Олимпийн анхны медальтнууд сэтгэгдлээ хуваалцлаа
Тус хуралд анх 1968 оны аравдугаар сарын 20-нд Мексик улсын Мехико хотод болсон зуны их наадмаас чөлөөт бөхөөр медаль авсан Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат нар оролцсон юм.
Тэд Энэ олимп нь монголчуудын хувьд хоёр дахь зуны олимп байсан. Тус орныг 16 тамирчин зорьж очоод нэг мөнгө, гурван хүрэл медаль авч, хоёр тамирчин шагналт байрт шалгарснаар Монгол Улс 27-д жагсаж байсан. Бид тус олимпийн хугацаанд өөрсдөдөө учирсан хөгтэй явдлууд болон барилдааныхаа талаар санал бодлоо солилцож байсан юм. Тиймээс монголчууд энэ өдрийг мартах ёсгүй хэмээлээ.
Энэ хурлын үеэр Монгол Улсын далбааг олимпийн тэнгэрт анх өргөсөн гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт, улсын начин Т.Артаг агсны гэргий Д.Баярлахтай ярилцсан юм.
-Т.Артаг агсан олимпоос медаль аваад ирэх үеийн тэр дурсамж мэдээж санаанаас тань гардаггүй байх?
-Нөхөр маань явсан тэмцээн болгоноосоо медаль авдаг байсан. Тэр үед манай том охин хоёр настай, дунд охин гэдсэнд байсан юм. Тэгээд ирэхийнхээ өмнө Биднийг машин ирж авна гэнэ. Тосох хэрэггүй гэж хэлж байсан юм. Сэтгэл их хөдөлж, хөл газар хүрэхгүй л их баярлаж байсан. /Уйлав/
-Тэр үед ямар нэгэн урамшуулал авч байв уу?
-Медаль авсан үед нь манайхаар хөл тасарддаггүй, хүмүүс их ирдэг байсан юм. Бид Олимпийн хороонд ирж баяраа хуваалцаад, Төрийн ордон орж, төрийн тэргүүнтэй уулзаж, 3000 төгрөг авч байлаа. Энэ мөнгө чинь тэр үедээ бас л их мөнгө байсан.
-Одоо танай гэр бүлд улсаас ямар нэгэн урамшуулал тэтгэмж олгож байгаа юу?
-Улсаас нэг жилтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж яригдсан. Гэвч яг батлагдаад, баталгаатай болсон зүйл биш. Миний нөхрийн гавьяанд чамлахаар л зүйл гэж би бодож байгаа. Ядаж 4-5 жил болгочихмоор л байна. Түүнийг би өөртөө хэрэглэхгүй, гэр бүлийнхэндээ зарцуулна шүү дээ.
-Одоогоор гэр бүлийн тань байдал ямар байгаа вэ?
-Гайгүй дээ. Нөхрийгөө өнгөрснөөс 13 жилийн дараа нэг хүүгээ алдсан. Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг гэж үг байдаг даа. Манай хүүхдүүд болон хамаатнууд маань сэтгэлээр унахгүй, тэнхээтэй байхыг байнга зөвлөдөг учир өөдрөг явахыг л хичээж явна даа.