Хамгаалах хуульгүйгээс хэвлэн нийтлэгчид хохирсоор байна
Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэж, эрхэм гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын Хэсэг байгуулан ажилдаа ороод байсан.
Сүүлийн үед УИХ-ын ажил цалгардаж хүлээгдэж байгаа олон чухал хууль гацаанд орноор нэлээд салбарт хууль эрх зүйн тодорхойгүй байдал үүсч иргэд, албан байгууллагууд хохирсоор байна. Хуулийн тодорхой зохицуулалт үгүйлэгдэж байгаагаас эд материалын болон сэтгэл санааны хохирол амсаж яваа иргэдийн тэргүүн эгнээнд хэвлэл мэдээллийн салбар, тэнд ажиллаж байгаа сэтгүүлч, сурвалжлагчид хамрагдах болсоор удлаа.
2012 оны хоёрдугаар сарын 9-нд Глоб интернэшнл ТББ-аас гаргасан Сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчил судалгаанд оролцсон 215 сэтгүүлчийн 130 нь нийтлэл, нэвтрүүлгээсээ болж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэсэн гомдолтой байжээ. 130 сэтгүүлчийн 66 нь сүрдүүлэг заналхийлэлд өртөж, 52 нь дарамтад орсон бол, 30 сэтгүүлчид иргэний хэрэг үүсгэн шалгажээ.
Харин сүрдүүлэг, заналхийлэл нь агуулгын хувьд дийлэнх буюу 55 нь шүүхэд өгнө, 43 нь ажлаас чинь халуулна гэж сүрдүүлсэн бол шоронд суулгана, ална, зодно, хүүхэд, гэр бүлийн гишүүдэд нь халдана гэж сүрдүүлсэн тохиолдол 7-10 байжээ. Дарамтад өртсөн сэтгүүлчдийн 92-ыг утсаар загнасан, 47-г эх сурвалжаа хэлэхийг шаардсан, 43-тай нь биечлэн уулзаж загнасан, 21-ийг албан тушаалтан дуудаж загнасан бол таван сэтгүүлчийн эрүүл мэндэд нь халджээ.
Нийтлэл, нэвтрүүлгээсээ болж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэсэн гомдолтой тулгарсан 130 сэтгүүлчийн 30 нь хэргээ шүүхээр шийдүүлжээ. Шүүхээр шийдэгдсэн нийт хэргийн 12-ыг хэрэгсэхгүй болгож, 11-ийнх нь нэхэмжлэлийг хангасан бол гурав нь эвлэрчээ.
Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргасан этгээдийн мөнгөн шаардлагын дээд хэмжээ нь 100 сая, доод хэмжээ нь 600 мянган төгрөг байжээ. Харин шүүх 300 мянгаас хоёр сая төгрөгийг сэтгүүлчдээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдлын хамгийн олон 110 нь төрийн албан хаагч, улстөрчид зэрэг эрх мэдэл бүхий албан тушаалтнууд эзэлсэн бол 34 нь бизнесмэн, хувийн хэвшлийнхэн, 15 нь урлаг, спортын одод, төрийн бус болон олон улсын байгууллагынхан байжээ.
Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, хувь хүнийх нь халдашгүй байдалд заналхийлсэн зарим хэргээс дурдвал
Өглөөний сонин-ны сэтгүүлч Р.Саруултөгсийг Налайх дүүргийн газрын асуудлыг хөндөж бичсэнээс үүдэн ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван шүүхэд өгч, 20 сая төгрөг нэхэмжилсэн.
Ардчилал сонины сэтгүүлч Ж.Цэцэгмааг ШУМТ-ийн барилгын хэсгийг кинотеатр болгосныг нь бичихэд Сод Монгол группийн захирал Ц.Анандбазар шүүхэд өгч, 30 сая төгрөг нэхэмжлээд нэг саяыг авч байсан.
Женко-гийн CAML компани Оюу толгойн хятад ажиллах хүчийг хангадаг гарчигтай нийтлэл Өглөөний сонин-д гарсантай холбогдуулж, сэтгүүлч Р.Саруултөгсөөс УИХ-ын гишүүн Х.Баттулга 100 сая төгрөг нэхэмжилсэн, Монголын үнэн сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны дугаарт Х.Баттулга Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач гарчигтай нийтлэл хэвлэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга тус сониноос 100 сая төгрөг нэхэмжилсэн. Монголын мэдээ сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны дугаарт БНН- ын дарга Б.Жаргалсайхантай сэтгүүлч Б.Даваагийн хийсэн ярилцлага Долоодугаар сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог гэсэн гарчигтай гарснаас үүдэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан тус сонины үйл ажиллагаанд саад хийж, хэвлэлтэд нь хяналт тавьж, сэтгүүлчдийг нь утсаар дарамталсан.
Зууны мэдээ сонины сэтгүүлч Д.Болормаатай УИХ- ын гишүүн Б.Наранхүү шүүхээр заргалдаж, найман сая төгрөг гаргуулахаар болсон байна. Мөн 2012 оны есдүгээр сарын 13-ны өдөр Blue sky tower -т ажилладаг солонгосчууд ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжин болон зураглаачийнх нь биед халдаж камерыг нь эвдсэн, 2012 оны есдүгээр сарын 29-ний шөнө ажлаа хийж явсан SBN телевизийн сэтгүүлч, зураглаач нарын биед Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ХО баарны хамгаалагчид халдаж танхайрсан. 2012оны долоодугаар сарын 23- нд УИХ-ын гишүүн асан Д.Одхүү Улстөрийн тойм сонины сэтгүүлч Л.Баярааг шүүх хуралд хоцорч ирлээ хэмээн ялихгүй шалтгаанаар бариулж, хориулсан. Мөн 2012 оны зургаадугаар сард Увс аймагт нэр дэвшигч, УИХ- ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Тендерчин Ч.Хүрэлбаатар гэсэн материал бичсэн сэтгүүлчийг шүүхэд өгсөн, сард Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өөрийгөө авлигач биш гэдгийг батлаагүй байж 100 сая төгрөг нэхэмжилсэн гээд сэтгүүлчдийн эрх чөлөөнд хууль бусаар халдан заналхийлсэн хэрэг ар араасаа цуварсаар байна.
2012 оны тавдугаар сарын 3 буюу Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гаргасан судалгаанд дэлхийн 197 орон хамрагдсанаас Монгол Улс 80 дугаар байранд жагсаж, хэвлэл мэдээллийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтсан. Өнөөдрийн Монголын нийгмийг эрүүлжүүлэхээр үзэг, камераас өөр зэвсэггүй тэмцэж яваа сэтгүүлчдийн хөдөлмөр араасаа байнга хэл ам дагуулж, үргэлжийн айдас түгшүүр дунд буцалж явдаг тун ч амаргүй ажил болоод байгаа.
Сэтгүүлчдийн амыг шүүх дээр боомилж эрүү, иргэний хуулиар зохицуулагдаж байгаа өнөөдрийн тогтолцоог нэн даруй халах, хууль эрх зүйн орчин нь Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн мэдүүлсэн ч удтал хүлээгдсээр байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль юм. Харин хэвлэл мэдээллийн салбарт өглөөний нар-ыг авч ирэх энэ хууль хэзээ батлагдах нь өнөөдөртөө оньсого төдий л байна.
Д.Түвшин