Мубаракийг шүүх нь шударга ёсны төлөө юу?
шүүх ажиллагаа дуусах болоогүй л байна. Мөрдөн байцаах хорооны ажилтан Ясир Сейд Ахмедын мэдэгдсэнээр Мубарак болон Дотоод хэргийн яамны тэргүүн асан Хабиб аль-Адли нар хэргийн шинэ нөхцөлтэйгөөр хэрэгтний суудалд дахин сууж магадгүй бололтой. Нэгдүгээр сарын 25-ны хувьсгал-ын явцад жагсагчдыг үй олноор нь буудсан хэрэгт Мубарак, аль Адли нарыг буруутгахаар шүүх зэхэж байгаа талаар Египетийн мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Ахмед ярьжээ. Энгийн номхон жагсагчдыг алсан хэрэгт сэжигтнүүд холбоотой тухай шинэ баримтыг дэлгэсэн илтгэлийг хэрэг хариуцсан комиссынхон ирэх сард гаргах юм гэнэ. Гэтэл Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн шүүх хурал жил гаруй хугацааны завсарлагатайгаар өнөө хүртэл сунжирч байгаа юм.
НЭН ШИНЭ ТҮҮХИЙН БҮДЭГРЭЭГҮЙ ХУУДСЫГ СӨХВӨЛ
Өнгөрсөн оны нэгээс хоёрдугаар сарын хугацаанд Египетэд болсон хувьсгалын дүнд Хосни Мубарак улс төр болон нийгмийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөхийг шаардсан сөрөг хүчний шахалтаар хоёрдугаар сарын 11-нд албан тушаалаасаа огцрохоос аргагүй болсон юм. Улмаар засгийн эрх маршал Хусейн Тантави толгойлж байсан Зэвсэгт хүчний дээд зөвлөлд шилжсэн. Үүний дараагаас 2011 оны наймдугаар cap хүртэл Хосни Мубарак Улаан тэнгисийн эрэг дээрх өөрийн ордонд гэрийн хорионд байв. Наймдугаар сарын гуравны өдөр Мубарак болон түүний хөвгүүдэд хамаарах хэргийн шүүх хурал товлогдож, Египетийн Ерөнхийлөгч асан эмнэлгийн дамнуурга дээр хэвтэн шүүх хурлын танхимд ирж байлаа. Түүний бие нь эрс дордож, өөрөө яваад ирж чадахгүй байсны улмаас ийн дамнуурга дээр зөөлгөсөн хэрэг.
Харин 83 настай Мубаракийн биеийн байдал тун хүнд гэдэг нь илэрхий байсан ч түүнийг төрийн тэргүүн минь байсан юм хөөрхий гэж хөөрхийлөлгүйгээр бусад гэмт хэрэгтнүүдийн адилаар торны цаана цоожлон, Мубарак хэвтээгээрээ хариулт өгч байв. Харин түүний шүүх хурлыг харах гэсэн египетчүүд олон байсан тул Цагдаагийн академийн танхимд битүү хүн цугларч, харин гудамжинд шүүх хурлыг шууд дамжуулах дэлгэц суурилуулсан байлаа. Шүүх ажиллагааг экс Ерөнхийлөгчийг дэмжигчид болон эсэргүүцэгчид нүд цавчилгүй шахам ажиглаж, тэр бүү хэл хоорондоо зэвсэг барин үзэлцсэн тохиолдол ч гарч байлаа. Мубаракаас гадна шүүхийн танхимд түүний хөвгүүд болох Алаа, Гамаль, Дотоод хэргийн экс сайд Хабиб аль Адли болон түүний удирдлаган дор ажиллаж байсан хэдэн хүн ирсэн байв.
Мубаракийн хөвгүүд авлигын хэрэгт буруутгагдан очсон бол хуучин засгийн до яамныхан хувьсгалын үймээний үеэр жагсагчдыг олноор нь буудан хороосон хэрэгт сэжигтнээр татагдаж байсан. Харин Мубаракийг 850 орчим хүн амиа алдсан хувьсгалын өдрүүдэд жагсаач цуглааныг хэрцгийлэн дарж, эрх мэдлээ хэтрүүлсэн болон авлига авсан хэрэгт буруутгасан юм. Тодруулбал тэрбээр мөн л эх орондоо асар их хохирол авчрах гэрээ хийсэн болон өөр олон зүйл ангиар яллагдан хоригдож буй Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн адилаар Израильтай хийн экспортын гэрээ хийхдээ өөрийн талд ашиггүйгээр хийсэн, мөн янз бүрийн дэмжлэг үзүүлснийхээ хариуд Шарм-эш-Шейхд тансаг харш бизнесменүүдээс бэлэг болгон авсан хэргээр буруутгагдсан. Гэвч Хосни Мубарак эдгээр хэргүүдээс алийг нь ч хүлээлгүй, өөрийгөө гэм буруугүй хэмээн зүтгэсээр байгаа юм.
