Дулааны IҮ цахилгаан станцыг өргөтгөнө
Хөгжлийн банкнаас зохих журмын дагуу санхүүжүүлж, 2014 оны 6 дүгээр сард багтаан дуусгах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар даалгаад ажлын явцыг улирал бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгааны хэрэглээ 2005-2011 онд 5-7 хувиар өсч, 2012-2013 оны өвөл оргил ачааллын үед дулааны цахилгаан станцуудын нийт чадлаас давах төлөвтэй байна. Эрчим хүчний хэрэглээ ингэж тогтмол өссөнөөр 2014-2015 онд ОХУ-аас импортын эрчим хүч авсан ч төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүсэхээр байна. Олон жил яригдсан Ү станцын ажил 2013 онд эхэллээ гэхэд 2016 онд эхний хэсэг нь ашиглалтад орох юм. Иймд шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл IҮ цахилгаан станцыг цахилгаанаар 100 МВт-аар, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөх нь богино хугацаанд, харьцангуй бага зардлаар цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг тасалдуулахгүй хангана гэж үзсэн байна.
Энэ төсөл нь 18 сарын дотор хэрэгжих боломжтой, 70 орчим сая ам.долларын өртөгтэй бөгөөд өртгөө 7,8 жилд нөхөх тооцоо гарчээ.