Явдаггүй яст мэлхийний үлгэр
томчуудын толгойноос л гардаг тоглоомын санааны нэг гэцгээж байна. Анх Засгийн газрынхан шинэ оны босгон дээр Иргэдээ зургаан хувийн хүүтэй орон сууцаар хангах боломжтой боллоо гэж хоосон амлаж баахан рекламдсан. Төсвийн мөнгийг үрэн таран хийсэн рекламынх нь үр дүн гарах нь битгий хэл орох оронтой болъё гэж хөөцөлдсөн иргэдийн цаг завыг үрсэн ажлын нэг болоод байгаа. Өөрөөр хэлбэл бага дунд орлоготой иргэд битгий хэр баргийн хүн энэ хөтөлбөрт хамрагдаж чадахгүй.
Банкнаас тавьсан шалгуураар бол орон сууц барьцаалах чадвартай нэг нь л энэ хөтөлбөрт хамрагдана. Бусад иргэд бол Цаасаа бариад цаашаа бай гэсэн үг сонсоод банкны хаалгаар гарах болоод байна. Байргүй өрхөд л олгогдоно гэсэн энэ хөтөлбөр нь явж явж байр барьцаалж чадах байртай хүнд хамаатай болж байгаа. Гэтэл яаж ч бодсон орон сууцгүй хун л орох оронтой болъё гэж хүн царайчилж яваа шүү дээ. Засгийн газраас орон сууцны нэг м/кв-ын зах зээлийн үнийг 1.1 саяар тогтоосон. Том толгойтой барилгын компаниуд нь түмэн шалтаг тоочоод үнээ нэмчихдэг. Дээрээс н осол гаргаж хүний амь хохироосоор л байна. Одоо бол орон сууцны нэг м/кв-ын зах зээлийн хамгийн бага үнэ 1.2 сая. Хамгийн өндөр нь 2.2 сая. Ингээд бодохоор нэг иргэн дунджаар 50-90 сая төгрөгөөр байр авна. Авсан тэр байрныхаа үнийг насаараа төлнө. За яахав бусад орны иргэд төлөөд байж болдог юм.
Монголчууд яагаад төлж болохгүй гэсээр хөөцөлдөхөд бөөн саад чирэгдэлтэй учирна. Чирэгдлээ даваад байраа авлаа гэхэд чанар нь ямар байх эсэх нь эргэлзээтэй. Өмнө нь баригдсан барилгууд дотор улсын комисс хүлээж аваагүй байр бий. Энэ байранд урьдчилгаа мөнгөө өгсөн. Бүр төлж дуусаад орсон нь ч байгаа. Байрандаа л орсон боллоо гэсэн шиг барилгын компаниуд иргэдийн зовлонг тоохгүй. Иргэдэд зовлон тарих шалтгаан нь барьсан барилга нь чанарын шаардлага хангахгүй. Худалдаж авсан иргэн нь заръя гэхээр улсын комисс хүлээж аваагүй гээд худалдаж авах хүн олдохгүй. Ингээд арга буюу ус гоожсон, чийг үнэртэн тааз нь ховхорсон байрандаа амьдарна даа. Усны суваг даган баригдсан суулт өгсөн шинэ барилгууд олон. Тэр барилгууд нь болоо ч үгүй барилгын томоохон компаниудынх байхыг нь яана.
Туул голын хөвөө дагасан бүх барилгууд орно гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийн хяналтынхан нь сануулаад ч тоодоггүй юм байх. Тиймээс л хорьдугаар зуун гараад байхад Монгол түмэн утаатай зуух, бор гэрээсээ салаагүй л байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд хүүхдээ 18 нас хүрсэн л бол Одоо тусдаа гарааД өөрийгөө аваад яв гэж амьдралд сургадаг. Эрхбиш эрх зүйн орчин нь бүрдсэн юм гэсэндээ залуус нь байр, машинаа зээлээр аваад ажил хийгээд төлчихдөг улс. Харин Монгол Улсын хувьд бол энэ ёстой хэзээ н биелэгдэхгүй үлгэр. Зориг гаргаад тусдаа гарсан ч гэсэн авдаг цалин нь хаанаа ч хүрэхгүй арай гэж амьдардаг. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдээд дунджаар 600 мянга болсон гэдэг нь ёстой худлаа. 360-400 л байгаа. Энэ нь хувийн байгууллагын 500 мянгыг авдаг цэвэрлэгчийнхээс бага. Гэтэл орон сууцны зээлд хамрагдах иргэний өрхийн орлого 700 мянга, зээлгүй байх ёстой гэдэг. Иргэд нь ямар мөнгөөрөө байр авч, ямар мөнгөөрөө өмсөж зүүх юм, ёстой бүү мэд. Бор нар, шар хоногийг арай гэж өнгөрөөж байгаа ард түмнээ төр яаж даапаалж байгаа юм бүү мэд. Банкныхан нь Эрсдэлээ бид үүрнэ.
