Ч.Содномцэрэн Арын хаалгаар гарч зугтсан юм биш, гараашаараа ороод машиндаа суусан

-Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-СЕХ-ны өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар орон нутгийн сонгуулиар шаардагдах зүйл, заавар журмыг баталсан. Бэлтгэл ажил хуулийн хугацаанд, төлөвлөгөөнд заасан хуваарийн дагуу хоцрогдолгүй, элдэв саатал бэрхшээлгүй явагдаж байна. Өнөөдөр аймаг, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулж аймаг, сум дүүргийн Сонгуулийн хороодын семинарыг СЕХ зохион байгуулж хийж байна. Нийт аймаг, дүүргээс хорооны дарга, нарийн бичгийн дарга нар ирлээ. Энэ семинараар аймаг, сум дүүргийн сонгуулийн тухай ажлын хэсгийн гишүүдээс оролцож, мэдээлэл хийлээ.

Сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулаад СЕХ-ноос заавар, зөвлөмж, загвар маягтуудыг хэлэлцэж баталсан. Үүнийгээ ном товхимол болгон хэвлүүллээ. Заавар, зөвлөмж, загвар маягтуудаа хороо болон нарийн бичгийн дарга нарт тайлбарлаж байна. Сонгуулийг хэрхэн зохион байгуулах,УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад гарч байсан бэрхшээл, дутагдалтай асуудлаар ярилцаж, дахин давтахгүй байх талаар хэлэлцлээ.

-Орон нутгийн сонгуульд хэчнээн нам эвсэл оролцох хүсэлтээ ирүүлээд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар СЕХ дээр ирсэн мэдээллээр зургаан нам, хоёр эвсэл энэ удаагийн аймаг, сум, дүүргийн сонгуульд оролцохоор бүртгүүлж, батламжаа аваад байна. Нийтдээ нэг сая 825 мянга 586 сонгогч оролцохоор сонгогчдын нэрийн жагсаалт гараад байна.

-Сонгуулийн хэсгийн хувьд УИХ-аас олон байгаа байх. Саналын хуудас ялгаатай юу?

– 2010 хэсэг байгуулагдаад байна. УИХ-ын сонгуулиар 1905 хэсэг байгуулагдаж байсан. Тиймээс хэсгийн тоо УИХ-аас олон болсон.

Саналын хуудасны төрөл ч олон болсон. УИХ-ын сонгуулиар 26 төрлийн саналын хуудас хэвлэгдэж байсан. Одоо 1700 гаруй төрлийн саналын хуудас хэвлүүлэхээр загвар маягтыг гаргаад байна. Саналын хуудасны загварыг манай мэдээлэл технологийн төв, ажлын албаныхан ажиллаад өнгөрсөн ням гаригт гаргаж дууслаа. Жишээлбэл, нэг дүүрэгт нэг л төрлийн саналын хуудас ашиглана. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргээр жишээлэхэд дөрвөн нам нэр дэвшсэн байна. Аль нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа тэмдэглэгээгээ сонгогчид хийнэ. УИХ-ын сонгуулийн саналын хуудастай загварын хувьд адилхан. Бас товчхон. Энэ саналын хуудас хоёр хэсэгтэй байна. Тойрогт нэр дэвшигч болон нам эвслийн төлөө саналаа өгөх юм. Харин аймгуудынх хоёр хэсэгтэй байна Тухайлбал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Бигэр сумын тавдугаар багийн Хүрэмт багийнх гээд аймгийн ИТХ-д нэр дэвшигч, доод талд нь сумынхыг дугуйлна. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн саналын хуудас УИХ-ын сонгуулийнхтай харьцуулахад нэр дэвшигчид нь цөөхөн, намууд нь ч цөөхөн. Энэ загвар дээр бичигдсэн нэрүүдийг бид энэ долоо хоногт нягтлан шалгаад хэвлэх үйлдвэрт шилжүүлнэ.

-Нийслэлийн зарим дүүрэгт УИХ-ын дахин санал хураалт явагдах учир саналын хуудас нэмэгдэх үү?

-Нийслэлийн тухайд хоёр төрлийн санал гарна. Нэг нь зөвхөн дүүрэгт нэр дэвшигчийнх. Харин Сонгинохайрхан, Баянзүрх дээр хоёр хэсэгтэй саналын хуудас байна. УИХ-ын хоёр мандат дээр энэ хоёр дүүрэгт дахин санал хураалт явагдаж байгаа учраас тэр.

-Дүүргүүдэд УИХ-ын сонгуулиар дахин санал хураалт явуулахад Орон нутгийн сонгуультай зөрчилдөх зүйл бий юу?

-Цаг хугацааны тухайд зөрүүтэй зүйл байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд 20 цагт, аймаг, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулинд 22 цагт санал хураалт дуусахаар байгаа. Цаг хугацааны энэ зөрүүг УИХ арилгаж өгнө гэсэн. УИХ дээр хуулийн төсөл боловсруулаад явж байгаа юм билээ.

-Орон нутгийн сонгуулийг явуулахад цагийн тухайд ирц хангалттай хүрэлцэх үү?

