж байгуулахаар төлөвлөж, тэдгээрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлууд хийгдэж байгаа нь хардах хангалттай үндэслэл биш гэж үү. Нөгөөтэйгүүр ирэх оны төсвийн төсөл дээр энэ талаар ганц ч өгүүлбэр тавигдаагүй байгааг бүү март. Аль ч өнцгөөс нь харсан магадлал маш өндөр хувьтай байгаад байгаа юм гэх гэсэн юм л даа. Үүнтэй зэрэгцэн уран олборлох технологи нь дэлхийн ураны олборлолтын 29 хувийг эзэлдэг бөгөөд газар шорооны ажил хийгддэггүй, экологийн бохирдол харьцангуй бага байдгаараа илүү дэвшилтэт арга бөгөөд Хайрхан, Хараатын орд дээр байгуулах үйлдвэр нь энэхүү технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх гэж байгаа юм гэх мэдээлэл түгээд эхэллээ.
Уучлаарай, ураныг олборлоход экологийн бохирдол багатай гэж хэн хэлсэн юм бэ. Заримдаа ч мэдэхэд мэргэн цоохор мэдэхгүйд эрээн цоохор гэдэг ч үнэн юм даа гэтэл хуурах юм, хүн ардаа. Энгийнээр тайлбарлавал газрын гүн рүү тусгай хоолойгоор ус шахаад гүн дэх уранжсан усыг мөн л тусгайлан бэлтгэсэн хоолойгоор дамжуулан дээш татаж, хүхрийн хүчил ашиглан уснаас ялган аваад, цэвэршүүлсэн усыг эргүүлэн газрын гүн рүү шахах технологи л доо. Дэлхий нийтээр энэ технологийг хэрэглэж буй бөгөөд байгаль орчинд хор нөлөөлөл багатай, газрын хөрсийг эвдэж сүйтгэдэггүйгээрээ давуу талтай гэлцээд байх юм. Бүр туршилтаар олборлосон уран бөмбөлөг хэлбэртэйгээр зориулалтын агуулахад хадгалагдаж байгаа ч гэж дуулдсан. Яагаад нөгөө Аревагийн хийж байгаа ажил шүү дээ. Арева групп Дулаан-Уулын ордыг 6000 тонн урантай гэдгийг албан ёсоор тогтоож, Цөмийн энергийн газарт бүртгүүлсэн.
Түүнчлэн Сүхбаатар аймаг дахь Зөөвч овоо төсөлд тус компанийнхан хайгуулаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Дулаан-Уулын ордоос даруй 2-3 дахин их хэмжээний нөөц байх боломжтой гэх урьдчилсан тооцоо гаргачихаад Монголын төрийн бодлогын дагуу ураныг шар шороо хэлбэрээр экспортолно гэдгээ амласан юм гэсэн. За тэглээ ч гадныхны амлалт эхэндээ гоё, амар сайхан жаргаж суудаг үлгэр мэт ч адагт нь арчаагүй тэнэг монголчууд гэсэн хандлагаар өндөрлөгт бараг 100 хувь дасч орхиж. Алтан дээр суусан гуйлгачин монголчууд авдраа ухуулсан тэнэгүүд, адагт нь шороон дээр суугаад үлдлээ гэж хэлэгдэхэд хүргэх хэмжээнд хүртэл хуурсан юм чинь арга байж уу. Тэгээд цахим ертөнцөөр хэсүүчлэн, дэлхийн хэмжээнд хэрхэн шийдэгддэгийг нь хараад байх нь ээ, газрын гүн дэх усныхаа нөөцийн яг дэргэдээс уран олборлоод баяжих ч бас л үлгэр гэдэг нь тодорхой болчихож байгаа юм.
Баяжихаа байг гэхэд хатаад үхчихмээргүй л байна ш дээ, ард түмэн. Янз нь томчууд, яг шуудхан хэлчихэд шинэчилсэн засгийнхан, дэлхий нийт ураныг эрчим хүч гаргаж авахад өргөн хэрэглэж байгаа. Тэгээд ч цэнхэр гаригийн маань нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 14 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авдаг. Зах зээл дээр нэг кг ураны үнэ 122.1 ам доллар байгаа. Цаашид ч өсөх хандлагатай байгаа гэсэн судлаач, шинжээчдийн үгнээс ганцхан баяжих баахан мөнгө олох боломжийг л олж хараад байгаа байх. Уг нь ч дэлхийн хэмжээний эрдэмтдийн, хэдхэн жилийн дараа уран үнэ одоогийн ханшаасаа хэд дахин өснө гэсэн прогноз хорхой хүргэм л дээ. Дэлхийд ураны нөөцөөрөө миний Монгол эхний 15-д багтаж байхад… Гэхдээ бөөн мөнгө мөрөөдөж баахан хэрэг мандаачихаад хэдэн жилийн дараа хойч үеийнхнээ сөнөсөн тэнгисийн ёроолтой андуурам усны гачигдалд оруулах эрх бидэнд байхгүй. Хэн ч билээ хэлсэн ш дээ, гэнэн монголчуудын үеийг дуусгах цаг нь болсон гэж… Үнэн шүү. Гэнэн гэдэг үг энэ цаг үе, энэ зуунд тэнэг гэдэгтэй л адил утга агуулдаг болсон. 21 дүгээр зууны гэнэн монголчууд гэж хэлэгдээд өнгөрөх бол ч дүүрч гэхсэн. Зүйрлэвээс нийслэлийнхээ ундны усны ганц эх үүсвэр болох Туул гол руугаа бохир булай, угаадас юугаа хэдэн жил хээв нэг цутгачихаад өнөөдөр сэхээ ордогтой дүйх зүйл биш гээд байна.
Одоо нанотехнологиор өнөө их бохирдлоо цэвэрлэж байж, Туул руу цутгах гэж хэрэндээ л зүтгэж байна. Урин дэлгэр цагт тасраад гол зураад байснаа бодвол Туул маань урссаан, урссан. Ус бороо ч элбэг байсан, баян хангай өршөөж… Харин газрын гүн дэх, бүр тодруулбал, говийн бүсийн амьдралыг тэтгэгч болох газрын гүн дэх усны нөөцөө бохирдуулчихвал нано байтугай технологи байгаад ч нэмэр болохгүй. Хэрэвзээ шинжлэх ухаан техникийн дэвшилт, дэлбэрэлт үсрэлт гараад хүн гээч амьтан шингэнгүйгээр аж төрөх боломжтой болчихгүй л бол… Тэгээд ч нэмэр болохгүй биз дээ, хүний биеийн 80 хувь нь ус байдаг байхад яасан бүтэхгүй мөрөөдөл гэдэг л энэ болох биз. Тэгэхээр байна аа, нэгэнт дүүрсэн амьдрал гээд алт нүүрсний асуудалтай л зууралдъя. Тэр уран, газрын ховор элемент газрын хэвлийдээ байж л байг, тэгэх үү???
З.Урансүх