Шүдлэн үхрийн мах 150 кг татаж, 849.000 төгрөгөөр борлогдов

-Та аль аймгаас ирсэн бэ?

-Төв аймгийн Алтанбулагаас ирсэн. Мөнгөний хэрэг гараад ганц шүдлэн үхэр зарахаар ирсэн. Ашгүй нэг их удалгүй зарчихлаа.

-Энд байнга ирдэг үү?

-Хааяа, хааяа ирнэ шүү.

-Та тэгээд шүдлэн үхрээ хэдээр зарчихав?

-Нэг кг-ыг 5500 төгрөгөөр бодоод 849.000-д өгчихлөө. Сая жинлээд үзэхэд 150 кг болж байна.

-Шүдлэн үхэр гэхэд их л татаж байна даа. Хязаалан үхэр юм биш үү?

-Үгүй. Шүдлэн үхэр. Уг нь ийм насны үхрийг төхөөрөхөд их л нимгэн байдаг юм. Харин энэ үхэр их тарган, өөх ихтэй юм.

-Тарган үхэр юм аа. Тэгээд танай нутагт шүдлэн, хязаалан насны эр үхэр ямар ханштай байх вэ? Одоо ч идэш иддэг цаг дөхлөө дөө?

-Янз бүр дээ. Манай сум хотод ойр болохоор мал арай үнэтэй. Эр бяруу л 300.000 гэдэг юм. Тэгэхээр шүдлэн үхэр 750.000 мянган төгрөгнөөс наашгүй. Та хар л даа. Миний саяын зарсан бага насны үхэр гэхэд л мах нь 849.000 төгрөг болчихлоо. Бөөний үнээр бодоод тэр шүү. Хэрэв жижиглэнгийн үнээр тооцвол нэг сая төгрөг болгочихно. Тэгээд үүн дээр гэдэс дотор, арьс ширний үнийг оруулбал бас ч үгүй овоо л төгрөг болно. Ингээд бодохоор мөнгөний боломж нь байдаг бол идэш авч идсэн нь хамаагүй дээр. Хүмүүс мөнгө муутай болохоороо хилийн махан дээр унадаг. Надаас сая нэг хүн мах аваад явлаа. Хэрэв тэр хүн махаа дэлгүүрт жижиглэнгийн үнээр зарвал кг тутамд. дор хаяж 1000 төгрөг нэмж зарна. Бод доо нэг багахан шүдлэн үхрийн махнаас 150.000 төгрөг унагаачихаж байгаа биз дээ.

-Тийм юм аа. Тэгээд та нар өөрсдөө лангуу түрээслээд жижиглэнгээр зарчихаж болдоггүй юм уу?

-Бөөн түвэг. Тийм цаг хаа байна. Бушуухан бөөний үнээр хурдхан шахчихаад л явахаа бодно шүү дээ. Зах дотор лангуу түрээсэлсэн зөндөө хүүхнүүд байхад би тэдний ажлыг булаагаад яах вэ дээ. Тийм ээ.

-Энэ жил хязаалан үхэр авч идвэл ямар үнэтэй байх бол?

-Нэг сая төгрөгнөөс наашгүй. За тэгээд соёолон үхэр, нас гүйцсэн шар гэвэл үнэ нь цаашаа яваад л байх байх даа. Ер нь одоо малчид бяруу, шүдлэн гээд өсвөр насны малаа зарах тун дургүй болчихсон. Арга ч үгүй биз. Хэн ч байсан тарган бяруугаа 250.000-300.000 төгрөгөөр зарсны оронд дахиад нэг жил маллаад махалбал мах, гэдэс, арьс ширтэйгээ нийлээд нэг сая төгрөг болгочихно гэж бодно биз дээ. Одоо ч малчдын арга ухаан гэж айхтар болсон шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button