-Хавар УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байхад 22 цагт дуусдаг санал хураалтыг 20 цаг болгосноор ирц бүрдэхгүй гэсэн мессеж их тарсан байсан. УИХ-ын сонгуулиар ирц хангалттай бүрдсэн. Зарим аймагт ирц 70 гаруй хувьтай байсан. Улсын дунджаар сонгогчдын ирц 65 хувьтай гарсан. Бид ирцийг бүрдүүлэх, иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах талаар аймаг, сум дүүргийн хороодын дарга нартай ярьж байна. Бүхий л арга хэмжээг авна. Сурталчилгаагаа сайн хийнэ. Иргэдийг эрхээ эдлэх боломжоор хангана.

-Автомат санал тоологчид сонгогчид итгэхгүй байх шиг байна. Хэр баталгаатай байх бол?

-УИХ-ын сонгуулиар иргэдийн хэвлэл мэдээлэлд өгч байгаа ярилцлагыг харахад зарим хүмүүсийн хэлж байгаа шиг итгэл нь тэгтлээ ч буураагүй байна лээ.

-Өвөрхангай аймгийн асуудлаар иргэд жагсаал цуглаан хийж, танд шаардлага хүргүүлж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн тухайд маргаантай, шүүхээр явж байгаа асуудал байгаа. УИХ-ын сонгуулийн үеэр зургаадугаар сарын 24-нд С.Чинзориг, н.Төмөрхүү нар хууль зөрчиж байна гэсэн гомдол тойргийн хороонд очсон байдаг юм. Мөн сарын 25-ны өдөр тойргийн хороо хуралдаад 18 тоот тэмдэглэлээ гаргасан байдаг юм. Уг тэмдэглэлд Тойргийн хорооны гишүүд энэ асуудлыг авч хэлэлцээд зөрчил гаргасан нь тогтоогдож байна. Маргааш МАН-д хатуухан анхааруулга өгье, гэж шийдсэнээр энэ асуудлыг дуусгая. Тойргийн хорооны дарга Гончигдорж, нарийн бичгийн дарга Эрдэнэ гэсэн байдаг юм. Энэ дагуу маргааш нь МАН-д Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 18-д зааснаар сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулахыг хориглосон заалт, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3,1, Иргэний хуулийн 15 дугаар зүйлд зааснаар сонгуулийн сурталчилгаанд Булганай, Б.Сэргэлэн нарыг татан оролцуулж, УИХ-ын сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн нь нотлогдож байна гэсэн бичгийг явуулсан байдаг.

Сум дундын шүүхэд гаргасан тайлбартаа дээрх нотлогдсон бичгийг дурдаад тойргийн хорооны дарга, гишүүд нь гарын үсэг зурсан байдаг юм. Үүнийг есдүгээр сарын 14-д хүргүүлсэн байна лээ. Товчхондоо тойргийн хороо нь насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулсан байна гэдгийг нотолчихсон байгаа юм. Тэгээд шүүхэд тайлбараа хүргүүлсэн. Шүүх асуудлыг гурван удаа хэлэлцээд, хоёр захирамж, нэг тогтоол гаргасан байдаг юм. Энэ захирамж дээр хууль зөрчиж, сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулсныг баталсан байдаг. Есдүгээр сарын 27, 10 дугаар сарын гуравны өдрийн 435 тоот, аравдугаар сарын 10-ны өдрийн шүүхийн тогтоолууд юм. Тойргийн хороо нотлоод, шүүх нь баталчихаар СЕХ үүнийг авч хэлэлцээд тойргийн хорооны сонгуулийн дүнгийн тухай тогтоол болох Чинзориг, Төмөрхүү нарын саналыг хүчингүй болгосон.

Ямар үндэслэлээр хүчингүй болгосон бэ гэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлээр доод шатны сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг Дээд шатны сонгуулийн хороо хүчингүй болгох эрхтэй гэсэн заалтыг үндэслэсэн. Яагаад гэвэл сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулахыг хориглосон заалтыг зөрчсөн. Хэрвээ хүүхэд татан оролцуулсан бол дээрх заалтыг зөрчсөн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэсэн хуулийн заалттай холбоотой. Үүнийг хасалгүйгээр сонгуулийн сурталчилгааг нь дуусгаад санал хураалтад оруулсан байсан. Хуулиараа нэр дэвшигчийг хасах ёстой байсан. Цаашлаад Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхдийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглоно гэж заасан байдаг юм.

