АН-ын Ш.Адьшаа барилгын ажлаа эхлүүллээ, Э.Бат-Үүл дарга аа
бүх барилгын цахилгааныг тасла гэсэн үүргийг ч өгсөн. Хэл амтайхан энэ хатуухан шийдвэрийг хэрэгжүүлэх нь хэцүү байх нь ойлгомжтой. Гэсэн ч зөвшөөрөлгүй баригдаж буй компаниуд барилгын ажлаа үргэлжлүүлэх эрх байхгүй юм.
Гэтэл зарим нэг эрх мэдэлтнүүд хууль хяналт, хотын даргын нүдийг хариулж барилгын ажлаа үргэлжлүүлэн хийж эхэллээ. Тухайлбал барилгын ажлаа үргэлжлүүлэх эрхээ хасуулаад байсан 80 барилгын жагсаалтад орсон Ховд аймгийн хөгжлийн төлөө сан-гийн тэргүүн Ш.Адьшаагийн захиалгаар бариулж буй эмнэлгийн барилгын ажил хоёр хоногийн өмнөөс хийгдэж эхлээд байна.
Тодруулбал энэхүү барилга нь Баянгол дүүргийн 11-р хороо, Ерөнхий боловсролын 28-р дунд сургуулийн зүүн талд орших эмнэлгийн зориулалтаар барьж буй барилга юм. Барилгын үйл ажиллагаагаа цуцлах 80 барилгын 56 дугаарт энэхүү барилга оржээ. Гэсэн ч барилгын ажлыг гүйцэтгэгч компани болох Бүрд констракшн барилгын дулаалгын хөөсөө тавих ажлыг хийж эхлээд байна.
Барилгын ажлаа эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг энэ оны долдугаар сарын 24-нөөс он дуустал хүчинтэй байхаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч олгосон байх юм. Гэвч Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гарган энэхүү барилгыг барих, үргэлжлүүлэх эрхийг нь цуцалсан байтал ямар учраас барилга аа барьж эхэлсэн нь тодорхой бус байна.
Барилгын ажлаа үргэлжлүүлэхийг зогсоосон атал хэн зөвшөөрөл олгож барилгын ажлаа үргэлжлүүлэн хийх болсныг гүйцэтгэгч компанийн ажилчдаас нь тодруулахад Зөвшөөрөлтэй. Захиалагч болох Адьшаагаас өөрөөс нь асуу гэсэн хариултыг өглөө.
АН-ын гишүүн, Ховд аймгийн хөгжлийн төлөө сан-гийн тэргүүн Ш.Адьшаагаас өөрөөс нь тодруулахаар 9910-тай дугаар луу нь хэдэнтээ залгасан ч тэрээр утсаа авсангүй. Хотын захирагч барилгын ажлаа үргэлжлүүлэхийг нь зогсоосон атал Ш.Адьшаа даргын барилга хэвийн үйл ажиллагаагаа явуулж буйд, Э.Бат-Үүл даргын захирамжид эргэлзээ төрөх болж байна.
УИХ-ын 2012 оны сонгуульд Ховд аймагт бие даан нэр дэвшиж өндөр санал авсан ч өвдөг шороодсон тэрээр хэдхэн хоногийн өмнө АН-ын гишүүнээр элссэн. Засгийн эрхийг барьж буй АН-д элссэн цаад шалтгаан нь түүний барилгын ажилтай холбоотой байсан юм биш биз. Гаалийн байгууллагад ажиллаж байхдаа авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож явсан мань эрд сурсан зан нь дийлж асуудлыг өөрийнхөөрөө шийдэв үү гэх хар ч төрөөд явчихлаа.
80 барилгын ажлыг нь зогсоосон, тогыг нь тасаллаа гэж хэвлэлээр шоудаж байсан том ажлын чинь гууль нь цухуйх нь хотын дарга аа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн засаг дарга нар хууль зөрчсөн, төрийн шийдвэрийг уландаа гишгэсэн энэ үйлдлийг анхааралдаа авна уу. Муу амлаж байгаа юм биш, зөвшөөрөлгүй, хяналтгүй барилгын ажил дахиад хүний амь, эрүүл мэндэд хохирол учруулж мэдэхийг хэн мэдлээ.
Т.АМУР