Талийгаач охины аав 49 хоногийн дараа мэдээлэл хийв
зуурмаг шахагч унаж, 12 настай бяцхан охины аминд хүрсэн хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд гарсан. Тэгвэл өнөөдөр талийгаач охины аав Б.Батсайхан, өмгөөлөгч М.Энхнаран нар мэдээлэл хийлээ.
Б.Батсайхан охиныхоо 49 хоногийг өнгөрсөн тул ийнхүү хэвлэлийхэнд хандаж мэдээлэл хийж байна. Миний охиныг Б.Есүгэн гэдэг Радуга дунд сургуулийн 8Б ангид сурдаг байсан. Шүлэг зохиож, дуу дуулах дуртай хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсан охиныг минь авч одсонд одоо ч итгэхэд хүнд байна. Тиймээс бусад эцэг эхчүүдийг өөртэйгөө адил зовлонг бүү амсаасай гэсэндээ Есүгэн санг байгуулж, хамтран ажиллах гэж байгаа юм.
Өнөөдрийн нийгмийн бодлого, төрийн ажил хариуцлагагүй явж ирсний хор уршиг бяцхан охиныг минь үхэлд хүргэсэн. Төрийн буруу бодлого хээл хахууль, авлига, хүнд суртлыг өөгшүүлж, бизнес эрхлэгчдийн үзэл бодлыг доройтуулсан гэж би боддог. Үнэхээр яах ёстойгоо сайн мэдэхгүй л байна. Гэхдээ би жирийн эцэг хүний хувьд энэ асуудалд анхаарал тавиач ээ гэж эрх мэдэлтнүүдэд хандан захидал явуулъя гэж бодсон гэлээ.
Захидлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа болон Барилга, хот байгуулалтын газрын дарга нарт илгээх гэнэ.
Одоогоор хэргийн мөрдөн байцаалт дуусаж, прокурорын байгууллагад шилжээд байгаа аж. Тус хэрэгт зуурмаг зуурагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд хохирогчийн зүгээс захиалагч байгууллагыг шалгаж өгөхийг хүссэн байна. Үүний дагуу цагдаагийн газраас Төгс гүрэн компанийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдэгдсэн аж.
Л.Тамир
Оллоо.мн