Орон нутгийн сонгуулийн ирц санаа зовоож байна
сонгууль болохоороо онцлог. Цаг хугацааны хувьд давчуугаас гадна ид жавар тачигнах цагаар болох тул ирц бүрдэхгүй байх магадлалтай. Өчигдөр СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын хангалт, шинэ хуулийг сурталчлах ажил ямар шатанд байгаа болон цаашид юунд анхаарах шаардлагатай талаар аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороодын дарга нарт сургалт зохион байгууллаа. Сургалтад аймаг сум дүүргийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нараас гадна орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг ахалсан Р.Бурмаа, Р.Гончигдорж нарын гишүүд оролцсон юм.
Сургалтад оролцогчдын зүгээс орон нутгийн сонгуулийн хуульд оролгүй орхигдсон, орон нутагт зөрчил үүсгэсэн зарим зүйл заалтын талаар тайлбар хүсч байв. Үүнд, сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүсийн санал өгөх асуудлыг орхигдуулсныг хүний сонгох эрхийг хязгаарлаж байгаа хэрэг хэмээв. Мөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хэсгийн хорооны төлөөлөгч Хатгал тосгоноос нэр дэвшигчгүй боллоо. Учир нь хуульд нь тосгоны иргэд сонгуульд хэрхэн оролцох, хэдэн хүн нэр дэвших талаар тодорхой заалт ороогүйгээс ийм нөхцөл байдал үүсээд байна гэсэн юм. Үүнд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд энэ хууль ижил үйлчлэх ёстой. Танай тосгон баг гэж явдаг. Тийм бол хуульдаа л захирагд гэсэн хариултыг өгч байв. Мөн Ховд аймагт нэр дэвшээд байсан хүнийг нь цэрэгт татсан аж.
Шинэ сонгуулийн хуульд байгаа энэ мэт алдаа дутагдлаас болж Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад хүндрэл үүсч байгаа гэнэ. СЕХ-ны өгсөн мэдээллээр нийт зургаан нам, нэг эвсэл орон нутгийн сонгуульд оролцохоор бүртгүүлэн, батламжаа аваад байгаа аж. Улсын хэмжээнд 1 сая 825 мянга 586 сонгогчийн нэрсийн жагсаалт гараад байгаа ба 2010 хэсгийн хороо ажиллахаар болжээ. Түүнчлэн 1710 төрлийн саналын хуудас хэвлүүлэхээр загвар маягт нь гарсан байна. Нийслэлийн хувьд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ИТХ-ын сонгуультай хамт ИТХ-ын дахин сонгууль болохоор бэлтгэл ажлаа хангаад байгаа ажээ.
Сургалтын үеэр аймаг сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хорооны дарга нартай уулзаж зарим зүйлийг тодруулав.
МАЛЧДЫН ӨВӨЛЖӨӨНД ОЙРХОН ТОЙРГИЙН ХОРОО БАЙГУУЛАХААР ЯРЬЖ БАЙНА
Баянхонгор аймаг Д.ЮНДЭНБАЗАР
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг сурталчлах ажил танай аймагт хэр явагдаж байна?
-Хууль цаг хугацааны хувьд жаахан давчуу батлагдсан. Гэхдээ сонгуулийн хороогоор дамжуулан мэдээллийг хүргэж байна. Манай аймгийн хангайн сумдад цас их орсон байгаа. Говийн сумдаар орсон цас хайлж байна. Сонгууль болох хүртэл цаг агаар нэмж хүйтэрч магадгүй.
-Сонгуульд иргэдийг идэвхитэй оролцох талаар ямар ажил хийж байна вэ?
-Энэ үнэхээр санаа зовоосон асуудал. Нэгэнт хууль нь батлагдаад гарчихсан болохоор ирц бүрдүүлэхийн төлөө ажиллана. Заавал багийн төв дээр гэлтгүй малчдын өвөлжөө бууцанд нь ойрхон газруудад хороогоо товлох зэрэг гарц хайж байгаа.
ИРГЭДЭЭ СОНГУУЛЬД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙГАА
Дорнод аймаг Г.БАТ-ӨЛЗИЙ
-Дорнод аймгаас хэчнээн нам эвсэл орон нутгийн сонгуульд оролцох вэ?
-Манай аймаг МАН, Ардчилсан нам, ИЗНН гэсэн гурван нам сонгуульд оролцоно. Аймгийн хэмжээнд 42 бие даагч нэрээ дэвшүүлээд байгаа.
-Орон нутгийн сонгууль цаг хугацааны хувьд оройтсоноос болж сонгогчдын ирц бүрдэхгүй байх вий гэсэн болгоомжлол бий. Танай аймгийн хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Энэ асуудал аймаг бүрт тулгарч байгаа байх. Малчид өвөлжөөндөө буучихсан, цаг агаарын хувьд хүнд байж магадгүй. Бидний зүгээс ирц бүрдүүлэх тал дээр аймаг, сум, багийн дарга нарт байнга сануулж байна. Иргэдээ сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байгаа.
Ч.Батмаа