Ил захидал
Өвөрхангай бол Монгол эх орны голомт, монгол төрийн зүтгэлтнүүдийн өлгий нутаг. Монгол Улсад төдийгүй дэлхийд нэр хүндтэй олон алдартнуудыг төрүүлсэн энэ сайхан нутгийнхаа нэрийг уугуул, суугуул хэн ч байсан өндөрт өргөж явахыг эрхэмлэх учиртай.
Гэтэл УИХ-ын ээлжит сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нутгийн нэрийг гутааж, зон олныхоо чихийг халууцуулж байгаад харамсаж байна. Монгол төрийн тасралтгүй байх залгамж чанарыг манай нутгийн хүүхдүүд алдагдуулж, төрийн ажлыг гацаасан нь бидний хувьд байж боломгүй хэрэг юм.
Өвөрхангайчууд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хуулийг уландаа гишгэсэн зөрчил, сонгогчдоо басамжлан доромжилсон үйлдэл, ямар ч аргаар хамаагүй их хурлын гишүүн болох гэсэн санаархлыг эрс буруушааж байна.
С.Чинзориг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд байхдаа Зөөлөн эх-ийн гэх тодотголтой хэрэгт орооцолдож, нэг гэр бүлийн голомтыг сүйрүүлэхэд нутгийн зон олон чинь айж ичиж байлаа.
Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн ахмад дайчдын нэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын өндөр настан Д.Дашдорж гуайд төрөөс өгсөн байрыг хувьдаа залилахыг завдаж, жил гаруй эзэмшиж, нууцаар хоноглодог байсныг хөршүүд нь гэрчилснийг сонсоод нүүрээ улалзуулаад өнгөрсөн.
Зуучлах товчооны захирал, нутаг нэгт Долгорын Сүхбаатарын Солонгос Улсад ажиллах хүч зуучилж гаргадаг бизнесийг булааж авахын тулд тухайн үеийн НХХ-ийн сайд асан Л.Одончимэд, хууль хяналтын байгууллагатай хамтарч амь насанд нь хүрсэн жигшүүрт хэргээс чинь бид ичиж байна.
Н.Төмөрхүү Өвөрхангайчууд төдийгүй Монголчуудын бахархал болсон Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг босгох тендерт ялчихаад нэг тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтыг 800 саяар хийж, дундаас нь 200 сая төгрөг зувчуулахад бид ичиж байлаа.
Монгол хүний үнэ цэнийг дорд үзэж хятадуудыг вагон вагоноор нь зөөж авчран ажиллуулахад, барилга дээрээс нь байсгээд л хүн унаж эрүүл мэнд, амь насаараа хохироход үйлдвэрийн осол гэдгээр халхавчилж хэргийг замхруулан, эрдэнэт хүний амьдралаар тоглоход чинь санаа зовж, сэтгэл өвдөж байсан.
Төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрыг тендергүйгээр үнэгүй луйвардаж, тухайн үеийн МАХН-ын удирдлагуудтай хувааж идчихээд сонгуульд нэр дэвшихдээ ичихгүй түүгээрээ альбом хийж Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд хуулийг гууль болгож өөрийн болгосон газраараа гайхуулсанд өвөрхангайчууд нүүрээ улайлгаж явна.
Сонгогчдоо доромжилж, МУИС-ийг төгсөөгүй хэрнээ хуурамч диплом ашиглан нутгийнхнаа хуурч, төрөө залилчихаад Тиймээ би төгсөөгүй юм аа гэж хээвнэг хэлж байхыг чинь сонсоод харамсаж байлаа.
Сонгуулийн үеэр Арвайхээр сумын нэгдүгээр хороонд орших Хан Хөгшин дэлгүүрийн хашаанд 20 тоннын чингэлэг байрлуулж тэндээсээ их хэмжээний хар Чингис архи, хайрцагтай Чокопай, ууттай чихэр, Бинго ундааг бүх суманд тарааж, түүнд нь оролцсон 40 гаруй хүн эрүүгийн хэрэгт татагдсаныг хараад таныг жигшиж, нутгийн ах дүүсээ өрөвдсөн.
Оюутнуудыг мянга мянгаар нь сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, тэдэнд С.Баяр, Д.Лүндээжанцан нарын туслахаар дамжуулан мөнгө тарааж, насанд хүрээгүй хүүхдүүдийг анги ангиар нь сурталчилгаандаа оролцуулж хууль зөрчсөнийг нотлох дүрс бичлэг, бусад баримтыг үзээд дургүйцэж байлаа.
Мөнгө, архи тарааж, хууль зөрчиж, хуулийг гууль болгох буруу жишгийг Монгол Улсын голомт нутгаас эхлүүлээд баригдаж баларч байгааг чинь хараад жигшиж байна.
Хууль зөрчсөн, сонгогчдоо басамжилсан, санал худалдан авахыг санаархсан бүх гэмт үйлдэл чинь өнөөдөр нэгэнт шүүхээр нотлогдож, Сонгуулийн төв байгууллага эцсийн шийдвэрээ гаргачихлаа. Гэтэл төрийн ажлыг гацааж, улстөрийн бойкот хийж , ямар ч аргаар хамаагүй гишүүн болохоор улайран зүтгэж байгаад чинь өвөрхангайчууд харамсаж байна. Тиймээс энэ бүх ичгүүр сонжуургүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна.
Өвөрхангай аймгийн иргэд