Уул уурхайн салбарыг шонхор атгаж байгаа
гэх мэт стратегийн орд газрыг тойрсон элдэв маргаан тасрахгүй байгаа энэ үед шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн уул уурхайн бодлогыг хариуцсан тусдаа яам байгуулахаар зүтгэсэн. Том мөнгө, том эрх ашиг дагасан том бодлого хэрэгжих энэ газар хэний гарт очих нь Ардчилсан намын хувьд албан тушаалын бялууны амттай том хэрчим байлаа. Фракцууд дотроо хуваарилалт хийхэд Их хурлын даргын суудал эзэлсэн Шонхор илт давуугаар ялалт байгуулж Уул уурхайн яамыг толгойлох болсон.
Эрх баригчдын зүгээс зайлшгүй байх ёстой хэмээн тодорхойлж буй ч олны дунд Заавал байх ёстой болов уу гэсэн эргэлзээг төрүүлээд буй тус яамыг толгойлж буй эрхэм нь УИХ-ын гишүүн Д.Ганхуяг. Олон нийт түүнийг эрхэм гишүүн, эгэлгүй улстөрч гэхээсээ илүү Бридж гэж хувийн компаниар нь илүүтэй таньдаг. Улс төрд ч, бизнесийн салбарт ч өөрийн гэсэн мөртэй, нэртэй яваагийнх нь хамгийн том тодорхойлолт энэ биз. Тэгээд ч энэ эрхмийн тухайд сайдын суудалд залрах гавьяатай гэдгийг намынх нь нөхөд өгүүлсэн. Учир нь тэрбээр 1990 оны ардчилсан хувьсгалын үед Говь комбинатад МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулалцаж, цагаан морин жилийн хувьсгалд гар бие оролцож явсан гэдэг утгаараа энэ зэргийн суудалд сууж, салбарын бодлого тодорхойлон сайдын тамга атгах ёстой гэдгийг тэд өгүүлж буй юм. Тэгээд ч түүнийг албандаа ч, аминдаа ч арчаатай нөхөр хэмээн ойр дотно ажиллаж, үерхэж нөхөрлөж, тус дэмийг нь хүртэж бас тус дэмээ хүртээж явсан нөхөд нь тодорхойлдог юм билээ.
Д.Ганхуяг ардчилсан хувьсгалд гар бие оролцон зүтгэж явахдаа буюу 1991 онд өдгөөгийн Бридж групп-ийн толгой компани болох Бридж ХХК-ийг хэдэн нөхдийнхөө хамт байгуулж, үйл ажиллагаагаа худалдаагаар эхэлж байсан. Одоо түүний мэдэлд хэд хэдэн охин компани бий. Жижиг дэлгүүрээс эхэлсэн бизнес жил жилээр хүрээгээ тэлж том сүлжээ болсон төдийгүй барилгын, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн гээд олон салбарт хүч үзэж буй юм. Гол харилцдаг түнш нь Япон. Наран улсад сургуульд сурч, боловсрол эзэмшсэн болохоор бизнесийн түншээ ч Арлын орноос анхлан сонгосон. Япон хэлтэй, Японд боловсрол олсны буянаар Говь гэж том компанийг түшилцэх боломж олдож улмаар удаах бизнесийнхээ санаа оноог ч энэ хавиасаа шүүрдсэн гэдэг юм.
Энэ эрхмийн талаар хэвлэлүүд элдвийг бичдэг. Нам дотроо мөнгөтэй хөрөнгөтэй, компанитай, япончуудтай ойр ажиллаж, монголд орж ирсэн хөрөнгө оруулалтаас хувь хүртдэг гээд л. Гэвч үүнийг нь хуулийн байгууллага тогтоогоогүй болохоор үнэн худал гэж тодорхойлох боломжгүй бөгөөд нэг үе МоАХ гэж гүйж явсан тэрбээр одоо бол Шонхор фракцид харьяалагддаг нь үнэн билээ.
Гэхдээ хамгийн том оноог тэрбээр Оюутолгойн гэрээн дээр алдчихаад байгаа. Энэ гэрээг өөрчилж, Монголд орох ашгийг нь нэмэх ёстой хэмээн өмнөх Засгийн газрын үед чанга дуугарч байсан нөхдийн нэг. Тэр ч утгаар нь түүнд Эх оронч түшээ гэсэн өргөмжлөл гардуулж байв. Гэтэл энэ Засгийн газарт гэрээний асуудал хамгийн ихээр хамаатай яамыг толгойлох болсон нь өмнөх тэмцлийнх нь өнгийг бүдэгрүүлж хэлсэн ярьснаасаа буцдаг гэсэн имиж бүрдүүлчих гээд бас нэг зовлон нэмэгдэж буй юм билээ.
