Ц.Нямдорж Энэ бүх хортой ажиллагааны цаана З.Энхболд байгаа

-Өвөрхангай аймгаас сонгогдсон С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын оронд Ардчилсан намын нэр дэвшигчдийг тангараг өргүүлэх гэж байна. Энэ үйлдлийг та юу гэж харж байна?

-Үндсэн хууль байхгүй боллоо, шүүх нүдэн дээр хууль хулгайлдаг боллоо гэж би олон удаа хэлж байгаа. СЕХ-ны даргын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дуусаагүй байхад хөөж явуулсан. Түүний оронд тавьсан хүн төлбөрөө төлж байгаа нь энэ. Ингэж л улаан цагаандаа гарлаа. Санал хураалтын машин энэ тэр гээд элдвийн зүйлийг л би ярьж байгаа. Монголд ер нь сонгууль гэж байхаа больчихож. Мянга, дөрвөн мянган саналаар дутуу хүмүүсийг оруулж ирээд тангаргийг нь өргүүлж байна. Өчигдөр миний дуулснаар энэ асуудлаар шинэ хэрэг үүсгэнэ гэсэн шүүгчийн тогтоол гарсан юм аа даа. Хархорины шүүх дээр бас нэг маргаан байгаа юм байна. Ерөнхийдөө төрд суусан төлөөнийхөө албан хаагчаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг, Үндсэн хууль, төрийн албаны ёс зарчим бүгд Монголд байхгүй болж байна. Ардчилал ерөнхийдөө устаж байна. Саяхан хурал дээр Ч.Содномцэрэн төрийн албаны хүн болоод удаж байна, нам бус гэж ирээд ярьж байна билээ. Худлаа л байхгүй юу. Ц.Нямдоржийн үсийг цагаанаар будчихвал Э.Бат-Үүл болчихгүй, Э.Бат-Үүлийнхийг хараар будчихвал Ц.Нямдорж болчихгүй нь ойлгомжтой. Эцсийн гаргалгаа Монгол хуульгүй, шүүхгүй орон болсон, 42 хүний дарангуйлал Монголд тогтож байна. Ардчилсан нам 1992 онд зургаа, 2000 онд нэг суудалтай үлдэж л байсан. Тэглээ гээд ард түмний сонголт байсан учраас тэдэнд би хатуурхаж байгаагүй. Энэ УИХ-ын дарга чинь ч өөрөө хууль бус хүн. Энэ бүх хортой ажиллагааны цаана Зандаахүүгийн Энхболд байгаа нь ойлгомжтой. Би улс төрд 20 жил болсон хүний хувьд эд нарын алхаанаас нь толгой дахь шийдлийг хардаг шахуу болчихсон.

-Танай намын бүлэг…?

-Энэ бүлэг гэдэг зүйлийг хэн нэгэн дарга, олонхи шийддэггүй асуудал. 1999 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон юм. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Д.Лүндээжанцангийн бланкан дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулан УИХ-ын сонгуулиар бүлэг байгуулах санал авсан намаас дэд даргыг сонгоно гэсэн заалт орж ирсэн. Түүнийг байхгүй болгож байна. Мөн УИХ-ын даргын томилгоотой холбоотой гомдлыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Дахиад л нөгөө Ардчилсан намын гивлүүрээс төрсөн Цэцийн гишүүнд манай маргааныг өгсөн.

-Ардчилсан намын гивлүү­рээс төрсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэрлэж болох уу?

-Тогоочийн Лхагваа. Нөгөөх нь манай өгсөн гомдлыг Үндсэн хуулийн зөрчил биш байна гэж хаах гэх мэтээр бүгдийг ингэж хийж байна. Сүүлийн хэдэн жил прокурор, шүүхийн ажилд улстөрчид орох нь харьцангуй зогсчихсон байсан юм. 2010 оноос хойш л энэ байдал гаарлаа. Ерөнхийдөө шүүх, прокурорын байгууллага тэр чигээрээ захиалгаар шийдвэр гаргадаг улс төрийн байгууллага боллоо. Тухайлбал, буцаад татаж авах байсан юм бол яах гэж Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэр гаргуулсан юм бэ. Тэр шийдвэр нь нийслэлийн болон УДШ дээр очоод унах болонгуут Өвөрхангайн шүүхээр шийдвэр гаргуулаад маргааш нь Хан-Уул дээрх өргөдлөө татчихаж байна. Тэгээд нөгөө Ч .Содномцэрэнгээр хурал хийлгүүлж байгаа юм.

-Өвөрхангайн сум дундын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж арав хоногийн дотор давж заалдаж болно гэсэн. Та бүхэн хандсан юм уу?

