Цогц арга хэмжээний үр дүнд автозамын түгжрэл 20 хувиар буурчээ

ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний нэгдсэн тайланг тус ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийг тодорхой заагдсан хэсгүүдэд нэгдүгээр эгнээгээр явуулах, автомашиныг улсын дугаарын сүүлчийн цифрээр ялган хөдөлгөөнд оролцуулах, томоохон худалдааны төв болон зарим их дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх, сургуулийн автобустай болох гэх мэт томоохон ажлуудыг санаачлан хийжээ.

Эдгээр ажлын үр дүнд, Нийтийн тээврийн хэрэгслийг автозамын нэгдүгээр эгнээгээр явуулсантай холбогдуулан Зүүн 4 замаас Саппорогийн тойрог хооронд хөдөлгөөнд зарцуулах хугацаа 10-15 минутаар буурч, хурд 4 км/цаг –аар нэмэгдсэн байна. Мөн нийтийн тээврээр зорчигчдын тоо 12,5 хувиар нэмэгдэж, өдөр тутам дунджаар нийт иргэдийн 75 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлсэн гэж ажлын хэсэг дүгнэжээ. Ерөнхий боловсролын 28 сургуулийн 2722 сурагчийг хүүхдийн автобусаар тээвэрлэснээр мөн тооны хувийн автомашинаар зорчих зорчилтыг буруулсан байна. Нийслэлийн нутгийн захиргааны 65 байгууллагын 1605 төрийн албан хаагчийн хувийн автомашины хэрэглээг зохицуулсан байна. Энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдрүүдэд 20 хувиар буурсан гэж ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр онцоллоо.

Харин цаашид Энхтайвны өргөн чөлөөний дагуу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явах зурвас хэсгийг 5 шараас Офицеруудын ордон хооронд болгож нэмэгдүүлэх, Улсын дугаарын хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэх, Төрийн албан байгууллагууд гаднах авто зогсоолын 80 хувийг иргэд, үйлчлүүлэгчдийн автомашин зогсох нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэх, Худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн шинэчилсэн цагийн хуваарийг мөрдүүлэх, зарим их, дээд сургуулийн эхлэх цагийн хуваарийг өөрчлөх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн орчимд хурд сааруулагч байрлуулах ажлыг үргэлжлүүлэх, Хууль зүйн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012-2016 онд хамтран ажиллах санамж бичигт замын хөдөлгөөнд хяналт тавих 120 цагдааг нэмж ажиллуулах талаар тусгах нь зүйтэй байна гэсэн саналтай байгаагаа хэллээ. Мөн хотын замын хөдөлгөөний ачааллыг багасгах автомашинаас гарах агаарын болон дуу чимээний бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгааг ч онцолсон. Ингэхдээ Амарсанаагийн гудамж, 11-р сургууль, Бөмбөгөрийн /хойноос урагш/ уулзварын зүүн эргэлтийг хязгаарлах, Хотын төвийн хэсгийн ачаалал ихтэй автобусны зогсоолуудын кармааг уртасгах, Нарантуул олон улсын худалдааны төвийн орчмын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах зэрэг ажлыг хийх нь үр дүнтэй гэж танилцууллаа.

Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, автомашины механик өсөлтийг бид бас тооцох хэрэгтэй. Жил ирэх тусам шинээр улсын дугаар авч хөдөлгөөнд оролцох авто машины тоо нэмэгдсээр байна. Тиймээс автомашины импорт дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Үйлдвэрлэсэн хугацаа нь 10 жилээс хэтэрсэн, буруу талдаа рультэй машиныг оруулахгүй байх тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэв. Нийслэлийн Засаг дарга, авто машины дугаарыг шинээр олгохдоо жолоочийн хаягийг тодорхой болгоё. Бид зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож чадахгүй явдал их байгаа. Тиймээс хаягжуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл илүү үр дүнтэй байхыг судлах нь зөв гэлээ. Удирдлагын зөвлөл, улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх тухай асуудлыг энэ сарын 25-нд НИТХ-ын ээлжит чуулганаар дахин хэлэлцүүлье. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээг илүү сайжруулах, парк шинэчлэлтийг нэмэгдүүлэх, хотын гурван эгнээтэй зам бүрийн нэгдүгээр эгнээг чөлөөлөн зөвхөн нийтийн тээврийн зорчих хэсэг болгох, хоёр эгнээтэй замд нэгдүгээр эгнээнд нийтийн тээвэр илүү давуу эрхтэй гэсэн тэмдэглэгээг хийх зэрэг арга хэмжээг нэмж хэлэлцүүлье гэдэг дээр санал нэгдлээ.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журмыг өөрчилнө

Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 161 дүгээр тогтоолыг үндэслэн, хотын бүтээн байгуулалт, эдийн засаг нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, хэрэглэгчдэд зөв сонголт хийх боломж олгох байдлыг хөхиүлэн дэмжих, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодын зах зээлд өөрсдийгөө сурталчлан таниулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж–ийг шалгаруулах ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2012 оны А/118 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн байна. Энэ тухай тухай мэдээллийг Ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа.

Тус ажлын хэсэг шалгаруулалтанд оролцохоор хүсэлт ирүүлсэн 16 аж ахуйн нэгжийн бичиг баримттай танилцах, газар дээр нь очиж үнэлгээ хийх ажлыг энэ сарын 10-18 хооронд хийсэн байна. Үнэлгээг өгөхдөө журамд заасан шалгуур үзүүлэлтүүдээс үйл ажиллагааны цар хүрээ , ажил үйлчилгээ нь нийтийн хүртээл болсон байдал, хотын эдийн засаг нийгмийн хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, хүн нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг илүүтэй анхааран харгалзан үзжээ.

Шалгаруулалтад оролцсон нийт аж ахуйн нэгжүүдэд Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн онооны дунджаар хамгийн өндөр оноо авсан Монгол глобал ХХК, Талх чихэр ХХК, Наран их дэлгүүр ХХК,М-Си-Эс Кока Кола ХХК-ийг нийслэлийн 2012 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулахаар саналыг дэвшүүлж байгааг тэрээр мэдээллээ. Шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулах журамд 5 хүртлэх аж ахуйн нэгжийг шалгаруулан, өргөмжлөл гардуулна гэж заасан байдаг. Тиймээс энэ жил бид дээрхи дөрвөн аж ахуйн нэгжийг нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр болон нийгмийн хариуцлагын ажлыг нь үнэлэн шалгаруулсан гэж Ерөнхий менежер Ч.Бат мэдээллээ.

Танилцуулгыг сонсоод Нийслэлийн Засаг дарга, шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журмыг шинэчлэн тогтоож, НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах нь зөв юм. Цаашид эдгээр аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахдаа салбар тус бүрээр нь ялган шалгаруулж, бүх аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломж олгох нь чухал. Тиймээс хамгийн сайн сургууль, хамгийн сайн дэлгүүр, хамгийн сайн үйлчилгээний газар гэх мэтээр шалгаруулж байвал, илүү үр дүнтэй, хүндэтгэлтэй шагнал болж чадах юм гэв. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах арга хэмжээний журмыг шинэчлэн өөрчлөх тухай асуудлыг боловсруулан НИТХ-аар хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button