Монголчууддаа Есенинг дахин сануулав

түмэндээ өргөн барьсан юм.

Уг номыг өлгийдөж авахаар санаач­лан эмхэтгэгчийг анх С.Есенинтэй уулзуулсан нэрт орчуулагч Ж.Нэргүй, Б.Хишиг-Ундрал, утга зохиолд донтуулан, бүтээхийн шуналд хөтөлсөн аав Даваасүрэн, багш Д.Галбаатар, нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким, ахмад зохиолч Х.Зандраабайды, зохиолч, шүүмжлэгч Д.Бямбаа гээд Монголын утга зохиол, сэтгүүл зүйн салбарын олны танил 60 гаруй хүн ирсэн байлаа.

Д.Ган-Очир дунд сургуулийн сурагч байхаасаа л Оросын суут найрагч Сергей Есениний тухай монгол хэлнээ хөврүүлсэн болгоныг сонирхон, шимтэн уншиж иржээ. Улмаар өөрийнх нь ярьснаар донтож, 30 наснаасаа хойш дотно нөхөрлөн судалж эхэлсэн байна. Учир нь

Оюун бодол, хүсэл, гуниглалаа

Онгон цэнхэр талдаа шивнэн шүлэг­лэсээр

Яс шиг цайрах хусан ойгоо зүүдлэн

Ял, гавьяаныхаа дээсэн дээр нүдээ анин мөнхөрсөн С.Есенин бол түүний амьд шүтээн нь ажээ. Тиймээс Оросын их найрагчийн шүлэг, ном, Монголын зохиолчдын түүний тухай бичсэн дурсамж, нийтлэлүүдийг 20 гаруй жил цуглуулсан аж.

Ийнхүү Д.Ган-Очир өөрийнхөө хоббиноос дээжлэн баринтагласан Есенин Монголд ном Орчуулгын оргил булгийг эмхэтгэхийн учир, Дурдатгал, Сергей Есениний дурлалт хүүхнүүд, Хус, Шаганэ, Шүлгүүд, Төгсөшгүй төгсгөл, Монгол хэл дээр хэвлэгдсэн номнууд гэсэн долоон бүлгээс бүтжээ.

Ном хоёр хавтастай бөгөөд дэд хавтсанд саяхан Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан, авьяаслаг шог зураач А.Бат-Эрдэнийн зурсан монгол дээлтэй, бүрх малгайтай, гаанс зуусан С.Есенин заларсан байв. Харин Д.Ган-Очир гэрийнхээ номын сангийн дээд хойморт шүтээн болон залаатай байдаг Оросын суут найрагчийн хөргийг номынхоо эхний хуудсанд хэвлүүлсэн байна. Энэхүү хөргийг багш Д.Батдэлгэр нь түүнийг 17 настай байхад хальсан дэр хэлбэрээр бэлэглэсэн аж.

Дашрамд өгүүлэхэд, Сергей Есенин бол монгол хэлнээ хөврүүлэгдсэн бүтээ­лүүдийнхээ тоогоор А.С.Пушкины дараа орох яруу найрагч. Тэрээр 1895 онд Рязань губернийн Константиново тосгонд төржээ. Нэгэн чинээлэг авга өвөөгийндөө хэрсүү амьдралаар бага насаа өнгөрөөж, улмаар сүмийн сургуульд сурсан байна.

Серёжа есөн настайгаасаа шүлэг бичиж, 18-тайдаа Петербург орж, тэр үеийн Оросын нэрт найрагчидтай уулзах хувь тохиож, заримтай нь үерхэж эхэлжээ. Түүний бичсэн шашны утгатай шүлэг, найраглалуудаас Оросын хувьсгалын өмнөх үеийн амьдрал тод харагддаг. Тэрээр намтартаа Хувьсгалын үед октябрийн талд байсан. Гэхдээ бүхнийг өөрийнхөөрөө, тариачны үзлээр ухаардаг байлаа. Эдүгээ өөрийн хөгжлийн тухайд Пушкинд улам татагдах боллоо… хэмээсэн байдаг.

Орос орондоо түүн шиг хайртай явсан яруу найрагч олонгүй хэмээн үнэлэгддэг С.Есенин бол Орос, Украины ард түмний амьдралын гүнд жаргал, зовлонг ээлжлэн амсаж, дарсны хатуу охь, охидын гоо үзэсгэлэнд согтож, хөглөгдөж явсан яруу найрагч билээ. Тэрээр яруу найрагч, сэтгүүлч С.Батмөнхийн бичсэнээр Мөнхийн туурвил үлдээгээд, мөнхийн хязгааргүйд мөнхөд одсон, халаагаа хариугүй өгөх гэж буй зууны их найрагчийн шүлэг зохиол өдөр хоног өнгөрөвч үе, үеийнхний дунд улам ойр дотно болон амьдарсаар авай.

Их найрагчийн олон арван шүлэг, найраглалууд, түүний дотроос Хусхан, Хонгорхон Шаганэ минь, Анна Снегина, Пугачёв, Өглөөний мэнд-ийг нь уншаагүй хүн бидний үеийнхэн дунд цөөхөн байх.

Орос, Зөвлөлтийн суут найрагчдын нэг Сергей Адександрович Есенин 1925 оны арванхоёрдугаар сарын 25-нд Ленинградын Англетер зочид буудалд амиа хорлосон гэдэг ч сүүлийн үед түүнийг бусдын гарт амь үрэгдсэн болохыг олон баримтаар нотлох болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button