Автозамын ачааллыг бууруулах арга хэмжээг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ

талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Наймдугаар сарын 10-нд Хөгжлийн банкны санхүүжилтээр 17 газар зам засварын ажил эхэлсэн. Зам засвартай холбоотойгоор автозамын ачаалал ихсэх, түгжрэл үүсэх, нийтийн тээврийн ачаалал нэмэгдэх зэрэг асуудлууд гарах болсон. Энэхүү ачааллыг бууруулахын тулд НИТХ-ын тогтоол гарч хоёр сарын аяныг зарласан билээ. Зүүн дөрвөн замаас Саппорогийн тойрог хүртэл нийтийн тээврийн том оврын автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчуулах ажлыг хэрэгжүүлээд хоёр сарын нүүрийг үзэх гэж байна. Харин нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн 403 автобус, тролейбус үйлчилж байсныг 583 болгож 44 хувиар нэмэгдүүлжээ.

Мөн Замын Цагдаагийн газрын 56 албан хаагч, Нийтийн тээврийн 18 ажилтан нэгдүгээр эгнээ болон том оврын автобусанд хяналт тавьж ажиллажээ. Зүүн дөрвөн замаас Саппорогийн тойрог хүртэл нийтийн тээврийн нэгдүгээр эгнээнд хяналт тавьж ажилласан бол 626 шон байрлуулсан нь үр дүнгээ өгсөн аж. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд нийтийн тээврээр зорчигчийн тоо 12,5 хувиар өсчээ. Нийтийн тээврийн автобус өмнө нь Зүүн дөрвөн замаас Саппорогийн тойрог хүртэлх 6,7 км замыг хамгийн багадаа 50 минут явдаг байсан бол нэгдүгээр эгнээгээр 32 минут явж байгаа үзүүлэлт гарсан байна. Хоёр сарын хугацаанд автозамын ачааллыг бууруулах арга хэмжээ иргэдэд таалагдаж байгааг онцолсон юм. Мөн эд материал, осол гэмтэл өмнөх онтой харьцуулахад буурсан судалгаа гарчээ.

Ажлын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг мөн л зохион байгуулсан. Энэ нь автозамын ачааллыг 30 хувь бууруулна гэж үзэж байгаа юм. Хүйтний улирал ойртож байгаа энэ үед энэхүү хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэд цөөнгүй байна. Учир нь иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж хүүхдүүдээ өглөө, оройн цагаар сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх асуудал хүндрэлтэй байгаа гэнэ. Улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг 7310 удаа зөрчсөн тохиолдол илэрчээ. Үүнээс 42 жолооч улсын дугаар сольж хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Одоогоор зургаан жолоочийн эрхийг нь хасч, 22 жолоочид мөнгөн торгууль тавьж, үлдсэнийг нь шалгаж байгаа аж. Мөн төрийн болон үйлчилгээний гаднах авто зогсоолд тухайн байгууллагын ажилчдын автомашин зогсоохгүй байх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ ажил төдийлөн сайн хэрэгжээгүй ч давхардсан тоогоор 1085 автомашиныг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулсан байна. Харин зөрчил илэрсэн 232 байгууллага, аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлжээ.

Одоогоор иргэддээ үйлчлэх түр зогсоолыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон зарим дүүргүүд байгуулаад байгаа юм. Мөн тус захирамжийн бас нэг арга хэмжээ нь сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар автобусаар тээвэрлэх ажил юм. Захирамжаар 17 сургууль автобусаар үйлчлэх байсан бол одоогийн байдлаар 28 болж нэмэгдсэн байна. Энэ ажил үр дүнтэй байгааг орлогч дарга Н.Гантөмөр онцолж байлаа.

Сургуулиуд сайн дураар автобусаа нэмж, зарим сургуулиуд хүүхдийн автобус түрээслэх саналтай байгаа аж. Одоогийн байдлаар 2782 сурагчдыг 82 автобусаар тээвэрлэж байгаа юм. Ингэснээр хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь багасах юм. Автозамын ачааллыг хамгийн ихээр нэмэгдүүлж байгаа гэж үзэн Нарантуул, Сандэй, Өгөөмөр, Хархорин зэрэг томоохон захуудын цагийн хувиарт хоёр ч удаа өөрчлөлт оруулсан. Эдгээр захууд цагийн хуваарийн дагуу ажиллахгүй байна гэсэн санал, гомдлын дагуу хяналт шалгалт хийсний үр дүнд 472 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулан, шийтгэвэр оногдуулсан байна. Цаашид энэ хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдах боломжтой гэж үзэж байгаа юм. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд автозамын ачаалал 20 хувиар буурсан гэсэн тооцоо, судалгаа гарчээ. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн уг арга хэмжээ хэдхэн хоноод дуусгавар болно. Тиймээс эдгээр асуудлыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг иргэдийн санал асуулгаар шийдвэрлэх юм.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ажлын хэсэг нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг Таван шараас Офицеруудын ордон хүртэл сунгах санал гаргалаа. Мөн улсын дугаарын ялгавартайгаар хөдөлгөөнд оролцуулахыг иргэдийн 80 хувь нь дэмжиж байгаа аж. Харин ШУТИС хамгийн олон оюутантай учир хичээлийн цагийн хуваарийг өглөө 0900 цагт эхлүүлэх саналыг гаргалаа. Автозамын хэт ачааллыг бууруулах цогц арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Ж.ГАНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button