Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэнэ үү
Одооноос улстөрийн намын лидерүүд 2013 онд монгол төрийн толгойд залрах хүсэлдээ автаж ёстой л өдрөөр сэрүүн зүүдэлж, шөнөөр орноосоо босон харайж байгаа.
Хүний хүсэл шуналд хил хязгаар, ёс жудаг гэж байх биш дээ ямар. Төрийн тамга атгасан нэг нь хоёр дахь удаагаа тэврэхийг хүснэ, барих нь байтугай барааг нь ч хараагүй бусад нь одоо миний ээлж хэмээн шазуур зууж суугаа.
За тэр нь ч мань мэтэд хамаагүй. Харин сүүлийн үед ордны хов живээс илүүтэй содон сонин, басхүү сонирхол татахуйц нэгэн яриа өвсөнд тавьсан гал шиг шурхийж байгаа сурагтай.
МАН-ын толгой улстөрчдийн насны наран хэвийж, омголон залуухан дарга нар нь сураг алдарсан эгзэгтэй үед ард олонд хүлээн зөвшөөрөгдсөн, шинэ лидер тодруулах кампанит ажил алгуурхан явагдаж байгаа гэнэ.
Одоогоор энэ яриа МАН-ын жирийн гишүүд, дэмжигчдийн дунд яригдаж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа ажээ. МАН-ын олонх болсон жирийн гишүүд, гудамжинд жагсаж байгаа дэмжигчид сүүлийн өдрүүдэд Манай намд өнөөдрийн байдлаар ард олны хүчтэй дэмжлэг авах шалгарсан удирдагч алга. Маргааш Ерөнхийлөгчийн сонгууль болбол МАН ялагдах нь тодорхой байна. Иймд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд одооноос Б.Бат-Эрдэнэ аваргын нэрийг дэвшүүлж, хүчтэй дэмжих хэрэгтэй. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн далай, даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ шиг ард түмний дэмжлэгийг богино хугацаанд олж авах хүчтэй нэр дэвшигч өөр олдохгүй гэх яриаг дэмжигчид ч олширч байгаа сурагтай. Түүнийг анх УИХ-д нэр дэвшихэд тоон дотор үсэг цохиж явна гээд л онигоо шиг юм гарч байсансан.
Бусад намын хувьд байдал үндсэндээ тодорхой байгаа. Харин хүчирхэг өрсөлдөгч нарын өмнөөс МАН-ын жирийн гишүүд дэмжигчдийн шинээр гаргаж ирсэн энэ хувилбарыг тун ч өөдрөгөөр хүлээж авч буй намын лидерүүд ч байгаа гэлцэнэ.
Хоёр ч парламент дамжин ажиллаж, хөл байтугай хэлд хэзээний орсон Б.Бат-Эрдэнэ аварга монголчуудын хувьд хамгийн халуун сэдэв болсон Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ёстой л аваргын зангарагтай чангахан дуугарч яваа нь төрийн наадамд 12 түрүүлж явсан үеийнх шиг нь нэр хүндийг нь суга өсгөөд байгаа.
Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжигчид Улсын Ерөнхийлөгч заавал хуульч юм уу эдийн засагч байх албагүй. Харвард-ыг төгссөн нь л Ерөнхийлөгч болох албагүй. Бөх хүн бүдүүн тойм гэдэг бол ёстой завхарсан яриа. Харин ч Б.Бат-Эрдэнэ аварга шиг эх оронч, ард түмэндээ хүндлэгдсэн хүн хамгийн сайн Ерөнхийлөгч болох нь дамжиггүй гэлцэж байгаа ажээ.
Нээрээ бие хаа сайтай дархан аварга маань төрийн тэргүүн болчихоод туг сүлднээсээ адис аваад зогсож байвал болохгүй ч гэх газаргүй л дээ. За яадаг ч байсан хэдхэн сарын дараа чи би дээ хүрэлцэж, эрлийз хурлийзаараа дуудалцсаар Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг сонгохоор эх захгүй бужигналдах нь л үнэн юмдаг. Хээгүй гүдэсхэн Б.Бат-Эрдэнэ манлайгаа тэргүүндээ залах уу Харвард-ын боловсролтонд тамга түших боломж дахин олгох уу гэдэг нь одоохондоо оньсого төдийхөн л байх шив дээ. Дөрөвхөн жил болоод л улс даяараа хөл толгой нь мэдэгдэхгүй бужигналдаж байхаар арай нэг боломжийн, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ ажилладаг парламент, Ерөнхийлөгчийг 10 жилээр нь ч болтугай сонгож болдоггүй л юм байх даа.
Байз хө, зурагтаар Б.Бат-Эрдэнэ аварга гарч байна. Гартаа микрофон барьжээ. Бодвол Оюу толгойг л оролдож суугаа байлгүй дээ. Оюу толгойн гэрээнээс шүүс гарч байна уу, аварга минь.