-Хандаж байгаа байлгүй дээ. Гэхдээ нүдэн дээр улайм цайм ингэж хүчирхийлээд байгаа нь юунд хүргэх бол доо. Ардчилсан нам ганцхан суудалтай, Ж.Наранцацралт байхад янз бүрийн зүйл яриад байхаар нь би байсан цагт улс төрийн хэлмэгдүүлэлт Монголд гаргахгүй, Монголыг улс төрийн гяндан болгохгүй гэж хэлээд өөр дээрээ бүх галыг хурааж байсан хүн шүү дээ. Гэхдээ өнөөдөр гяндан болгох тал руугаа явж байна. Юм л бол шүүх, цагдаа, про­курор, айлгасан, сүрдүүлсэн байдаг болж. Одоо бүр УИХ-ын Тамгын газрын жирийн ажилтныг мэдээлэл алдсан байж болзошгүй гэж хардаж ажлаас халдаг болж байгаа юм байна. Өнөөдөр УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өөр хүн тавигдаж байна гэж би дуулсан. Ийм харамсалтай зүйл Монголд болоод байна. Ерөнхийдөө Ардчилсан нам ардчиллын амин сүнсийг тасалж байна. Ардчилсан биш анархист нам болж хувирчээ. Тус намын толгойд сууж байгаа хүмүүс большевик маягийн шинэ коммунист хүчирхийлэл хэрэглэж эхэллээ. Ерөнхий дүр зураг нь ийм байна.

-Хэрэв танай намынхан өнөөдрийнх шиг эсэргүүцлийн жагсаал хийгээд үр дүнд хүрэхгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Түүнийг би яг одоогоор хэлж мэдэхгүй. Янз янзын л ярианууд бий. Би УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүний хувьд энэ асуудлыг эв зүйгээр зохицуулаач гэж Монголын гурван том даргад хэлсэн. Хууль бус үйл явдал гарч байна, асуудлыг эв зүйгээр зохицуулаач, бүлэг байх эсэхийг УИХ-ын дарга, олонхи нь шийддэггүй юм аа. Үндсэн хуулиараа УИХ-д наймаас дээш суудал авсан намын бүлэг нь шууд байгуулагдаад явчихдаг. 24 цаг гэдэг зүгээр л хугацааны эрх болохоос тэр цаг нь өнгөрвөл бүлэг байгуулах эрх нь хязгаарлагдана гэсэн хуулийн заалт байхгүй. Ерөөсөө хоёр тохиолдолд л УИХ дахь бүлэг тардаг гэсэн хуулийн заалт бий.

-Тэр нь ямар хоёр тохиолдол юм бол?

-Хэрэв тус бүлгийг байгуулсан нам, эвсэл тарсан бол бүлэггүй болдог. Нөгөөх нь нам татан буугдсан тохиолдолд бүлэг татан буугдсанд тооцдог хуулийн заалттай.

-Ардын намынхан УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэсэн яриа байна?

-Энэ асуудал намын удирдах байгууллага, бүлгийн түвшинд яригдаагүй учраас үүнд хариулт өгч чадахгүй.

-Гэхдээ танай намынхан УИХ-ын гишүүнээсээ татгалзлаа ч энэ нь парламент тарах босгыг давж чадах уу?

-Босго бол УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг. Гэхдээ цаашид парламентад 25 суудалтай улс төрийн намыг гудамжинд гаргаж байгаа нь олонхи болчихсон гэж өөрсдийгөө бодоод байгаа хүмүүсийн бодох асуудал. Нарийндаа бол Ардчилсан нам 31-хэн суудалтай. Харин манай намын суудлын тоо 27 хүрэх гээд байгаа учраас хуулийн байгууллагыг ашиглаж, тоогоо нэмэх улс төрийн башир аргад шүүхийг татаж оруулж байна. Би юмыг сургаар ярих дургүй. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны дарга байсан хүн Д.Зоригт нарыг сонгуулийн үеэр 168 сая төгрөг тараасан гэж хэвлэлийн хурал хийлгээд байхад түүнийг шалгасангүй. Тэгсэн мөртлөө Н.Төмөрхүү гэдэг хүний шил архи, 18 нас хүрээгүй хүүхэд Ардын намын сонгуулийн штабт ороод гарсан зураг авчихаад Д.Зоригт нарын асуудлыг шийдэх гэж хүчирхийлж байна. Арай дэндэж байгаа биз. 168 сая төгрөгийг намын хорооны дарга нь яриад байхад шалгахгүй мөртлөө, хүний мухлагийн архи, штабын байраар орсон хүүхэд хоёртой ноцолдоод байгаагийн аль нь жин дарах бол.

-УИХ-ын дарга З.Энхболд маргаанаа чуулганы хуралдаан дээр орж шийдье гэж хэлсэн. Танай намынхан орж байгаад ярьж болохгүй байгаа юм уу?

-Орсон хойноо хүч түрээд л, асуудлаа шийдсэн дүр эсгээд гарна шүү дээ. Байнга л ингэж явж байгаа.

Б.Энхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button