Г.Баярсайхан Буянт, Цагаан голууд газрын зургаас алга болсон байна

шорооны төлөө сэтгэл гаргаж энэ уурхайнуудыг хааж, харуул тавьж байсан юм. Ингэж бидэнд баялгийг үлдээсэн. Энэ бол түүх болоод бодит баримт. Тиймээс бид уурхайн компаниудын нөхөн сэргээлт хийсэн газруудыг нинжа оруулахгүйгээр онцгой хамгаалалтад авах хэрэгтэй байна. Түүнчлэн ямар нэгэн лиценз эзэмшиж байгаа эзэмшигчээр тухайн газарт заавал нөхөн сэргээлт хийлгэх ёстой. Нөгөөтэйгүүр нөхөн сэргээлтийн дор олборлолт явуулах нь төрийг хуурч байгаа хэрэг. Гэтэл ийм байдал байсаар л байгаа. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр Баянхонгор, Өвөрхангай, Булган аймгуудад ажиллаад ирсэн юм.

– Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж орон нутагт ажиллаад ирлээ. Аль аймгуудаар ямар зорилготой яваад ирсэн бэ?

-Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд Баянхонгор, Өвөрхангай, Булган аймгаас маш олон иргэдийн санал гомдол, өргөдөл ирсэн. Эдгээр өргөдлүүдийн ихэнх нь уул уурхайн компаниудын хууль зөрчин орон нутгийн иргэдтэй хууль бусаар харьцаж, байгаль сүйтгэж, бэлчээр хомсдуулж, худаг ус булгийг нь сүйтгэж байгаатай холбоотой гомдлууд байсан. Тийм учраас энэ бүх асуудлуудыг манай Байгаль орчны байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Бид өргөдлүүдийн дагуу Гол усны хуулийн хэрэгжилтийг шалгах шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн. Ажлын дэд хэсэгт багтсан Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх Улсын мөрдөн байцаах тасгийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй гурван хоног орон нутагт ажиллаад ирсэн. Орон нутагт ажиллахдаа орон нутгийн удирдлага, ард иргэд, алт олборлогч компаниудтай санал бодлоо солилцлоо.

-Орон нутагт очиход газар дээрээ байдал ямар байна вэ? Уул уурхайн компаниуд хууль зөрчиж байна гэсэн иргэдийн гомдол хэр бодит байсан бэ?

-Хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой. Үнэндээ орон нутагт явж байхад Гол усны хууль тэр бүр хэрэгжихгүй байна. Орон нутгийн удирдлага хуулийн хэрэгжүүлэх сонирхолгүй байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Манай ажлын хэсэгт Л.Эрдэнчимэг, Б.Наранхүү гишүүн бид гуравтай цуг дээр хэлсэнчлэн салбар чиглэлийн улсын байцаагч нартай явсан. Тэд өөрсдийнхөө бүрэн эрхийн хэмжээнд арга хэмжээ авах эрхтэй байдаг. Бид газар дээр нь байдал ямар байгаатай танилцаж арга хэмжээ авлаа. Эхний ээлжинд Өвөрхангайн Уянга суманд очсон. Хэдийгээр тус суманд уул уурхайн олборлолт явуулснаар хөгжилд нь ахиц гарсан ч байгаль орчныг сүйтгэсэн байдал үнэхээр нүд халтирмаар болсон байна. Цаашлаад бид Өлтийн уурхайд очсон. Өлтийн уурхайн лицензийг АУН гэдэг компани эзэмшдэг юм билээ.

Орон нутгийн удирдлагууд уг нь энэ компанитай нөхөн сэргээлт хийх гэрээ хийсэн байгаа юм. Гэтэл хамгийн сонирхолтой нь нөхөн сэргээлт хийх гэрээ нэрийн дор тэнд олборлолт явагдаж байна. Энэ нь өөрөө хууль бус үйл ажиллагаа болоод зогсохгүй төрийн хуулийг зөрчиж байгаа гэмт хэргийн шинжтэй зүйл. Тиймээс Улсын мэргэжлийн хяналтын зохих албан тушаалтнууд тэдний алт угааж байсан бүх тоног төхөөрөмжийг нь лацадсан. Бид Өвөрхангай, Баянхонгор аймагт нийт дөрвөн уурхайн үйл ажиллагааг түдгэлзүүлээд, зогсоогоод ирлээ. Гол усны хуулийг мөрдөхгүй байна. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Уянга сумын Цагаан гол, Буянт гол гэх газрууд бол хоёулаа голын эх. Гэтэл орон нутгийн удирдлагууд голын эхэнд олборлолт хийж байхад харсан хэрнээ хараагүй юм шиг дүр эсгээд сууж байгаа нь хуулийн хэрэгжилтэд ямар ч санаа тавьж ажиллаагүй нь илрэл юм.

-Нутгийн удирдлагууд ямар тайлбар өгч байна вэ?

-Та бүхэн яагаад гол байсаар байтал алт олборлосоор байдаг юм бэ гэхэд Усны газраас энд гол байхгүй гэсэн албан тоот явуулсан гэж байгаа юм.

-Тэгвэл Усны газрын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэж болох нь ээ?

