Захуудын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулна
цаашид авах арга хэмжээний талаар нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Автозамын газартай хамтран арваннэгдүгээр сарын 5-ны дотор ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 11 захын арав нь задгай, нэг нь задгай болон битүү хосолсон үйл ажиллагаа явуулдаг байна.
Мөн эдгээр захууд нь хүн амын тодорхой хувийг ажлын байраар хангаж, иргэдийг хэрэгцээгээр хангадаг боловч хотын А болон В зэрэглэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа нь автозамын хөдөлгөөнд нөлөөлж, ачаалал нэмэгдүүлж байна хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа юм. Тиймээс захуудыг хотоос гаргах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Манай орны хувьд задгай захуудын орчин нөхцөл бохир заваан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, гэмт хэрэг гарах зэрэг асуудлууд олон гардаг. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай байгаа юм. Мөн тэд ашиг орлогын төлөө хөөцөлдөж хотын өнгө үзэмж, ногоон байгууламж, хог хаягдлаа цэвэрлэх тал дээр хариуцлагагүй хандаж байгаа нь нууц биш.
Тухайлбал, Нарантуул олон улсын худалдааны төв хэмээх сүржин нэртэй энэ захын орчин нөхцөл үнэхээр хүндрэлтэйг хүн бүхэн мэднэ. Өвлийн улиралд түрээслэгчид даарахын эрхэнд том хүний живх хийдэг гэх яриа олны дунд тарсан байсан. Хоногийн хоолоо залгуулахаар хүйтэнд даарч байгаа тэдний эрүүл мэнд ямар байгаа нь ойлгомжтой. Ингэлээ гээд тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөхгүй байгаа нь харамсалтай. Энэ нь хаа хаанаа хариуцлагагүй байдлын тод жишээ болж байгааг хотын дарга хэлж байсан.
Өнөөдрийн байдлаар 11 зах дээр 10500 орчим түрээслэгч наймаа эрхэлж байгаа аж. Тэд газар эзэмшлийн гэрчилгээгээ 5-20 жилийн хугацаатайгаар авсан байна. Гэтэл газар эзэмших гэрчилгээ нь харилцан адилгүй байгаа юм.
Харин хотын дарга ямар захад нь таван жил, ямарт нь 20 жилийн эзэмших гэрчилгээ олгодог юм бэ. Энэ асуудлыг судлах шаардлагатай байгааг холбогдох албаныханд даалгасан юм. Нарантуул зах нь Халдвартын эмнэлгийн салхин дор байрладаг. Энэ нь салхиар дамжих ямар нэгэн халдварт өвчин гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс эдгээр ажлуудыг сайтар судалж, захуудад стандарт бий болгох, ажлын хэсэгт удирдамжаа сайжруулахыг санууллаа.
Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагатай
Сүүлийн үед зөвшөөрөлгүй барилгын уршгаас болж олон иргэн алтан амиа алдсан. Үүнээс болж Мэргэжлийн хяналтын газрын дарга ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэдний ажлаа хариуцлагагүй хийдгээс олон хохирол амссан гэдгийг олон иргэд мэднэ. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт есдүгээр сарын 9-27-ны өдрүүдэд есөн чиглэлээр хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна.
Хяналт шалгалтын дүн 67,16 хувьтай байгаа аж. Харин 35989 зөрчил илрүүлж, илрүүлсэн зөрчлийн 69,3 хувийг нь арилгуулсан байна. Мөн 596 барилгад шалгалт хийснээс 172 барилга нь барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй нь тогтоогджээ. Харин эзэн холбогдогч нь тодорхойгүй 60 гаруй барилга байгаа аж.
Цаашид зөвшөөрөлгүй барилгын тоо нэмэгдэх хандлагатай байгааг албаны хүмүүс хэлж байлаа. Мөн барилга байгууламжийг паспортжуулах, тэдний зөвшөөрлүүдийг нэгтгэх хэрэгтэй байгааг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хэлсэн юм.
Харин МХГ-ын бүтэц зохион байгуулалт 2003 оноос хойш шинэчлэгдээгүй байна. Тиймээс бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагатай байгаа аж. Харин хотын дарга энэ асуудлыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь дүгнэлт зөвлөмжөө дахин шалгаад, сайжруулах хэрэгтэйг сануулсан юм.
Ж.Ганцэцэг