Шинэчлэлийн Засгийн газрыг төвхнүүлж багаа бүрдүүлсэн Н.Алтанхуягийн албатуудаас одоогоор шүүмжлэлд харьцангуй бага өртөж буй нь Уул уурхайн яам гэхэд болно. Учир нь тус яамны сайд нь энэ салбарын хүн бол дэд сайд О.Эрдэнэбулган нь мөн л төрийн хүн гэсэн имижтэй. Учир нь тэрбээр Төрийн өмчийн хорооны дэд даргаар Д.Сугарын үед ажиллаж байсан бөгөөд түүнтэй тун ч сайн ганзага нийлдэг байсан гэх мэдээлэл бий. Мөн түүнийг Төрийн өмчийн хороо буюу хувьчлал тойрсон элдэв таагүй хэл ам тойроогүй гэдэг. Гэхдээ хэл ам бүрээс хэзээний л цэвэрхэн мултарчихдагийг нь хамтран зүтгэгчид нь ч гайхаад л хоцордог гэх юм билээ. Аргатай зальтайдаа юу, аль эсвэл үнэхээр л шударга бус зүйлд хуруугаа ч дүрдэггүй хэтэрхий шударга хүн юм уу бүү мэд. Ямартай ч Төрийн өмчийн хороонд ажиллаж, ажлаасаа чөлөөлөгдсөн даргыгаа орлон нэг хэсэг тамга атгасан байх. Харин Ардчилсан намд ямар гавьяа нь түүнийг дэд сайд гэж шагналын суудалд тодорхойлсон гэдгийг хэлж мэдэх хүн ховор юм. Аз нь шовойсон аавын хүү хэмээн атаархлын үг чулуудах хүн ч таарч л байлаа. О.Эрдэнэбулганыг дэд сайдын суудалд суухад танилцуулж байсан намтраар нь бол ШУТИС-ийг автоматжуулалтын инженер мэргэжлээр төгсч, Италид олон улсын бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан, МХАҮТ-д товчооны дарга, мэргэжилтэн, ASI Robicon Holdings-т судлаач, Анод банкинд газрын захирал, Сангийн сайдын зөвлөх, Монголын Олон улсын эрдэс баялгийн корпорацийн ерөнхийлөгч зэрэг албыг хашиж байсан юм билээ. Англи, италиар ус цас юм байх.
Элчин сайд Рэнцэндоогийн Жигжидийг харин уул уурхайн салбартай яагаад холбогдож орхисныг мэдэхгүй. Уг нь гадаад харилцааны салбартаа бол гайгүй мэргэжилтэн гэх юм билээ. Тэгээд ч ажиллаж байсан газар нь ч Гадаад яам. 1990-1996 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1996-2000 онд Токио дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2000-2004 онд Ази, Африкийн газарт зөвлөх, 2004 оноос Токио дахь ЭСЯ-нд элчин зөвлөх, Элчин сайдаар сууж Наран улсад Монголыг чамгүй хэдэн жил төлөөлсөн нэгэн. Тэр ч утгаараа энэ салбарт Японы сонирхол давамгайлах байх гэсэн хардлага ч байдаг юм билээ. Р.Жигжид Элчин сайд байхдаа өгсөн нэгэн ярилцлагадаа Уул уурхай бол яах аргагүй Япон улсын сонирхож байгаа чухал салбарын нэг. Япон өөрөө арал дээр байдаг учраас уул уурхай, эрдэс баялгаар хомс. Гэхдээ эдийн засгийн болон техник технологийн өндөр чадавхитай улс гэж өөрсдөө ч үнэлдэг, бид ч тэгж харж байдаг. Тийм болохоор манайд байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг Японы өндөр технологиор олборлох гэдэг бол хэн хэндээ хэрэгтэй харилцан бие биенээ нөхсөн хамтын ажиллагаа болно. Тиймээс Японы тал ихээхэн сонирхож байгаа нь тодорхой. Ялангуяа өндөр илчлэгтэй коксжих нүүрсийг олборлох, ашиглах сонирхол Японы талд багагүй байх шиг. Мөн түүнчлэн газрын ховор элементийг бас их сонирхож байна хэмээн ярьж байсан байдаг.
Шинэ Засгийн газрын тал зассан, нутаг ус, жалга дов, танил тал харсан сайдуудын томилгоо болон түүний багийн андын талаар цухас мэдээлэл өгөхөд энэ. Тэгэхээр АН-ынх гэхээсээ илүүтэй Шонхор, Н.Алтанхуягийн гэхээсээ З.Энхболдын шадрууд гэж болох дээрх эрхмүүд ирэх дөрвөн жил уул уурхайн салбарыг хэрхэн харахаас та бидний авдаг цалин, хэтэвчний нимгэн зузаан хамаарах болоод байна.
Л.Оюун