Өндөр шалгуур тавихаас арга алга гээд гэдийгээд суучихна. Иргэд нь их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр юм байна гэлцсэн ч яс горьдсон нохой адил эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авах гэж дугаарлан хэдэн дүүрэг дамнан тэнэж баахан бичиг цаас болсны эцэст Энэ ч ёстой бүтэхгүй юм байна. Хайран цаг нар гэсээр гэр лүүгээ гэлдэрдэг болсон. Дайран дээрээс давс хужир нэмэр гэгчээр банканд байрших ёстой 30 тэрбум төгрөг нь алга болж байнд ч үгүй банзанд ч үгүй боллоо хөөрхий. Сонгуулийн үеэр ард түмний нэг хэсэг нь МАН ялах юм бол 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд 200 мянган айлынх болгоно гэсэн. Юмыг яаж мэдэх вэ байртай болж юуны магад гэсээр саналаа өгсөн. Гэсэн ч харамсалтай нь АН ялчихлаа гэцгээсэн.
Гэхдээ хамгийн анх 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг АН санаачилж хэрэгжүүлэх гэж зүтгэсэн. Одоо хүсээд байсан төрийн эрхэндээ гарсан юм чинь ажил урагшлах байх гэж горьдох. Хамтарсан Засгийн үед Женко гэх тодотголтой улс төрийн хатуу самруудын нэг Х.Баттулгыг Барилга, хот байгуулалтын сайдаар тавьсан ч олигтой ахиц гараагүй. Ахиц гараагүйн шалтгааныг Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж тэргүүтэй хэсэг нөхдийн гэдийлтээс болсон гээд л өнгөрсөн. Одоо харин яаж ажилладгийг ядуу ард түмэндээ харуулж, орох оронтой болгох цаг нь болсон. Бүр арга барахад залуу гэр бүлүүдэд зориулсан халуун хүйтэн усыг нь шийдсэн нэг жижиг өрөөтэй байрууд бариад өгсөн ч яадаг юм. Сэтгэл байгаад залуустаа иргэддээ тусалъя гэвэл эхний ээлжинд байрыг нь бариад орох оронтой болгочихвол болох нь тэр дээ төр засаг минь. Мөнгөтэй хөрөнгөтэй бэлтэй хүмүүс нь байр худалдаж авч өрөө болгоноор нь түрээслээд өврөө түнтийлгэж хэдэн жилийн дараа өөрийн болгож суух.
Банкныхны тавьдаг шалгуураар бол бэлтэй энэ хүмүүс л 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэдэн байрыг авах болж таарч байх шиг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж төсвийн мөнгө үрсэн их том газрууд байгуулагдсан. Бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах зорилготой Орон сууц санхүүжилтийн корпораци сайн ажиллахгүй л байх шиг. Үйлдвэрчний эвлэл ч хяналт тавиад хамтран ажиллана гэсэн хаана яваа юм бүү мэд. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш дөнгөж 370 иргэнд орон сууц олгосон. Цаана нь 3000 орчим хүний өргөдөл хүлээгдэж байгаа. Бусад нь банкны шалгуурыг хангахгүйгээ мэдээд цаг заваа хэмнэн цаашаа хөөцөлдөхгүй байгаа даг. Яаж ч бодсон Ингээд байвал явахгүй шүү гэдэг яст мэлхийний үлгэр шиг явцгүй чигээрээ л байх нь.
А.Галбадрах