Хотын дарга цэргийн албанд тэнцсэн залуучуудтай уулзлаа

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун болон холбогдох албан тушаалтнууд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын товчооны үйл ажиллагаатай танилцлаа.

Хан-Уул дүүргийн II хороо, 19 дүгээр үйлчилгээний төвийн урд талын ЕБС-ийн 52 дугаар дунд сургууль дээрх Цэрэг татлагын байранд цэргийн насны 1000 гаруй залуучууд цугласан байв. Тэд цэргийн жинхэнэ албаны татлага, эрүүл мэндийн үзлэг, Нийгмийн даатгал, Гэнэтийн ослын даатгал, Эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаж байлаа.

Мөн цэрэгт тэнцсэн залуучуудад гэр бүлийнхэнтэйгээ уулзах уулзалтын тусгай өрөө, интернэтийн орчин бүрдүүлж өгсөн байв. Нийслэлийн Засаг дарга цэргийн насны залуучуудтай уулзан Цэргийн алба хаана гэдэг нь нэр төрийн хэрэг. Одоо цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд тэнцэхгүй. Тиймээс цэргийн албаа нэр төртэй хаагаад ирээрэй. Та бүхэнд амжилт хүсье гэсэн юм.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ЕБС-ийн 83 дугаар дунд сургууль дээрх Цэрэг татлагын товчооны үйл ажиллагаатай танилцлаа. Тус дүүрэгт цэргийн насны 1800 гаруй цэрэг татлагад хамрагдсанаас найман залуу бичиг үсэг тайлагдаагүй байсан юм.

Цэрэг татлагад хамрагдаж буй залуучуудын тодорхой хувийг оюутнууд эзэлж байлаа. Тэд бичиг баримтаа бүрдүүлэн Цэрэг татлагын товчоонд хандсанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа юм. Хотын дарга цэрэг татлагад хамрагдаж байгаа залууст хандаж амжилт хүсээд эх орныхоо торгон хилийг сайн манаад ирэхийг ерөөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button