-Эндээс хоёр зүйл харагдаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас кадастрын зурагт координат тогтоосон байдаг. Гэтэл Монгол Улсын газрын зургаас Өвөрхангай аймгийн Уянга суманд байдаг Буянт гол, Цагаан гол гэдэг голууд алга болсон байна шүү дээ. Энэ гол байна гэхээр газрын зурагт дээр байхгүй байдаг. Ашигт малтмалын газраас лиценз авахдаа Хар-Уул гэсэн газар олборлолт явуулна гэсэн байгаа юм. Орон нутгийн иргэдийн яриагаар бол Бидний аав ээж, энд Хар-Уул гэдэг газар байдаг гэж бидэнд хэлж байгаагүй гэж байгаа юм. Тэгэхээр үүнийг маш том мафийн сүлжээ гэж хэлэхэд буруудахгүй байх. Гол урсаж байхад байхгүй гэсэн дүгнэлт гаргаад, гол усны хуулинд хамрагдахгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн нь сонин. Ер нь Усны газар, Байгаль орчны яамтайгаа нэгдээд энэ координатыг шинээр тогтоох хэрэгтэй байна.

-Тэгэхээр буруу дүгнэлт гаргасан хүмүүст хариуцлага тооцно гэсэн үг үү?

-Манай ажлын хэсэг тухайн дүгнэлт гаргаж өгсөн Усны газрын хүмүүст хариуцлага тооцуулахаар зохих материалуудыг АТГ-т явуулахаар ярьж байна. Нутгийн иргэдийн дунд Усны газрын ажилтан тухайн үед координат тогтооход уул уурхайн компаниудтай газрын зураг өөрчилж өгөх талаар тохиролцоо хийсэн гэсэн ам дамжсан яриа байна. Түүнийгээ ч бидэнд уламжилсан.

-Орон нутгийн удирдлагуудад асуудал байгаа юм биш үү. Урсаж байгаа голын эхэнд олборлолт явуулж байхад зүгээр хараад сууж байгаа нь сонирхолтой юм?

– Тэд Усны газар зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр олборлолт явуулж байгаа гэсэн тайлбар өгч байна лээ. Зүй ёсоор сумын Засаг дарга өөрийнхөө эрх үүргийн дагуу энд Буянт гол, Цагаан голуудад олборлолт явагдаад байна. Үүнийг зогсоож, лицензийг нь түтгэлзүүлж, координатыг тогтоож өгөөч гэдэг зүйл ярих ёстой байсан. Сумын засаг даргыг бид санаатайгаар үйл ажиллагааг нуун дарагдуулсан гэж үзсэн. Энэ үүднээс Өвөрхангайн Буянт гол, Цагаан гол дээр олборлолт явуулж байгаа газруудыг бид лацадсан. Уул уурхайн компаниуд, орон нутгийн эрх баригчид эсэргүүцсэн ард иргэдийг дарамталдаг сураг байгаа юм. Буянт гол дээр зусаж байсан айлынхан олборлолт явуулахгүй гэхэд айлын залуучуудын 10 хүртэлх хоногоор хорьсон байна. Тэд малаа ундаалдаг, ундны усаа авдаг булгаа хамгаалж эсэргүүцэл үзүүлэхэд тэднийг бариад хорьчихсон.

-Ажлын хэсэг орон нутгуудад явж байхад та бүхний араас нэр бүхий гишүүд утасдаж хориг тавихыг завдсан гэсэн мэдээлэл байна? Энэ мэдээлэл үнэн үү?

-Нэг л зүйл хэлье. Уул уурхай, улс төр хоёрыг холбоотой гэдэг. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудыг хаах гэж байхад зарим нэр бүхий улстөрчид нөлөөлөх гэж оролдсон нь бий. Гэхдээ бид хуулийн дагуу ажиллана. Бидэнд олон газраас өргөдөл, гомдол ирсэн. Бид үүний дагуу явж ажиллана. Хуулиараа бүх уул уурхайн олборлолт явуулсан компаниуд техникийн, биологийн нөхөн сэргээлт хийгээд хаалтын төлөвлөгөөгөө танилцуулах ёстой.

-Бид хоёр дандаа сөрөг муу зүйлийн талаар ярилцлаа. Гэхдээ сайн сайхан зүйл байсан л биз дээ?

-Уул уурхай гэхээр бүгдийг хар бараанаар харж болохгүй. Сайнтай муутай байна. Өнгөрсөн жил Орхон голыг булингартуулсан гээд яриад байсан Монгол газар компанийн техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайг бид үзсэн. Гэхдээ хангалтгүй байна лээ. Хаалтын төлөвлөгөөгөө үзүүлээч гэсэн Байгаль орчны яаман дээр батлаагүй байгаа гэсэн. Тэгэхээр батлахгүй байх шалтгаан байгаа байх. Харин зарим нэг компаниуд техник болон биологийн нөхөн сэргээлтээ үнэхээр сайн хийсэн байна. Жишээ нь, Өвөрхангай аймагт байдаг Гацуурт компанийн уурхайн нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийсэн байна. Олборлолт явуулсан бол байгаль эх дэлхийгээ буцаагаад унаган төрхөнд нь оруулж, сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Гацуурт компанийнхан бол үнэхээр байгалийн унаган төрхөнд оруулсан байна лээ. Тухайн экосистемд хэдэн төрлийн ургамал ургадаг байсан яг л бүгдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нөхөн сэргээлт хийсэн байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эрх баригчид Буянт, Цагаан голыг газрын зургаас хасаж, голын эх дээр олборлолт явуулж байгаа нь

Цагаан гол-ын мөхөл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button