Пайзтай улс төр

Цалингийнхаа таван төгрөгөөр амь амьдралаа залгуулдаг иргэдийн хувьд үнийн өсөлт гэдэг байнгын тэмцэл нь болж ирсэн.

Үнэ нь өссөн бараа эзэндээ ашиг авчирдаг бол иргэдэд хэрэглээгээ хумихыг байнга сануулдаг. Улстөрчдийн тэмцлийн хэлбэрийн бай нь нийгмийн чиг хандлагатай болсоор удаж байна.

Хамтарсан Засгийн газраас АН гарах болсноо албан ёсоор мэдэгдсэн халуухан мэдээтэй хамт бензиний үнэ өсч байх жишээтэй. Харин нэгэнтээ нэмэгдсэн үнэ буурна гэж байхгүй шүү. Улам л хөөсрөөд байна уу гэхээс. Тиймээс ч иргэд бид дахиад нэмэгдчихгүй бол яахав дээ, хэмээн өөрсдийгөө аргадах болсон. Буурлаа буурлаа гэхэд хуучин ханшин дээрээ очно гэдэг бүүрч ёогүй. Улстөрчдийн мөн чанар нь за гэвэл ёогүй баймаар. Даанч манай улстөрчид олон за-тай ч ёогүй байна гэж ёстой дашин шог.

Билэгт сайн өдрүүд үргэлжилсэн өнгөрсөн долоо хоногт Өвөрхангайн тойргийн асуудал шийдэгдэж, тус тойргоос АН-аас нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нар УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болжээ. Шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцсэн Өвөрхангайн иргэдийн төлөөлөл Улаанбаатарыг зорин ирж Төрийн ордныг гороолон жагсав. Уг нь тэд нутагтаа эсэргүүцлийн жагсаал хийж болох л байсан байх. Даанч хаа хол 430 км-ийн цаана жагсаж байгаа Өвөрхангайчууд байтугай Төрийн орд нь гадна жагсдаг хөдөлгөөнүүдийн үг дотор байгаа хүмүүст тэр бүр хүрээд байдаггүй болохоор тэд ийн Улаанбаатарыг зорьсон байх. Өвөрхангайн МАН-ыг дэмжигч сонгогчдыг МАН-ынхан дэмжин хүч нэмж, сөрөг хүчний гишүүд чуулганы танхимын хаалгуудыг сандлаар хашин, пайзтай суулт зарлав. Энэ нь нэг талаар олонход чуулганы хуралдааныг хэвийн явуулах боломж олгохгүй байгаа. Нөгөө талаас Монголын улс төрийн хоёр том хүчин хэл амаа хурдхан ололцохгүй бол цаг хугацаа тэднийг хүлээхгүй жирэлзэн өнгөрч байна. Жил жилийн намрын чуулган ирэх оны улс орны эдийн засаг нийгмийн дүр зураг, өнгийг тодорхойлдог. Тиймээс ч цаг хугацаатай уралдан хэлэлцэж батлах ирэх оны мөнгөний бодлого, төсөв анхны хэлэлцүүлэг дээрээ гацаанд орлоо. Үүнээс гадна цаг үеийн олон шийдэх асуудлууд ар араасаа хөвөрч байгаа байх.

СЕХ-ны урьдчилсан дүнгээр бол Өвөрхангайчууд энд ирж ордон тойрон гороолоод байх шаардлагагүй юм билээ. СЕХ-ны урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч н.Төмөрхүү, С.Чинзориг нар АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нараас 10 гаруй мянган хүний саналаар. давуу, өрсөлдөгчөө хол хаясан, олон санал авсан байх жишээтэй. Гэвч нэхэмжлэгч талуудын шүүхийн шийдвэр АН-ын талд гарсанд бухимдсан сонгогчид малын тэжээл, өвлийн дулаан бууцандаа буух ажлаа хаян хаян Улаанбаатарыг зорьжээ. Учир нь тэдний төр барих эрхэнд нь халдсанд тэд бухимдаж байна лээ. Төрийн ордны гаднах жагсаалаас илүүтэй дотор талд ажил хаялт зарлан суугаа сөрөг хүчний гишүүд олны анхаарлын төвд байх шиг. Өөр хоорондоо элдвийг ярилцан суух сөрөг хүчний гишүүд дээр АН-ынхан ирж мэнд мэдэн, хошигнон, инээмсэглэн зөрцгөөх.

Үнэндээ АН-ынханд инээд, МАН-ынханд ханиад болоод байх шиг байна. Улс төрийн хоёр нам нь үг хэлээ ололцохгүй байх хооронд Шударга ёс эвсэл, бие даагчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна лээ. Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч н.Батцэрэг сонгуулийн дүн шударга гарах ёстой. Та нар шударга үнэний төлөө тэмцэж байгаа бол зөв гэж бөөрөнхий хариулт өгч байгаа бол гишүүн О.Баасанхүү сонгуулийн дараа Өвөрхангай аймагт ажилласан юм байна. Тэр үеэр түүний мэдэрсэн чиг ханддагаар бол Яах аргагүй МАН-ын хоёр нь ялчихсан л юм байна даа… хэмээн дүгнэсэн гэх. Сая Өвөрхангайн хоёр суудлаа луйвардуулахгүй гэсэн МАН-ынхны тэмцлийн үеэр улстөрчдийн сэтгэгдлийг сонсох үеэр ч О.Баасанхүү тэрхүү мэдрэмжээ ил цагаан хэлж байлаа. УИХ дахь бие даагчид С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар ч АН арай хэтэрхий туушиндаж байна… хэмээн илэрхийлжээ.

Энэ долоо хоногт сөрөг хүчинтэйгээ эв эеийг ололцохгүй бол эрх баригч нам байсны хэрэг алга, АН-д. Стандарт бус нийгэм гээд сөрөг хүчний үгийг сонсохгүй байхыг хэлэх үү. Төрийг төвхнүүлэн авч явж чадна гэж л АН-д сонгогчид олон суудал олгосон.

Тиймээс сонгогчдын хаан сонголтыг хүндэтгэж, төрөө түвшин, түмэн олноо амгалан байлгах үүднээс сөрөг хүчинтэйгээ ойлголцолд хүрэх үүрэг АН-д оногдож буй. Тэгээд ч улстөрчдийг ийн мэтгэлцэж байх хооронд Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ.

Н.Энхбат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button