-МАН-аас нэр дэвшигчдийн авсан саналыг хүртэл хүчингүй болгож байна уу? Өрсөлдөгчдөөсөө 10 шахам мянган сонгогчийн саналаар илт давуу байсан.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулинд илүү санал авбал, олон санал авбал хасахгүй гэсэн заалт байхгүй. Хуулинд хууль зөрчвөл нэр дэвшигчийг хасна гэж заасан. Хууль зөрчсөнийг нь тойргийн хороо нь тогтоосон шүү дээ. Хууль зөрчөөд, сэргээш хэрэглээд, олон оноогоор түрүүлсэн тамирчныг олимпийн аварга ч байна уу, дэлхийн аварга ч байна уу хамаагүй, медалийг нь хураадаг шүү дээ. Тамирчид ч гомдол гаргадаггүй биз дээ. Улс төрд нэгэнт хууль батлагдсан бол хэрэгжүүлэх л ёстой. Хэрвээ хэрэгжүүлэхгүй гэвэл хуулиндаа өөрчлөлт оруулаад хасахгүй торгоно ч гэдэг юм уу нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. УИХ-ын дарга ч хэлж байсан шүү дээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хууль хатуухан хууль гарсан. Манайхан мэдэхгүй явж байгаад ийм асуудалд орчихлоо гэж байсан шүү дээ. Дараа дараагийн хуулинд үүнийгээ зөөлрүүлнэ гэвэл өөрчлөх хэрэгтэй болох байх.

-Дахин сонгууль явуулах боломж байхгүй юу? Өвөрхангайчуудын олонхын саналаар сонгогдсон байна гээд байхад?

-Эцсийн шийд гараагүй гээд байгаа юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд Гомдол гаргавал 14 хоногийн дотор гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана. Энэ тогтоол нь эцсийн шийдвэр болно гэж заасан байдаг. Бид хуулиа л барьсан.

-Ямар тохиолдолд дахин сонгууль явуулах эрх үүсдэг вэ?

-Дахин сонгууль явуулах хуулийн заалт өөр байдаг юм. Тодруулбал, дахин сонгуулийг сонгогчдын ирц хүрээгүй нөхцөлд явуулна. Сонгогчдын ирц 50 хувьдаа хүрээгүй бол дахин сонгууль явуулдаг.

-Энэ шүүхийн тогтоол нь хаана гарсан бэ? Хан-Уул дүүргийнх үү?

-Өвөрхангай аймгийн шүүхийн шүүгчийн тогтоол. Хан-Уул дүүргийнх чинь нийслэлийн шүүх дээр очоод хүчингүй болсон шүү дээ. Харьяалал нь буруу байна гээд Өвөрхангай руу шилжүүлсэн.

-Тухайн хүүхдүүд нь сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй гэж мэдээлэл хийж байсан. Хүүхдүүд сонгуулийн сурталчилгаанд оролцсон нь юугаар нотлогдсон юм бэ?

-Үүнийг СЕХ тогтоохгүй. Тойргийн хороо тогтоодог. Нягталж, шалгаад тогтоосон байгаа.

-Сонгуулийн сурталчилгааны үеэр гомдол гарч, тойргийн хороо зургаадугаар сарын 25-нд албан бичиг хүргүүлсэн байна. Яагаад тэр үеэр нэр дэвшигчдийн нэрийг татаагүй санал хураалтад оруулсан юм бэ?

-Наад асуудал дээр чинь тойргийн хороо хариуцлагагүй хандсан байна лээ. Хуулиараа тойргийн хороо нэр дэвшигчдийг зөрчил гаргасан гэдгийг тогтоосон байна. Атал хуулин дээр нэр дэвшигчийн нэрийг нь хасна гэсэн тогтоол байхад нэрийн нь татаагүй байна. Тойргийн хороо зөрчлийг тогтоосон бичиг өгсөн мөртлөө нэр дэвшигчийг хасаагүй санал хураалтад оруулсан гэсэн үг.

-Энэ асуудлаар жагсаал цуглаан хийж СЕХ-ны шийдвэрт улс төр, тэр дундаа АН төлөөллөө, тантай уулзах гэхээр арын хаалгаараа зугтаалаа гэж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх бол?

-Сонгуулийн төв байгууллагын хуулинд Улс төрийн аливаа нам, түүний ажилтан СЕХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, саад хийхийг хориглоно гэсэн заалт байдаг.

-Арын хаалгаараа гарч зугтсан тухайд…?

-Арын хаалгаар гарч зугтсан юм байхгүй. Байшингууд чинь доороо гарааштай болчихсон шүү дээ. Шатаараа буугаад, гараашаараа машиндаа суугаад явчихдаг. Зарим орон сууцнууд ч бас доороо гарааштай байдаг болсон. Мэдэхгүй хүн байхгүй.

-Гэхдээ таныг гадаа олон хүмүүс, хэвлэлийнхэн хүлээж байсныг мэдсэн биз дээ?

-Хуулин дээрээ УИХ-д өргөн мэдүүлсний дараа нийтэд мэдээлдэг. Өргөн мэдүүлээгүй байж нийтэд мэдээлэх хууль байдаггүй.

-Хүүхдийг улс төрд оролцуулж болохгүй гэж дээр хэллээ. Тэгвэл УИХ-ын сонгуулийн үеэр БНН, Хамуг Монгол-хөдөлмөрийн намаас нэр дэвшигчид бяцхан хүүхэд тэврээд рекламаа хийчихсэн байсан шүү дээ. Яагаад энэ асуудлыг хэлэлцээгүй юм бэ?

-Өвөрхангайн асуудал шүүхээр тогтоогдсон. Хэрвээ хууль зөрчсөн асуудал байх юм бол шүүхэд гомдлоо гаргаад шүүхийн шийдвэр яаж гарахыг харна.

Н.Энхбат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button