Сайн үйлсэд нэгдсэн хүүхдүүд бусдыг баярлуулсаар
Сайн үйлсийн аян-д нэгдэцгээж ахмадуудаа баярлуулахаар шийдэцгээж. Хүүхдүүд Баянхонгор аймгийн Нэгдүгээр 10 жилийн хими биологийн багшаар 20 жил ажиллаж өдгөө гавьяаныхаа амралтанд гарсан П.Чулуунцэцэг багшийг ангидаа урьж авчирсан байлаа. Тэд П.Чулуунцэцэг багшийг ангидаа урьж баярлуулах гэсэн нь цаанаа нэгэн учгийг агуулж байгаа талаар бидэнд хэллээ.
7д ангийн багш С.Тайван П.Чулуунцэцэг багшийн шавь агаад багшийнхаа мэргэжлийг өвлөж авсан аж. Тиймээс С.Тайван багшийн шавь нар ангийнхаа багшийн багшийг энэ өдөр баярлуулахаар шийдсэн нь энэ гэнэ. Багш хүн гэдэг үргэлж шавь нараараа омогшиж явдаг агаад энэ өдөр мөн П.Чулуунцэцэг багш өөрийнхөө сайн яваа шавь нарыг 7д ангийнханд танилцуулж бас тааруу яваа нэгнийх нь төлөө сэтгэлээ үргэлж чилээж явдгаа ярилаа. С.Тайван багштай 7д ангийнхан найман долоо хоног үргэлжлэх Сайн үйлсийн аян-ы нэг дэх долоо хоногт ангиа цэцэгжүүлсэн бол хоёр дахь долоо хоногтоо тэнэмэл амьдралтай хүүхдүүдийг хооллож, гурав дахь долоо хоногоороо цэцэрлэгийн дүү нартаа ном хандивлаж номын сантай болгохыг зорьсон гээд долоо хоног бур бусдад тустай сайн үйлсийг хийсээр…
Хүнд тус багаддаггүй гэдэг. Үнэхээр ч 7д ангийнхан ангийн багшийнхаа хамтаар бусдад сайн сайхныг түгээх ажлаа зөвхөн энэхүү аянаар хязгаарлахгүй түгээх болно гэдгээ бидэнд дуулгасан юм. Хэдийгээр тэд ажил хөдөлмөр хийж өөрийн гэсэн орлого олдоггүй ч гэлээ өөрсдийн хэрэглэж байгаад хэрэглэхээ больсон номноос эхлээд өөрт байгаа, бусдад хэрэгтэй бүхнийг бусдадаа түгээж байлаа. Тэд
Бид нэг дэлхийтэй
Бид нэг амьтай
Бид нэг ангийнхан
Бид нэг зүрхтэй
Бид сүртэй, хүчтэй 7д-гийнхэн
хэмээн өөрсдийн уриаг бий болгож
Сайн үйлсийн аян-аа хөтөлдөг өөрийн ангийн эрч хүчийг илтгэх ягаан өнгийн дэвтэр хөтөлж үйл ажиллагаагаа тэмдэглэн үлдээдэг ажээ.
Ерөөс энэхүү аянд нэгдэж байгаа анги бүхэн аяныхаа тухай тэмдэглэл хөтлөх өөр өөрийн өнгийг илтгэсэн дэвтэр хөтөлдөг гэнэ. Энэ өдөр ирсэн ахмад багш П.Чулуунцэцэг 7д ангийнханд аминчлан нэгэн зүйлийг захисан нь Хамт олон гэдэг өчүүхэн зүйл дээр ч бүдрэхгүй бат бөх ноён нуруу байдаг учраас хүүхдүүд та нар нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн сэтгэлээр зүтгэх-ийг чухалчлав. Алив нэг хүнд тусаллаа гэхэд хэзээ хойно нь заавал хариу ирдэг гэдэг болохоор бие биендээ үргэлж туслахыг уриалж бас хүссэн юм.
Тэрбээр түүнийг урьсан хүүхдүүдэд сургаал номлож цаг үрэхийг бас уйдаахыг хүсэхгүй хэмээж ангийнхаа хүүхдүүдэд тохиолдож байсан хөгтэй явдлуудаас ярьж 7д ангийнхныг хөгжөөгөөд авав.
Хичээлийн 45 минут гэдэг хүүхдүүдийн хувьд нүд ирмэхийн зуурт өнгөрч хичээл завсарлах хонх дуугарахад бүгд л ам амандаа Өө хэмээн уулга алдаж байгаа сонсогдов. Тэд ахмад багшаас, ахмадаасаа суралцахыг бас түүний дурсамжийг эргэн сөхөхийг илүү ихээр хүсч байгаа нь илт байлаа. Уулзалтын дараа хүүхдүүд дурсгалын зураг татуулж өөрсдийн сэтгэлээсээ цуглуулсан гарын бэлгээ гардуулан өгсөн юм.
Хүүхэд гэдэг хүнд их сайхан энерги эрч хүч өгдөг болохоор П.Чулуунцэцэг багшийн ч мөн сэтгэл ихэд догдолж нулимс хүртэл унагаж харагдав.
Сэтгэл хөөрсөн хүүхдүүд дараагийн аяндаа хэнд юугаар тусалж тусламжийн гараа сунгахаа ярилцсаар үлдэв.
Б.Анар