Түүний хэргийн зүйл анги нь цаазын ял ноогдуулахаар байв, гэвч 2012 оны зургаадугаар сарын хоёрны өдөр Мубарак болон аль-Адли нар бүх насаараа хоригдох ял сонссон. Мөн экс ерөнхийлөгч бүхий л гавьяа шагнал болон цэргийн цол хэргэмээсээ салав. Энэ явдлын дараагаар олон нийтийн сэтгэгдэл хоёр хуваагдсан гэхэд болно. Нэг хэсэг нь илүү хатуухан шийтгэл ноогдуулах ёстой хэмээн шаардаж байсан бол нөгөө хэсэг нь экс Ерөнхийлөгчийг өндөг шиг өөгүй амьтан мэтээр өмгөөлж хамгаалж байлаа. Тэр бүү хэл шүүх ажиллагаа шударга явагдаагүй, Хосни Мубаракийг гэм буруугүй болохыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж батлаж байсан хүмүүс ч байлаа. Тухайн үед Мубаракийн хөвгүүдийг гэм буруугүй гэж үзсэн бол харин одоо тэднийг авлигатай холбоотой хэд хэдэн хэрэгт
буруутгаж байгаа аж.
Өдгөө экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгчид Египетийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр Мубарак болон аль-Адли нарын хэргээр давж заалдах шатны шүүх хурал болох юм байна. Магадгүй хэргийг дахин шалгаж ч болох, гэхдээ энэ нь хэрэгтнүүдэд ашигтайгаар эргэхгүй л болов уу. Мөрдөн байцаах хорооны тэргүүн Мухаммед Иззат Шарбаш өмнө нь хэрэгт зөвхөн Каир дахь Тахрирын талбай дээр болсон үйл явдал төдийгүй Египетийн бусад хэсэгт болсон үйл явдлыг тооцох хэрэгтэй хэмээн урьд нь мэдэгдэж байлаа. Тиймээс Мубарак болон аль-Адли нарын хэрэгт шинээр мэдээлэл гарч ч болзошгүй юм.
Ямартай ч шүүх ажиллагаа үргэлжилж байгаа. Харин шинэ хэргүүд нь батлагдвал, өдгөө хэвтэрт орчихсон байгаа 84 настай Мубаракийг дахин нэг бүх насаараа хоригдох ял хүлээж байгаа болов уу? Энд өгүүлэхэд Хосни Мубаракийн хэргийг ялгаж салгаж байгаа шүүх ажиллагаа нь өөрөө тун гайхалтай. Нэг талаас Myбаракийг шүүсэн нь Арабын хуульзүйн практикт экс тэргүүнээ шүүж буй анхны тохиолдол. Хоёрдугаарт, Мубаракийг эрүүгийн хэрэгт татах санаачилгыг Мубарак өөрөө засагт оруулж ирсэн хүмүүс нь гаргасан. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж л энэ дээ.
Түүнээс гадна Мубаракийг шүүх ажиллагаа маш хурдан эхэлсэн. Түүнийг огцорсноос хойш ердөө хагас жилийн дотор л шүүх, цагдаа болоод явчихсан юм. Гэтэл үүнтэй ижил тохиолдлуудад, жишээлэхэд Югославт гэхэд л нотлох баримтаа маш удаан, нарийн судалж байв. Харин Египет ихэд яарсан. Мубаракийг шүүх нь Мухаммед Мурсигийн сонгуулийн өмнөх кампанитай давхцаж байв. Мурси Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан, харин түүний шинэ Засгийн газар сонгогчдынхоо хүсэлтийг биелүүлэхийн тулд бушуухан шиг л Мубаракт ял оноохоор яарч байлаа. Египетийн экс Ерөнхийлөгчид ноогдуулсан ял нь мөн л Арабын хууль зүйн уламжлалд дасал болсон зүйл биш.
