Хүн төрөлхтөн дахиж дайтахгүйн тулд ЮНЕСКО-г байгуулжээ
Англи нэр нь United Nations Educational, Scientific and Cultural Organization. Үүний товчлол UNESCO /ЮНЕСКО/ гэдэг нэрээрээ дуудагдах нь элбэг. Францын нийслэл Парист төв нь байрладаг. Одоогийн тэргүүн нь Болгарын иргэн Ирина Бокова.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ байгуулагдаж, дайны аюулыг хүн төрөлхтөн дахиж амсахгүй байх үүднээс ЮНЕСКО-гийн дүрмийг баталсан байна. Дүрмийн өмнөх үгэнд Дайн нь хүний сэтгэл санаанд бий болдог учраас хүний сэтгэл санаанд энхтайвны үрийг тарих ёстой гэж байдаг. Энэ нь ЮНЕСКО-г байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл болж, үүнийгээ соёл, боловсрол, шинжлэх ухааныг хөхиүлэн дэмжиж дэлгэрүүлэх замаар хэрэгжүүлэх бодлоготой байгууллага юм.
Ерөнхийдөө Бүх нийтийн анхан шатны боловсрол, Өвөрмөц соёлыг хамгаалах, соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол бүхий хөгжил зэргийг үйл ажиллагааныхаа зорилт болгодог. Одоогийн байдлаар дэлхийн 191 орон тус байгууллагын гишүүн бөгөөд ажиглагч гишүүний статустай зургаан орон бий. Монгол Улс тус байгууллагын жинхэнэ гишүүн юм.