Иргэний үнэмлэх, иргэдийн халаасыг сэгсэрнэ

нүүрсийг Авах хэцүү, авахгүй байх бүр ч хэцүү гэлцэх иргэд нийслэлд олон байна. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлчүүдийн хувьд энэ мэт асуудал цаг үргэлж ундардаг болоод олон жилийн нүүрийг үзлээ. Саяхныг хүртэл хуурай сүүг малын сүү хэмээн худалдаалдгийг мэдэлгүй хэрэглэж ирсэн иргэд үндэсний үйлдвэрлэгч компаниудад олон жил чадуулсан-аа О.Магнайн ачаар олж тогтоолгосон. Мөн үүрэн телефоны оператор Мобиком компанид ч давхар залилуулж, хэтэвчээ нимгэлж ирснээ ухаарлаа. Дээр нь нэмээд Монголын үндэсний үйлдвэрлэгч компаниуд 100 хувийн жүүс гээд сироп найруулж уулгадаг байсныг давхар мэдэрлээ. Хот, хөдөөгүй иргэний шинэчилсэн бүртгэлд идэвхитэй хамрагдана гээд хичээсэн ч хэл ам татлан олон cap хүлээлгэсэн цахим үнэмлэхийнхээ зургийг хараад хүмүүс эхнээсээ гүн шоконд орж эхлэв. Зарим нэг нь цахим үнэмлэхэн дэх зургаа хараад өөрийгөө танихгүйд хүрчээ.

Ингээд жирийн иргэд рүү чиглэсэн бизнесийн шинжтэй хууралт бас нэгээр нэмэгдээдэхэв. Өдгөө хороодод цахим үнэмлэх тараах ажил ид өрнөж байна. Үнэмлэхэн дэх зургандаа сэтгэл гонсойх иргэдийн гомдлыг хорооны ажилчид хүлээж авахаа байжээ. Өчигдөр нэгэн танил маань Баянзүрх дүүргийн XIҮ хороон дээр очиж цахим үнэмлэхээ авчээ. Гэтэл үнэмлэх дээрх танилын маань зөвхөн нүүрэн хэсэг тавигджээ. Ингэхдээ толгой нь гэлжийж, нүдээ аньсан унтаа зураг тавигдсан байна гэнэ. Хэн нэгэнд үзүүлж, Монгол Улсын иргэн гэдгээ гэрчлэхэд бэрх зурагтай цахим үнэмлэх гардсандаа гомдоллосон тэрбээр XҮI хорооныхоо хэсгийн ахлагчид ханджээ. Тэгсэн дуугарч ядан суусан хэсгийн ахлагч эмэгтэй Чиний байгаа төрх чинь л энэ. Харин ч гайгүй байгаа юм биш үү. Зарим хүмүүс зургаа хараад өөрийгөө ч танихгүй байгаа хэмээн элдвээр хэлж, хөөж туусан байдаг. Ойрын өдрүүдэд Баянзүрх дүүргийн болоод бусад дүүргийн хороодод цахим үнэмлэхийг тойрсон энэ мэт элдэв хэл ам тасрахаа байж.

Уг нь иргэний үнэмлэх түүнд агуулагдах мэдээлэл, зураг зэрэг нь тухайн хүн төдийгүй Монгол Улсын хувьд ч тогтсон стандарт шаардлагыг хангасан байх учиртай. Тэр иргэний үнэмлэх хүний нэрийн хуудаснаас ч илүү чухал. Тухайн хүнийг хаана ч илтгэх, Монгол Улсын иргэн гэдгийг нотлох чухал бичиг баримт байдаг. Энэ мэт цахим үнэмлэхнийхээ зурганд сэтгэл дундуур иргэд бишгүй л байна. Гэхдээ иргэд зургаа солиулж болох ч сонгуулийн дараа л энэ асуудлыг нэг тийш нь шийдэх тухай яригдаад байгаа. Цаг үргэлж олны хөлд дарагддаг УБЕГ-т cap гаруйн дараа цахим үнэмлэхийн зураг солиулах иргэдийн урт дараалал үүсч мэдэх нь. Тэр хэрээр олон мянган хүн ажил алба, цаг хугацаа алдахаар барахгүй давхар мөнгө төлж хэтэвчээ дахин нимгэлэх биз ээ. Энэ бүхнээс илүүтэй нүүрсний үнэ өссөнөөс болж гэр хорооллын айлууд гал тасрахад хүрч, зутруухан байгаа аж. Хүүхдүүд нь гэртээ даарч хүмүүс хуванцар сав, муудаж ялзарсан гутал түлж агаар бохирдуулж эхэллээ. Ийм үед утаагүй зуух, түлш яриад ч нэмэр алга. Утаагүй зуух байтугай түлш нь тасраад нэлээдгүй хугацаа өнгөрснийг гэр хорооллын иргэд ярьж байна.

Өнөөдрийн байдлаар арван мянган төгрөгөөр тавхан тор нүүрс худалдан авч галтай золгож байгаа айлууд нийслэлд олон байна. Тэр таван тор нүүрсээ яаж ч хэмнээд хоёр өдөр хүрдэггүй гэж байсан. Дээр нь тор, шуудай нүүрсний үнэ нэмэгдэх хэрээр хэмжээ нь өдөр ирэх тутам багасч буйд хяналт тавьдаг байгууллага ч байдаггүй гэнэ. Нийслэлийн гэр хорооллын оршин суугчид одоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг л харж суух болжээ. Үүний хариуд О.Магнай гэр хорооллынхныг тойрсон түлээ нүүрсний эргэн тойронд юу хийж бужигнуулахыг харах л үлдлээ дээ…

Ч.ОРГИЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button