Шинжээчдийн өгүүлж байгаагаар Арабын тэргүүнүүдийг түлхэн унагасны дараа ихэвчлэн эх орноос нь гаргадаг гэнэ. Ер нь бол Мубаракт эх орноосоо гарахыг санал болгосон, харин тэр өөрөө эрс татгалзсан юм. Чухамхүү ийн татгалзсан нь экс Ерөнхийлөгчийн улс төрийн алдаа гэж үзэх судлаачид ч бий.
МУБАРАКИЙГ ӨМӨӨРӨХ ШАЛТАГ
Хосни Мубарак бол эх орондоо олон зүйлийг хийсэн хүн, тиймээс ч түүнд цаазын ял оноох нь шударга бус хэрэг болох байлаа. Харин бүх насаар нь хорих ял л хамгийн зөв шийдэл байв, түүний хуучны гавьяаг нь тооцсон ч хатуудахгүй, мөн жагсагчдын хүсэлтийг ч биелүүлэх хэрэгтэй, тиймээс энэ ял зөөлдөхгүй. Түүнээс гадна Мубаракийн прокуроруудад итгэх итгэл улам бүр алдарч байна. Тухайн үедээ Мубарак өөрөө л тэднийг энэ албан тушаал дээр томилж байсан. Гэтэл өнөөдүүл нь шударга ёсыг тогтоох нэрээр шударга бусаар ажиллаад байна уу даа гэсэн сэрдлэгийг хүн бүрт төрүүлнэ. Учир нь хүний эрхийг хамгаалагчид болон сэтгүүлчдээс нэг ч хүнийг шүүх хурлын танхимд нэвтрүүлээгүй гэдэг. Шүүх ажиллагааны өөр нэг хачирхалтай зүйл нь 2011 оны есдүгээр сард төрийн тэргүүн Хусейн Тантавиг гэрчээр дуудсан явдал. Тэрбээр Мубаракийн эсрэг мэдүүлэг өгөх ёстой байв. Гэвч түүнийг хэрэгтнүүдийн талд ашигтай байхуйц мэдүүлэг өгсөн гэж яллагдагчдын өмгөөлөгчид баталж байлаа. Түүнчлэн хэргийг цааш ухаж, нөхцөл байдлыг хэдэн талаас нь сайн гэгч нь харвал Мубаракийг шүүсэн, Мурси болон Ах дүү мусульманчууд засгийн эрхэнд гарснаар Египетийн амьдрал сайжирсан уу гэвэл үгүй гэж олон ч хүн хэлж байна.
Улс төрийн асуудал нь өөрөө эдийн засгийн асуудлуудыг бий болгодог нь жам. Өдгөө Египетийн амьдралын түвшин доошилж, аялал жуулчлалаас олох орлого багасч байгаа бол үүнээс гарах үр дүнтэй арга одоогоор бодож олсон нь үгүй. Ер нь Каирын гудамжинд үймээн санаачилсан, Мубаракийг түлхэн унагахад хүргэсэн тэр хүчээр эдийн засгийн болон улс төрийн тогтвортой байдал авчрах хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу. Ийн хэлэх болсон шалтгаан нь Египетийн хувьсгалд АНУ-ын гар орсон гэж олон шинжээч үздэг. Гудамжны эсэргүүцэл тэмцэл зохион байгуулагчид Америкийн төрийн бус байгууллагуудын удирдлагаар твиттер хувьсгал-ын технологи боловсруулах сургуулийг дүүргэсэн. Египет энэхүү технологийг боловсруулахад туршилтын талбай болсон гэсэн үг.
Шинэчлэлийг шаардаж байгаа Египетийн олон нийтийн сэтгэгдэл дээр чадварлагаар дөрөөлөн, Тунисийн мэлрэг цэцгийн хувьсгал-ын нөлөөг харгалзан хилийн чанад дахь улс төрийн технологичид Исламын өөр нэгэн улсыг эмх замбараагүй байдалд оруулж, Исламын ертөнцийг тогтворгүй байдалд оруулахыг хүссэн гэж судлаачид үздэг. Товчоор хэлэхэд Мубаракийг шүүж байгаа Египетийн шүүхийн тогтолцоог бодит, шударга гэхэд тун ч бэрх. Ер нь ч тэгээд энгийн египетчүүдээс өөр хэн нэгэнд Египетийн тогтвортой байдал хэрэгтэй ч юм уу?
Б.Мөнхцэцэг