Нэр бичих тухай

хуучраад байна. Норовын Алтанхуяг, Цахиагийн Элбэгдорж гэдгийг хүн бүр мэднэ. Энэ нь бас л учир дутагдалтай. Наад зах нь энэ олон Энхүүдээ ялгахаа байж эхэлж байна. Манайд ижил нэртэй олон хүн бий. Тэгвэл яахав. Ургийн овог саяхан нэвтрүүлж цахим үнэмлэхэнд нэвтрүүлсэн боловч түүнийг хэрэглэж байгаа тохиолдол бараг үгүй. Энэ тухай л ярих гэсэн юм.

Гурван нэрийн учир

Манайх шиг нэрэнд харъяалахын тийн ялгал хэрэглэдэг газар гэж үгүй. Дашдоржийн Нацагдорж. Хэн бүхэнд их зохиолч Нацагдорж бол Дашдорж гуайн хүү атал заавал ийн залгаж тодотгох хэрэг байна уу. Энэ тухай зарим хүнээс лавлатал ардын ёс заншил гэнэ. Бэгзийн Явуухулан, Чойжилийн Чимид гэх мэт. Хүн бүрийг ингээд байна уу гэтэл тийм биш. Нэлээд тохиолдолд бас л ардын ёс заншлын дагуу Хатанбаатар Магсаржав, Дандар баатар, сансрын нисгэгч Гүррагчаа, хоньчин Цогтгэрэл, Цэдэнбал дарга гэх мэт тодотгох. Тэхээр хүний овгийг тэр бүр хэрэглэхгүй байна. Харин энэ бол жинхэнэ ардын ёс заншил мөн.

Манай ард түмэн асар их соёлтой байсан, удам угсаагаа хэдэн үеэрээ мэдэж ургийн бичиг хаа сайгүй хөтөлдөг байсан гэх яриа бол худал үг. Тоотой хэдэн газар ингэдэг байсан. Харин ихэнхи тохиолдолд хамжлагат ёсоо дагаж тэр аймгийн тэр хошууны тэр ноёны албат буюу хамжлага тэр гэж нэрээ дууддаг байсан. Бусад тохиолдолд эцгийн нэр болон нэр, ялангуяа хочоор нь нэмж ялгадаг байсан. Монголд хочгүй хүн байдаггүй байсан. Одоо ч тийм. Хазгар Гончиг, Орилоо Дулмаа, Буу Нацаг, Салхи Дамбий гэх мэт.

1924 оны хавьцаа ардын засгийн газрын тогтоолоор өөрийн нэрийн хамт эцгийн нэрийг хэлж, бичиж байх шийдвэр гарч байж энэ овог (эцгийн нэр) гэдэг юм гарсан юм. Энэ тухай Л.Түдэвийн Бүгд Найрамдах Улсын анхдугаар он романд тодорхой өгүүлсэн нь буй.

Одоо хүний тоо хийгээд мэдээллийн хэмжээ их болсноос уламжлан энэ нь шаардлага хангахгүй болж байна. Ухаандаа намайг Д.Ганхуяг гэхэд хамгийн багаар бодоход 800 гаруй Ганхуяг байна. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотын телефон утастай Ганхуягуудын тоо юм. Д гэсэн эцгийн нэрээр нь ялгалаа гэхэд л УИХ-ын гишүүн, банкны гээд үй олон Ганхуяг бий. Нэр ч юу байхав, товчлол, түүний эхний үсэг юм. Одоохондоо яахав, ялгаад болоод л байна. Тун удахгүй будлиан тарих нь гарцаагүй. Тэгвэл бэлхнээ байгаа ургийн овог гэсэн иргэний үнэмлэхийнхээ нэрийг нэмээд алба, аминий ажилд хэрэглэж заншиж болохгүй гэж үү ?!

Манайхаас бусад улс оронд гурван нэртэй явж болоод л байна. Гэхдээ харъяалахын тийн ялгалгүй болоод л байх шиг. Ингэвэл амар биш үү. Жишээ нь Боржигон Дашдорж Нацагдорж.

Интернетийн хайлтын системд

Одоо интернетийн хайлтийн систем ид хөгжиж байна. Яваандаа энэ нь манайд газар сайгүй нэвтэрнэ. Ингэхэд мөнөөх овог нэр маань саад болох нь. Хайлтын систем хийлээ гэж саная. Дамдины Сүхбаатар гэж хийлээ. Уг нь бол Сүхбаатар Дамдингийн гэвэл хайхад арай хялбар л даа. Яахав тохируулга хийж болно л доо. Тэгсэн чинь Дамдингийн Сүхбаатарын Батболд гарч ирээд байвал яахав. Би нэрд гарсан хүмүүсээр жишээ авч байна.

Бүр доошоо явбал ийм жишээ асар олон болох нь гарцаагүй. Энэ мэт давхцлаас зайлсхийхийн тулд бид албан болон албан бус баримт бичиг, бусад бичиг хэрэгт ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг заавал хэрэглэж занших хэрэгтэй болоод байна. Хүний овгийн нэрийг нь бүтэн тавьж сурмаар байна.

Тэр ч бүү хэл болдогсон бол харъяалахын тийн ялгалыг бүр мөсөн больмоор байна. Нацагдорж Дашдорж Боржигон гэвэл зүгээр юм биш үү.

Энд ярьж бичих дэс дарааг маш нарийн ярьж тохирмоор байна. Миний бодлоор эхлээд өөрийн нэр, дараа нь эцгийн нэр, дараа нь ургийн нэр гэсэн дэс дараалалтай байвал ямар ?! Жишээ нь би гэхэд л Ганхуяг Дашзэвэг Хөх, хэрэв товчилбол Ганхуяг. Д.Х. байж болмоор санагдана.

Ингэвэл олон будлианаас зайлсхийж болмоор юм шигээ. Наад зах нь Монураны Наранхүү насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэгт лав унахгүй л байсан ш дээ. Сэтгүүлч амьдаа гэмт хэрэгтэнтэй нь эндүүрээд бичээд хаясан гээ биз дээ. Энэ мэтээр хилс хэрэгт орох нэгэн байхад хүний гавъяа авах явдал ч олон гардаг. Цаашилбал улс төрд байгаа энэ олон Э-г бараг ялгахаа байсан үед энэ нь мөн ч их хэрэгтэй санагдана.

Сүүлдээ энэ олон ижил нэрээ хоч, мэргэжил, ажлаар нь арай ядаж ялгадаг болж байна ш дээ, худал гэж үү. МАН-ын даргыг ӨӨ гэвэл, хотын мэрийг Цагаан толгойт гэвэл нэг юм ойлгоод л байгаа юм. Бид л дасчихсан болохоос энэ чинь тийм ч сайхан асуудал биш шүү дээ

Хуулийнхан хүний овог нэрийг бүтнээр нь гүйцэд дуудаад байдаг нь мэргэжлийн асуудал боловч тун зөв зүйтэй асуудал юм. Судлаач бид хүртэл заримдаа эндүүрэх гээд хэцүү байна ш дээ

Яваандаа толь бичиг, лавлах, интернет википеди хийх зэрэгт энэ нь зарчмын ихээхэн ач холбогдолтой гэдгийг ухаант уншигчид надаар хэлүүлэх хэрэг юун. Та бүхнийг мэргэн санал бодлоо хуваалцана гэдэгт найдаж байна.

Судлаач Ганхуяг Дашзэвэг Хөх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button