Шалгалтаар зарим үнэт эдлэл сорьцдоо хүрсэнгүй

худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 30 гаруй дэлгүүр лангуунд ээлжит шалгалтыг 2012 оны 10 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд хийж нийтдээ 1630 ширхэг алтан, 1270 ширхэг мөнгөн эдлэлийг сорьцын шинжилгээнд орууллаа.

Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн шинжилгээний дүнгээс үзэхэд иргэн Батболдын 16 ширхэг гинж, Баярмаагийн 18 ширхэг гинж, 14 ширхэг бөгж, 30 ширхэг зүүлт, Баттөгсийн 58 ширхэг бөгж, 13 ширхэг гинж, 15 ширхэг зүүлт, 15 хос ээмэг, Рэнцэнхандын 5 ширхэг гинж, Алтанцэцэгийн 19 ширхэг гинж зэрэг бүгд 203 ширхэг алтан эдлэл байвал зохих 585 сорьцдоо хүрэхгүй 560,49-580,90 хүртэл сорьцтой байсан тул иргэн Баярмаа, Баттөгс нарын зарим эдлэлийг давтан шинжилгээнд оруулсан боловч өөр дээрээ тавигдсан 585 гэсэн сорьцдоо хүрэхгүй байгаа нь батлагдлаа. Тухайлбал Иргэн Баттөгсийн алтан бөгж өмнөх шинжилгээгээр 573,17 сорьцтой гарч байсан бол давтан шинжилгээгээр 567,48 болсон байлаа.

Эдгээр үнэт эдлэлүүд нь Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн гэх боловч үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй учраас хаана үйлдвэрлэгдэснийг тогтоох боломжгүй байна Гэхдээ дээрх үнэт эдлэлийн дийлэнх нь алтан гинж байгаа учраас Монголд үйлдвэрлээд байна гэж хардах ямарч үндэслэл харагдахгүй байна. Тэгэхээр энэхүү зөрчил нь Монголчууд Солонгосын үйлдвэрлэгчээс үнэт эдлэл худалдан авахдаа сайтар хяналт тавьж, зөв сонгож авахгүй байгаатай холбоотой. Эдгээр эдлэлийг Монголд худалдан борлуулсан нөхцөлд Монгол улсын нэг иргэн буюу хэрэглэгчийн хохирлыг иргэн Баттөгсийн шинжилгээнд өгсөн хоёр ширхэг бөгжин дээр тооцоход 573,17 сорьцтой гарсан 2,02 грамм жинтэй бөгжнөөс 1890 төгрөг, 567,48 сорьцтой гарсан 3,13 грамм жинтэй бөгжнөөс 3780 төгрөгийг Солонгос иргэнд алдаж байна.

Энэхүү үйлчилгээнд ажиглагдаж байгаа нэг онцлог зүйл нь үнэт эдлэлийг худалдан борлуулж байгаа худалдаачин буюу ченжүүд ямарч хохиролгүй үлдэж байгаа нь цаашид энэхүү үйлдлийг давтан хийх сонирхол, боломж гарч ирж байгаа юм. Тэгэхээр үнэт эдлэлийн худалдаа үйлчилгээнд удаа дараа давтан гарч байгаа дээрх зөрчил дутагдлыг таслан зогсоох үүднээс Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.1. дэх заалтыг баримтлан Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам-ын 2.6 дахь заалтыг үндэслэн зохих сорьцын баталгаандаа хүрэхгүй байгаа дээрх эдлэлүүдэд 585 биш 375 сорьцын баталгааны тэмдэг дарж баталгаажуулсан болно.

Тэгэхээр дээрх үнэт эдлэлийг 585 биш 375 сорьцтой алтны үнээр худалдаж авахыг иргэд та бүхэнд сонордуулж байна. Иргэн та үнэт эдлэл худалдан авахдаа сорьцын баталгааны тэмдгийн цифрийг сайтар ажиглах хэрэгтэй. Манай хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лабоарторит энэ оноос эхлэн сорьцын баталгааны тэмдгийг лазерийн туяагаар, хүний нүдэнд боломжийн харагдахуйц байдлаар олон улсын жишигт нийцүүлэн тавьж байгаа. Цаашдаа дотоодын үйлдвэрлэгчдийн болон импортоор орж ирсэн сорьцын баталгаагүй эдлэлийг шалган, сорьц тогтоосны үндсэн дээр лазерийн туяагаар сорьцын баталгааны тэмдэг дарах болно.

Энэ тэмдэг нь бүтээгдэхүүнд ямар нэгэн гэмтэл учруулахгүй, тод гардаг онцлогтой тул импортын алтан эдлэлд шошго зүйхгүй боллоо.

Эрхэм хэрэглэгч та үнэт эдлэл худалдан авахдаа заавал үйлдвэрлэгчийн болон сорьцын хяналтын байгууллагын баталгааны тэмдэгтэй бүтээгдэхүүнийг сонгоорой. Харин хэн хийсэн нь тодорхойгүй, алтан эдлэл дээрх 585, мөнгөн эдлэл дээрх 925 гэсэн цифр нь сорьцын баталгааны тэмдэг биш бөгөөд тэрхүү цифрүүд БНХАУ-д захын дэлгүүрт зарагдаж байдаг тул хэн ч, юун дээр ч дарсан байж болно. Хэрвээ таны сонгож авсан үнэт эдлэл дээр үйлдвэрлэгчийн барааны тэмдэг байхгүй 585 гэсэн цифр бичээстэй байгаад тэр нь сорьцдоо хүрэхгүй байвал та хохирлоо төлүүлэх эзэнгүй болж зөвхөн өөрөө хохирох болно гэдгийг анхааруулж, сэрэмжлүүлж байна гэж сорьцын хяналтын хэлтсээс мэдээллээ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button